УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр СЕХ-нд бүртгүүлсэн хүмүүс зардлын дансаа Үндэсний аудитын газарт бүртгүүлж, түрүүчээсээ олон нийтэд зарлаад байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлд заасны дагуу иргэн, хуулийн этгээдээс нам, эвсэл болон тойрогт нэр дэвшигчид мөнгөн, мөнгөн бус хандив өгөх боломжтой юм. Иргэн 10, хуулийн этгээд 30 хүртэл сая төгрөгийн хандив өгөх эрхтэй. Хандив өгөхдөө иргэний бүртгэлийн дугаар, орлогын эх үүсвэр, овог, нэрээ тодорхой бичиж байж хүчинтэй болох юм байна. Өөрөөр хэлбэл, эдгээр мэдээлэл дутуу бол таны хандивыг хэрэглэх, хүлээн авах боломжгүй болох юм билээ.
Иргэний бүртгэлийн дугаар гэдэг нь регистрийн дугаараас ялгаатай. Хандивт нэгдэж, нэр дэвшигчийг дэмжихийг хүссэн хүмүүс иргэний бүртгэлийн дугаараа мэдэх хэд хэдэн арга бий аж. Энэ бол Ebarimt.mn аппликэйшнээр нэвтэрч ороход баруун дээд буланд нь байрладаг ТТД.... гэсэн 12 оронтой дугаар юм. Мөн иргэний үнэмлэхийн QR кодоо уншуулах, “E-Мongolia”-гаар нэвтэрч, бичиг баримт хэсгээс иргэний үнэмлэх дээрх иргэний дугаараар харах боломжтой юм байна.