Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Улсын баяр наадмын Үндэсний сурын харвааны төрөлд амжилттай оролцож, улсын цолын болзол хангасан харваачдад цол олголоо.
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭРЭГТЭЙ ХАРВААЧДААС:
-
40 сумаас 37 онож түрүүлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын харъяат, “Өлгийн мэргэчүүл” багийн харваач Нармандахын Алтансүхэд “Улсын мэргэн” цол,
-
40 сумаас 36 онож гуравдугаар байр эзэлсэн Архангай аймгийн Эрдэнэбулган сумын уугуул, “Бат-Ур мэргэн’’ үндэсний сурын холбооны харваач Дагвасүмбэрэлийн Эрдэнэхүүд “Улсын гоц харваач” цол,
-
40 сумаас 36 онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорнод аймгийн Хэрлэн сумын харъяат, “Баргудай мэргэн” багийн харваач”, Аймгийн мэргэн, спортын мастер Бадарчийн Лхагвадоржид “Улсын онч харваач” цол,
-
40 сумаас 36 онож тавдугаар байр эзэлсэн Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Очирваань” клубын харваач Жамъянсүрэнгийн Эрдэнэбилэгт “Улсын тод харваач” цол,
ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНД ЭМЭГТЭЙ ХАРВААЧДААС:
-
40 сумаас 38 онож түрүүлсэн Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын уугуул, “Их Монголын харвуул” харваачдын нэгдсэн холбооны харваач Бадам-Очирын Пунсалдуламд “Улсын даяар дуурсах мэргэн” цол,
-
40 сумаас 36 онож гуравдугаар байр эзэлсэн Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, “Соёмбо” спорт хорооны тамирчин Баярбатын Пүрэвсүрэнд “Улсын гоц харваач” цол,
-
40 сумаас 36 онож дөрөвдүгээр байр эзэлсэн Дорноговь аймгийн Сайншанд сумын харъяат, “Өнөд цэнгэлийн манлай” харваачдын холбооны харваач, Баянжаргалын Наадамд “Улсын онч харваач” цолыг тус тус олгов.
Энэ жилийн баяр наадамд 8-83 насны 686 харваач оролцож, цэц мэргэнээ сорилоо.
Сур харваачдын цол
-Улсын баяр нааадамд 1 удаа түрүүлбэл Монгол улсын мэргэн
-2 удаа түрүүлбэл Монгол улсын Даян мэргэн
- 3 удаа түрүүлбэл Монгол улсын Даяар дуурсах мэргэн
-4 удаа түрүүлбэл Монгол улсын Дархан мэргэн
-Халх харвааны төрөлд хамгийн олон буюу 6 удаа түрүүлсэн тамирчин бол дархан мэргэн Чойжинсүрэнгийн Мөнхцэцэг юм.
Сүүлд Баяр наадмын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр Улсын наадамд
-2 дугаар байр эзэлсэн харваач Гарамгай харваач цол,
-3 дугаар байр эзэлсэн харваач Гоц харваач,
-4 дүгээр байр эзэлсэн харваач Онч харваач,
-5 дугаар байр эзэлсэн харваач Тод харваач цолыг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар олгодог болсон.
Аймаг, сумын наадамд түрүүлсэн харваачид аймаг, сумын мэргэн цол олгодог байна.