Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сэтгүүлчдийг мэргэшүүлэх ээлжит сургалтаа зохион байгуулав. Шүүхийн сэтгүүл зүйг Монголд төлөвшүүлэх, сэтгүүлчдийг чадавхжуулах жимийг 11 жилийн өмнө гаргаж байжээ. Тодорхой хэлбэл, шүүгч, сэтгүүлчид хараат бус байдлаа хадгалахын зэрэгцээ хүний эрхийг дээдэлж, иргэний мэдэх эрхийг хангахын тулд хамтрах ёстой хэмээн хэвлэл мэдээллийн салбарынхныг шүүхийн сэтгүүл зүйгээр мэргэшүүлэхээр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгож эхэлсэн байна.
Энэ удаагийн сургалтыг Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөртэй хамтран зохион байгууллаа. Шүүхийн ерөнхий зөвлөл, дээрх олон улсын хөтөлбөртэй хамтран “Шүүхийн сэтгүүл зүйн хөтөч”, “Шүүхийн бие даасан, хараат бус байдал” гарын авлага гаргаснаа танилцуулсан юм.
“Шүүхийн сэтгүүл зүйн хөтөч” гарын авлагыг мэдээж хэвлэл мэдээллийнхэнд зориулсан. Шүүхийг хэрхэн сурвалжлах, шүүхээс мэдээлэл лавлахдаа ямар эх сурвалжид хандах нь оновчтой, шүүх хурлын дэс дараалал, анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн онцлог зэргийг уг гарын авлагад тусгаснаа Хэвлэлийн хүрээлэнгийн багш, доктор Ц.Оюунтунгалаг танилцуулав. Гарын авлагыг боловсруулахад сэтгүүлч Г.Улсболд, Шүүхийн ерөнхий зөвлөл, доктор Д.Зүмбэрэллхам нар зөвлөхөөр ажиллажээ. "Eagle" телевизийн тоймч Г.Улсболд нь "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" сургалтын 001 дугаартай үнэмлэхний эзэн юм. Харин "Өнөөдөр" сонины Эрэн сурвалжлах, экологийн албаны дарга Г.Цолмон дээрх сургалтад 11 жил тасралтгүй сууж, зарим муухан хуульчаас илүү мэдлэгтэй болсныг зохион байгуулагчид онцолсон.
Харин “Шүүхийн бие даасан, хараат бус байдал” гарын авлагыг улстөрчдөд хаяглажээ. Үндсэн хуулийн статустай шүүхийн байгууллагын талаар улстөрчид ойлголт тааруу байдаг төдийгүй, шүүхээс хийж хэрэгжүүлсэн сайн ажлыг өөрсдөдөө нааж, муу муухайгаа харин хуулийн байгууллага руу нялзаах хандлагатай байдаг. Тэр хэрээрээ шүүхийн төсвийг танаж, дэд бүтцийн асуудлыг нь орхигдуулж иржээ. Онцлоход дээрх хоёр гарын авлагыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар Хэвлэлийн хүрээлэн болон Оюуны инноваци ТББ-ынхан хараат бусаар хийж гүйцэтгэсэн байна.
11 дэх удаагийн сургалтад Канад Улсын Холбооны шүүхийн асуудал эрхлэх газрын олон улсын хөтөлбөрийн дарга Олег Шаков цахимаар оролцлоо. Канад Улс нь Англо-саксоны эрх зүй болон Эх газрын эрх зүйг хослуулж нутагшуулсан, мөн дэлхийн дахинаа хамгийн нээлттэй шүүх засаглалтай орон гэнэ. Ноён Олег Шаков мэдээллийнхээ эхэнд манай улсын шүүх, хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаанд сэтгэгдэл өндөр байгаагаа дурдаад, өөрийн улсын шүүх байгууллагын талаар сонирхуулсан билээ. Тэрбээр “Шүүхийн үйл явц ил тод байх ёстой. Үүнд сэтгүүлчдийн үүрэг оролцоо их чухал. Манай улс шүүхээ нээлттэй ил тод байлгахаар хуульчилсан. Энэ нь ганц Канадынх биш бүх газрын сайн жишиг байгаасай. Эдгээр туршлагаас та бүхэн санаа авна биз ээ. Монгол Улс сэтгүүлчдээ чадавхжуулснаар шүүхийн тухай бодит мэдээллийг олон нийтэд хүргэх ажилд тодорхой үр дүн гарсан гэж боддог. Сэтгүүлчид хавтаст хэрэг боохоос авхуулаад шүүхийн эцсийн шийдвэр гартал ёс зүйтэй мэдээлсээр байвал олон нийт аяндаа шүүхэд итгэдэг болно. Хэвлэл мэдээллийн байгууллага нь шүүхийн нэгэн адил нийгэмд шударга ёс тогтоох тулгын чулуу юм” хэмээлээ.
Сургалтад хэвлэл, мэдээллийн байгууллын сэтгүүлчдээс гадна Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Монголын хэвлэлийн хүрээлэн, Оюуны инноваци ТББ-ын төлөөлөл оролцсон юм. Сургалтын төгсгөлд сэтгүүлчдэд “Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” гэрчилгээ олгосон.
Шүүхийн сэтгүүл зүй хөгжсөн газруудад ардчилал хүчтэй бэхэжсэн байдаг аж. Мөн иргэд нь шүүхэд итгэх итгэл өндөр гэнэ. Тэр хэрээрээ нийгэмд амар амгалан, айдасгүй аж төрдөг бөгөөд үүнд нь сэтгүүлч, шүүгч хамтдаа ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байх нь.