ХЭҮК-оос өчигдөр сонгуулийн үйл явцтай холбогдуулан мэдээлэл өглөө. Тус комиссоос сонгууль зохион байгуулж буй төрийн байгууллагууд болон оролцогч нам, эвсэл, нэр дэвшигчдэд таван зүйл бүхий зөвлөмж өгснийг бид өмнө нь мэдээлсэн. Нам, эвсэл, нэр дэвшигчдэд бусдын нэр хүндэд халдахгүй, гутаан доромжлохгүйгээр шударга, цэвэр, ёс зүйтэй өрсөлдөхийг тэд сануулсан юм. Мөн сонгууль зохион байгуулагчдад хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх тэгш боломж бүрдүүлэх, нууцлалыг хадгалах, бүртгэл болон бусад зөрчил, гомдлыг шуурхай шийдвэрлэхийг зөвлөсөн. Сонгуулийн үеэр үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөг хамгаалж, жагсаал цуглаан хийх боломжийг хангах, хааж хорих биш, хамгаалахыг цагдаагийн байгууллагад уриалсан байна. Энэ талаар цагдаагийн ажилтнуудад сургалт зохион байгуулж, хүний эрхийг хэрхэн хангах талаар ойлголт, мэдээлэл ч өгчээ.
ХЭҮК-ын гишүүн Х.Мөнхзул “Өмнөх сонгуулиудын үеэр хүний эрх зөрчсөн тохиолдлуудад бид дүн шинжилгээ хийж, дээрх зөвлөмжийг гаргасан. Иргэний бүртгэлтэй холбоотой зөрчил, маргаан түгээмэл. Түүнчлэн 2020 онд брайл үсэгтэй саналын хуудас хэвлээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах ажилтан байгаагүй. Камерыг буруу байршуулснаас иргэдийн санал өгөх нууцлал алдагдсан зэрэг зөрчил гарсан. Энэ бүхнийг залруулах зөвлөмж өгч, холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллаж байна” гэлээ. ХЭҮК дахь Иргэний нийгмийн зөвлөлөөс “Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байдаг. Тэд нийт сонгогчийн долоон хувийг эзэлдэг. 2020 оны сонгуулиар эдгээр иргэний 73 хувь нь саналаа өгчээ. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрх хангалтгүй байна. 2020, 2024 онд ИТХ-д тэргэнцэртэй тус бүр нэг хүн сонгогдсон, парламентын түвшинд төлөөлөл алга” гэсэн юм. Санал өгөхтэй холбоотойгоор зориуд иргэдийг будилуулах, айлгах мэдээлэл тарааж буйг тэд мөн сануулав. “Та хэнд саналаа өгснийг бид мэднэ”, “Зөвхөн нэг намын хүмүүсийн нэрийг дугуйлахгүй бол саналын хуудас хүчингүй болдог” зэрэг нь бүгд худал гэдгийг тэд онцолсон. “Хуулиар болон техникийн хувьд иргэдийн санал өгөх нууцлалыг бүрэн хангасан. Хэрэв дээрх байдлаар таныг сүрдүүлж, айлгасан бол холбогдох байгууллагад заавал гомдол гаргаарай. Саналын хуудсанд тухайн тойргийн мандатын тоонд аль ч намын хүмүүсийн нэрийг дугуйлж болно” гэлээ.
Бэлтгэсэн С.Уул