Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор ерөнхий боловсролын сургуулиудын дунд “Мөрөөдлийн гоол” тэмцээн боллоо. Таван үе шаттай өрнөх тус тэмцээний IV шатны тоглолтод 16 хүртэлх насны хөвгүүдийн ангилалд Баянгол дүүргээс 28, охидынход Хан-Уул дүүргийн 26 дугаар сургуулийнхан тэргүүн байрт шалгарав. Дараагийн шатны олон улсын тэмцээн наймдугаар сарын 8-13 хүртэл үргэлжилнэ. Хөл бөмбөгтэй холбоотой өөр нэгэн мэдээ сонирхуулахад, Монголын хөл бөмбөгийн холбооноос жил бүр зохион байгуулдаг бага насныхны футзалын грассрүүтс УАШТ-д 36 багийн 597 тамирчин өрсөлдөж, аваргуудаа тодруулжээ. Энэ удаа тэмцээнийг нэг ч ялагдалгүй хошуучлан эсрэг багийн хаалганд хамгийн олон гоол оруулсан амжилтаар Ч.Төрболд дасгалжуулагчтай “Дэрэн” клубийнхэн алтан цом өргөсөн юм. Тэдэнтэй түрүү байрын төлөө өрсөлдсөн “Хангарьд”-ынхан удаалж, “Улаанбаатар”-ын хөвгүүд хүрэл медаль хүртсэн бол“BCH лионс”-ын тоглогчид тусгай байр эзэллээ.