“Бодонч” марафоныг “Elite runners” клубийнхэн наймдугаар сарын 15-нд зохион байгуулна. Марафонд оролцогчид ганцаарчилсан болон багийн төрөлд өрсөлдөх бөгөөд нэг баг долоон хүнтэй байх шаардлагатай аж. Бодончийн хавцал нь Ховд аймгийн Алтай сумын нутагт оршдог Монгол Улсын хамгийн урт хавцал юм. Иймд дээрх марафон нь тус хавцлын эх буюу Бага Улаандаваанаас гараанаас гарч хавцлын аманд орших Ховд аймгийн Алтай сумын төв хүртэлх 100 км зайд марафон гүйлт болох юм байна. 100 км-ийн турш нийт 1645 м уруу, 308 м өгсүүр замаар явах гэнэ. Тиймээс оролцогчид хувийн бэлтгэлээ сайтар хангах хэрэгтэйг зохион байгуулагчид онцоллоо. Түүнчлэн удирдамждаа багийн гишүүдийн насны дундаж 33-аас доошгүй, хүйсийн харьцаа эмэгтэй гурваас доошгүй, эрэгтэй дөрвөөс дээшгүй байхыг тусгажээ. “Бодонч” марафоны бүртгэл ирэх сарын 31-нийг дуустал үргэлжлэх юм.
Бэлтгэсэн: У.Сүрэн