Нийслэл хотын байшин барилга өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж, “цементэн ширэнгэ” болохдоо тулаад буй билээ. Хотыг удирдаж байсан хүмүүсийн дур мэдэн замбараагүй олгосон, нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрыг удирдаж байсан эрх мэдэлтнүүд хувийн ашиг сонирхлоо нэн тэргүүнд тавьж, зоргоороо аашилсны хариуд Улаанбаатарын түгжрэл, утаа нь дийлдэхээ больсон. Ингэж дур зоргоороо замбараагүй олгосон газарт ямар ч төлөвлөлтгүй олон давхар барилга барьж, ашиглалтад оруулсаар байна. Зогсоол, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж огт байхгүй хотхон, хороолол ашиглалтад оруулж, оршин суугчдаа амьдруулах болсон. Ямар ч төлөвлөлтгүй, хүний хэрэгцээний наад захын шаардлага хангаагүй барилга бариулж, айлууд оруулсан тохиолдол Шар хаданд ч бий. Зайсанд ч байгаа.
Ийм барилгуудыг төрийн албан хаагчид хэдхэн төгрөгийн хахууль “халаасалж” хүлээн аваад, ашиглалтад оруулчихдаг юм билээ. Өөрөөр хэлбэл, барилга, байгууламжийг ашиглалтад хүлээн авдаг Улсын комисст багтдаг нийслэлийн төрийн захиргааны байгууллагуудаас томилогдсон дунд шатны албан хаагчид ийм хуудуутай ажил хийж, эцэстээ өөрсдөө “авлигачин” нэр зүүж, ялтны эгнээнд шилжиж буй юм. Хууль хяналтын байгууллагад шалгасан хэд хэдэн баримтад тулгуурлан бодит мэдээллийг уншигчдадаа хүргэе. Нийслэлд босгосон олон барилга, байгууламжийн ард авлига “нуугдаж” байсан учраас АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийнхэн эл чиглэлд анхаарлаа хандуулж хурал зөвлөгөөн ч зохион байгуулсан юм даг.
“Барилгын салбарын авлигын эрсдэл” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн ахлах комиссар Э.Тэрбиш “Барилгын зураг төсөл гараагүй байхад төсөв нь батлагдаад гүйцэтгэл нь эхэлчихдэг. Барилга барих газрын зөвшөөрлөөс авхуулаад тендер сонгон шалгаруулах, худалдан авах ажиллагааны шатанд авлигын эрсдэл өндөр гэдэг нь АТГ-аас хийсэн судалгаагаар харагдсан. Улсын комиссын нэг гишүүн барилга ашиглалтад хүлээж авахдаа 30 сая төгрөгийн авлига авдаг байж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Нэр бүхий этгээд хувьдаа 30 гаруй гарааш эзэмшсэн асуудлыг шалгаж байна. Мөн Улсын комиссын гишүүд үндэслэлгүйгээр хөрөнгө, орлого нь нэмэгдсэн асуудлыг шалгаж байгаа бөгөөд чанаргүй барилга хүлээж авч, хүний эд хөрөнгө, амь насыг ноцтой эрсдэлд оруулсан этгээдүүдэд тавих хууль, эрх зүйн хяналтыг сайжруулах шаардлагатай” хэмээж байсан юм.
Барилга ашиглалтад оруулахдаа хахууль авдаг явдал нийслэлээр тогтохгүй орон нутагт ч гардаг. Тухайлбал, Төв аймаг дахь Цагдаагийн газрын ажилчдын 30 айлын орон сууцыг “Ирксиб строй” ХХК барьж, ашиглалтад оруулахдаа чанарын шаардлага хангахгүй нь батлагдсан хөөсөнцрөөр гадна фасадыг хийж орон нутгийн барилга хүлээн авах Улсын комисст нь өгсөн байдаг. Эл компанийн захирал Г.Нарангэрэл барилгаа хүлээлгэж өгөхийн тулд Төв аймгийн “Барилга захиалагч орон сууцын корпорац” буюу Улсын комиссын дарга Д.Ганбаярын дансанд10 сая төгрөг шилжүүлсэн хэрэгт холбогдон АТГ-т шалгуулж байв.
Т.ЭРДЭНЭТУЯАД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА ДУУССАН ГЭВ ҮҮ
Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Хот байгуулалт, дэд бүтцийн хяналтын албаны дарга бөгөөд барилга ашиглалтад оруулах Улсын комиссын дарга асан Т.Эрдэнэтуяаг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байсан. Гэвч түүнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэмээн хаах нөхцөл байдал үүсэж буй бололтой. Түүний холбогдсон үйлдлүүд нь 2013- 2018 онд хамаарч байгаа бөгөөд Улаанбаатар хотод барьж, ашиглалтад оруулсан барилгуудыг хүлээн авахдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, барилгын компанийнханд давуу байдал олгосон байж болзошгүй хэмээн шалгуулсан юм. Жишээлбэл, Т.Эрдэнэтуяа барилга, байгууламж хүлээн авах Улсын комиссын даргаар ажиллаж байхдаа Сэлбэ голын далан дунд зохих зөвшөөрөлгүйгээр барьсан “S’Outlets” дэлгүүрийн барилгыг ашиглалтад хүлээн авсан гэж буруутгагддаг. Түүнчлэн Засгийн газрын тогтоолыг дураараа өөрчилж, ойрын хүмүүсээ Улсын комисын бүрэлдэхүүнд оруулан хууль зөрчиж байсан хэмээн хэвлэлүүдэд мэдээлж байсан билээ. Мөн өнгөрсөн өвөл онцгой байдлын албаны машин орох, гарах боломжгүйгээс галд өртөн оршин суугчид нь гудамжинд гарсан “Эдү апартмент” орон сууцын хотхоныг хүлээн авах Улсын комиссын даргаар нь Т.Эрдэнэтуяаг ажилласан хэмээж буй.
Тэрбээр АТГ-т нэг бус удаа шалгуулж байгаа билээ. Хамгийн сүүлд өнгөрсөн өвөл нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хотын стандарт, хяналтын газрын дарга С.Төмөрдулам, тус газрын Барилга, байгууламжийн ашиглалт бүртгэлийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян, Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга асан Ц.Нямцэвээн нарын хамтаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэнд “дуудагдсан”.
Ноднин зун Улаанбаатар хотод үүссэн үер, усны аюултай нөхцөл байдлын улмаас төр, олон нийтэд учирсан хохирлыг үерийн далан, суваг таглаж барилга, байгууламж барих зөвшөөрөл өгсөн, барьсан, хууль зөрчиж газар олгосон эрх бүхий албан тушаалтан, хуулийн этгээдээс нөхөн төлүүлэх ажлын хүрээнд Сэлбэ, Дундголын үерийн далангийн хамгаалалтын бүсэд газар болон барилга, байгууламж барих зөвшөөрөл олгосон эрх бүхий албан тушаалтнуудыг шалгахад ийнхүү татагдсан байдаг. Үүнээс өмнө Т.Эрдэнэтуяа эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдаас хахууль авч байхдаа АТГ-ынханд баригдаж байсан гэдэг. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутагт, явган хүний зам хааж барьсан найзынхаа компанид давуу байдал олгож, барилгыг нь ашиглалтад хүлээн авах актыг хуурамчаар бүрдүүлж өгснийхөө төлөө 60 сая төгрөгийн хахууль авсан хэмээн АТГ-т шалгуулж буй тухай зарим мэдээллийн хэрэгсэлд нийтэлсэн нь бий.
“СЕРЕНЕ ТАУН” ХОТХОНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААС ХАХУУЛЬ АВСАН АЛБАН ТУШААЛТАНД ЯЛЛАХ ДҮГНЭЛТ ҮЙЛДҮҮЛНЭ
2023 оны аравдугаар сарын дундуур нийслэлийн ерөнхий архитектор бөгөөд Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Ц.Тулга, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын Барилга, байгууламжийн хэлтсийн дарга асан Т.Эрдэнэтуяа зэрэг албан тушаалтантай хамт шалгуулж эхэлсэн Ц.Тогтохбуянгийн үйлдлийг тусгаарлан АТГ-ынхан мөрдөж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр НПГ-т шилжүүлжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хээл хахууль авсан нэг бус үйлдэл тогтоогдсон гэх мэдээлэл бидэнд ирсэн юм. Тодруулбал, Хотын стандарт, хяналтын газрын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуян барилга, байгууламж хүлээн авах Улсын комисст ажиллахдаа бусдад давуу байдал олгож хахууль авсан хэрэгт холбогдсон аж. Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг, АШУҮИС-ийн дэргэдэх Монгол-Японы эмнэлэг, оюутны байр буюу олны нэрлэж заншсанаар Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн хуучин буурины залгаа баруун этгээдэд “Серене таун Монголиа” хэмээн 6-9 давхар орон сууцын хотхон баригдаж, зарим нь ашиглалтад орсон.
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд тухайн хэсэгт хашаа, байшинд оршин сууж байсан иргэдийн газрыг “Бат хэрэйд” гэх компанийнхан чөлөөлөн уг хотхоныг бүтээн байгуулсаар буй юм. Тэгвэл эл компанийн хөрөнгө оруулагч, хувьцаа эзэмшигч С.Эрдэнэ-Одоос Ц.Тогтохбуян нэг бус удаа мөнгө авсан хэмээн буруутгагдаж буй юм билээ. Ингэх шалтгаан нь “Серене таун Монголиа” хотхоны барилгадаа 2020 онд Улсын комисс ажиллуулахын тулд дарааллыг нь урагшлуулж, дүгнэлт гаргуулж өгөх байж. Үүнийхээ хариуд бага хэмжээний шан харамж авсан гэх.
Ц.Тогтохбуянг шалгах явцад бас өөр үйлдэл тогтоогдсон аж. Тодруулбал, Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Баруун тасганы гудамж буюу ЭХЭМҮТ-ийн урдхан талд авто засварын газар, үйлчилгээний зориулалттай барилга баригдаад удаагүй. Тухайн барилгад Улсын комисс яаралтай ажиллах дараалалд оруулж, дүгнэлт гаргуулж өгөөдиргэн Д.Отгонбаяраас бусдын дансаар дамжуулан хахууль авсныг АТГ-ын мөрдөгчид тогтоосон юм байна. Тиймээс Хотын стандарт, хяналтын газрын Барилга, байгууламжийн ашиглалт, бүртгэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Тогтохбуянг Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан бусдаас удаа дараа хахууль авсан гэх үндэслэлээр яллагдагчаар тооцсон аж.
73 САЯЫГ АВААД 35 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГУУЛСАН УЛСЫН КОМИССЫН ГИШҮҮД Ч БИЙ
Барилга, байгууламж барих зөвшөөрөл олгох, хүлээн авах, ашиглалтад оруулах эрх, үүрэгтэй Улсын комиссын гишүүд хээл хахуулийн хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн тохиолдол цөөнгүй. Жишээ нь, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын Хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн буюу тасгийн даргаар ажиллаж байсан Д.Тогооням Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн галын депогийн барилгыг барьсан “Говьгурван Сайхан” ХХК-ийн үүсгэн байгуулагч Н.Цэдэнсамбаас 20 сая төгрөгийн хээл хахууль авсан гэм буруутай нь шүүхээр тогтоогдож, таван жил нэг сар хорих ял шийтгүүлсэн билээ. Тэрбээр тус компанийг Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах, аврах 65 дугаар ангийн барилгыг барих гүйцэтгэгчээр шалгаруулахаар бас амласан хэмээн буруутгагдаж байв.
Түүнээс хойш нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын Тамгын газрын дарга М.Баянмөнх, нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж нар бас ял шийтгүүлсэн. Тэд албан тушаалаа урвуулж, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд барьсан “Алтан богд” хотхоны барилгад Улсын комисс ажиллуулж хүлээн авахын тулд хахууль авснаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн юм.
“Алтан богд” хотхоныг “Эсү трейд” ХХК барьж, ашиглалтад оруулсан бөгөөд тус компанийн захирал Б.Сэлэнгэтэй хамтран амьдрагч, АТҮТ-ийн ахлах мэргэжилтэн асан Г.Эрдэнэбулаг дээрх хоёр хүнд хахууль өгснийг АТГ-ын мөрдөгчид хөдөлбөргүй тогтоосон байдаг. Үйлчилгээтэй 140 айлын орон сууц бүхий “Алтан богд” хотхоны барилгыг хүлээн авахын тулд М.Баянмөнх нь албаныхаа чиг үүрэг буюу НМХГ-ын Тамгын газрын даргын албан тушаалд хамааралгүй байсаар атал Барилга, байгууламж ашиглалтад оруулах комиссын гишүүдээр дүгнэлтэд гарын үсэг зуруулахын тулд2021 оны аравдугаар сарын 29-нд Төрийн банкны дансаараа “зээл” гэсэн утгаар гурван сая, дараа сарынх нь 11-нд Хан-Уул дүүргийн “Жаргалан” хотхоны гадна “Ландкруйзер-200” автомашин дотор бэлнээр 40 саяыг авчээ. Түүнээс хойш гурван долоо хоног шахмын дараа буюу 2021 оны арваннэгдүгээр сарын 28-нд 30 сая төгрөг бэлнээр авсан.
Харин Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддорж 2021 оны аравдугаар сарын 19-нд Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дахь нэгэн рестораны VIP өрөөнд гурван мянган ам.долларын хахууль авсан байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс М.Баянмөнхөд35 сая төгрөгөөр торгох ял шийтгэж, нийтийн албандажиллах эрхийг нь зургаан жил хассан. Д.Жүрмэддоржийн нийтийн албанд томилогдох эрхийг таван жил таван сарын хугацаагаар хасаж, 25 сая төгрөгөөр торгох ял шийтгээд гурван жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр болсон. Харин тэдэнд хахууль өгсөн Г.Эрдэнэбулагийн нийтийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 14 сая төгрөгөөр торгосон юм.
Энэ мэтээр барилга, байгууламжид Улсын комисс ажиллуулах нэрээр “гар харж” сурсан дунд шатны нийтийн албан тушаалтнуудыг хууль, шүүх толгойг нь илж өнгөрөөхгүй нь тодорхой. Тиймээс барилгын компаниудад хяналт, шаардлагаа зохих ёсоор тавьж, Улсын комиссын дүгнэлтээ хүндрэл, чирэгдэлгүй шуурхай олгож байх нь авлигаас ангид байх нэг үндэс болох билээ.