Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр өчигдөр тохиолоо. Эл өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хүүхдийн хөдөлмөр” сэдэвт зөвлөгөөнийг “Амлалтаа биелүүлье, хүүхдийн хөдөлмөрийг устгая” уриан дор зохион байгуулсан юм. Түүнчлэн энэ жил Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийн тухай Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 182 дугаар конвенцыг баталсны 25 жилийн ой тохиож буй.
Монголын болон АНУ-ын Засгийн газар хамтран хэрэгжүүлж буй “Хүүхэд хамгааллын компакт” төслийн хүрээнд хүүхдийн бэлгийн болон хөдөлмөрийн мөлжлөгийг устгахад чиглэсэн ажлуудыг шат дараатай хэрэгжүүлж буйг зөвлөгөөн зохион байгуулагчид онцоллоо. Энэхүү төсөл нь хүүхдийн эсрэг үйлдсэн хүн хулгайлах гэмт хэргийн бүх төрлөөс урьдчилан сэргийлэх, хохирогчдод нийгмийн цогц үйлчилгээ үзүүлэх, хэрэг хянан шийдвэрлэхэд төрийн болон иргэний нийгмийн байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хамтын ажиллагааг сайжруулах зорилготой аж. Түүнчлэн манай улс энэ оны нэгдүгээр сард Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан нь хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийг устгахад ахиц, дэвшил болж буйг албаныхан онцолж байв.
Гэвч Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр манай улсад 5-17 насны 138.5 мянган хүүхэд хөдөлмөр эрхэлж байна гэв. Үүнээс 58.2 мянга нь эрсдэлтэй орчин нөхцөлд аюултай ажил хийж байна гэсэн үр дүн гарчээ. Түүнчлэн хөдөлмөр эрхэлж буй нийт хүүхдийн 48 хувь нь амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур амьдарч байгааг онцолжээ.
Бэлтгэсэн: У.Цэцэгсүрэн