Баянзүрх дүүргийн XX хороо, Гачууртад байрлах “Талх чихэр” ХК-ийн зүүн бүсийн агуулахад уржигдар 05.38 цагт гал гарчээ. Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 35 дугаар ангийнхан ажилласан байна. Гал нэлээд тархсан тул Гал түймэр унтраах, аврах 10 болон 63 дугаар ангийн аврагчид нэмэлтээр очиж, тус компанийн 50х100 хэмжээтэй сэндвичээр барьсан агуулах шатаж байсныг шуурхай унтраасан байна. Азаар хүний амь эрсдээгүй бөгөөд гал үйлдвэр болон дэлгүүрийн барилга руу тархаагүй аж.
“Талх чихэр” ХК-ийн зүгээс “Зүүн бүсийн хэрэглэгчдэдээ шинэхэн талхаа өнөөдөр хүргэх боломжгүй болсонд хүлцэл өчье. Бид маргааш (өчигдөр)-аас өдөр тутмын үйл ажиллагаагаа яаралтай жигдрүүлж, бүтээгдэхүүнээ тасалдуулахгүй хүргэх болно” хэмээн мэдэгдсэн юм. Мөн дуудлага өгснөөс хойш гурван минутын хугацаанд амжиж ирсэн онцгой байдлын алба хаагчдад талархсанаа илэрхийлжээ. Алба хаагчид 06.30 цагт галын тархалтыг зогсоож, үүнээс нэг цагийн дараа бүрэн унтраасан байна.
Ташрамд дурдахад, Баянзүрх дүүргийн I хорооны нутагт барьж буй барилгын гадна их хэмжээний хог шатсан дуудлагыг өчигдөр 11.37 цагт онцгой байдлын газарт ирүүлжээ. Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд бүртгэгдсэн гал түймрийн дийлэнх ньхог, хогийн суваг шатсантай холбоотой буй аж.