Хурандаа Б.Дорждэрэм захирагчтай Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн барилгачин дайчид ашиглалтад оролгүй удсан Дархан-Уул аймгийн спорт цогцолборын ордныг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж, бэлэн болголоо.
Таван блок барилга, 2200 хүний суудалтай 2 спорт заал, 1 усан бассейн, чийрэгжүүлэлтийн танхимтай. Чөлөөт болон сонгомол барилдааны бэлтгэлийн заал, гаднаа автомашины зогсоолтой энэхүү спорт цогцолбороо Дарханчууд "Darkhan-United arena" хэмээн нэрлэхээр тогтсон бөгөөд нээлтийн үйл ажиллагааг энэ сарын 21-ний өдөр ёслол төгөлдөр зохион байгуулахаар төлөвлөжээ.
Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Дарханчууд бидний олон жил, сар хүлээсэн спортын ордонг богино хугацаанд гайхамшигтай урлан гүйцэтгэсэн Зэвсэгт хүчний 017 дугаар ангийнхандаа баярлалаа. БХЯ, ЗХЖШ, БИЦУГ-ынхандаа баярлалаа. Ингэж цаг наргүй хурдан шуурхай, хамгийн гол нь чанарын өндөр түвшинд цэргийнхэн та нар л гүйцэтгэж чадна" хэмээн цахим хуудаснаа талархал дэвшүүлсэн юм.