“Амжилтын гараа лиг-3” 100 буудалт даамын тэмцээнд 12 аймгийн 5-10 насны нийт 150 гаруй тамирчин долоон өрөг тоглож, шилдгүүдээ шалгаруулав. Хөвгүүдээс таван насныхны ангилалд “Сонгодог байрлал” клубийн тоглогч Б.Өлзийбаяр, охидоос Баянзүрх дүүргийн тамирчин Х.Эрин түрүүллээ. Зургаан насныхны ангилалд Б.Содбилэг, О.Гэгээ (“Хөлөгт тоглоом”), долоон насныхад З.Чинтөгс (“Хөлөгт тоглоом”), Х.Энхгэрэл (Өмнөговь аймгийн “Манлайлагч” клуб), найман насныхад Б.Алтан-Эрдэнэ (“Эрин эверист интернэйшнл” сургууль), Н.Гуамарал (Өмнөговь аймаг) тэргүүн байр эзлэв. Тэгвэл есөн насныхад Д.Дамдинпүрэв (Чингэлтэй дүүргийн 57 дугаар сургууль), Н.Дэлгэржаргал (“Оюут” сургууль, “Хөлөгт тоглоом” клуб) нар алтан медаль хүртжээ.
Сонирхуулахад, “Mongolia-2024” даамын “Дэлхийн цом”-ын тэмцээнд оролцохоор бэлтгэлээ базааж буй хүүхэд, залууст зориулж, ОХУ-ын супер гроссмейстер Александр Гетманский манай улсад ирж, сургалт явуулах юм. Тэрбээр долоодугаар сарын 6-нд 100 буудалт, 7-нд бразил, 8-нд орос даамын хичээл заах аж. Тамирчид сургалтын үеэр түүний бичсэн 64 буудалт даамын тухай ном болон “Келлерийн систем”, “100 буудалт даамын 50 гараа”, “Потомки Левши за шашечной доской” зэрэг номыг худалдан авах боломжтой.