Феминист гадаад бодлогын асуудлаарх Сайд нарын гуравдугаар бага хурал Мехико хотноо 2024 оны 7 дугаар сарын 1-3-ны өдрүүдэд “Маргаашийн сайн сайхны төлөөх шийдлүүд” хэмээх сэдвийн дор зохион байгуулагдаж байна.
Мексик Улсын ГХЯ, Мексикийн эмэгтэйчүүдийн үндэсний хүрээлэн, НҮБ-Эмэгтэйчүүд зэрэг байгууллагын хамтран зохион байгуулж буй энэхүү бага хуралд 40 гаруй улс болон НҮБ, бусад олон улсын байгууллага, иргэний нийгмийн 300 орчим төлөөлөгчид оролцож байна.
Бага хурлын хүрээнд феминист гадаад бодлогын олон улсын хувь нэмэр, хэтийн төлөвийн асуудлаарх өндөр түвшний уулзалт, тогтвортой хөгжил, хөгжлийн санхүүжилт, энх тайван, аюулгүй байдал, засаглал, шинжлэх ухаан, технологийн дэвшил, цахим хөгжил, ялгаварлан гадуурхалтыг эцэс болгох зэрэг асуудлаарх салбар хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж байна.
Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Батбаяр бага хурлын өндөр түвшний хуралдаанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийг чадавхжуулах хүрээнд хэрэгжүүлж буй үндэсний бодлого, үйл ажиллагаа, ололт амжилтыг танилцуулав. Түүнчлэн тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор 2024 оны 8 дугаар сард Улаанбаатар хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын талаар танилцуулж, өндөр түвшинд оролцохыг улс орнуудад уриаллаа.