“Төсвийн нээлттэй байдал-2023” олон улсын судалгаан дахь Монгол Улсын дүнг “Нээлттэй нийгэм форум”-аас өнгөрсөн баасан гарагт танилцууллаа. “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагаас хоёр жил тутамд уг судалгааны үр дүнг танилцуулдаг юм байна. “Нээлттэй нийгэм форум” нь “Олон улсын төсвийн түншлэл” байгууллагын түншээр ажиллаж, Монголын талын судалгааг хийжээ. Манай улс уг судалгаанд ес дэх удаагаа оролцсон нь энэ аж.
Төсвийн нээлттэй байдлаар манайх 100 онооноос 62-ыг авч, 125 орноос 36-д эрэмбэлэгдсэн байна. Уг жагсаалтыг 87 оноогоор Шинэ Зеланд улс тэргүүлж, 78 оноогоор Австрали удаалжээ. Манай улсын төсвийн ил тод байдал 2021 оныхоос хоёр оноогоор нэмэгдсэнийг “Нээлттэй нийгэм форум”-ынхан онцлов. Гэсэн ч төсөв дэх олон нийтийн оролцоогоор 100-гаас дөнгөж 19 оноо авсан байна. “Засгийн газар төсөв боловсруулах үйл явцад олон нийтийг оролцуулахад анхаарах шаардлагатай. Олон нийтийн оролцох боломжийг гүйцэтгэх засаглал, хууль тогтоох болон аудитын дээд байгууллагын зүгээс төсөв боловсруулах, батлах зэргээр бүхий л шатанд олгох нь зүйтэй юм” гэж дээрх байгууллагынхан онцоллоо.
Төсвийн хяналтын тогтолцооны үзүүлэлтээр манай улс 100-гаас 80 оноо авчээ. Цаашид хяналтыг илүү сайжруулах шаардлагатай талаар “Нээлттэй нийгэм форум”-ынхан “УИХ төсвийн төлөвлөлтийн үед хангалттай хяналт тавьдаг. Гэвч төсвийн гүйцэтгэлийн үе шат дахь хяналт хязгаарлагдмал. Хяналтыг сайжруулах зорилгоор хууль тогтоох байгууллага төсвийн гүйцэтгэлийн жилийн явцын тайланг хэлэлцэж, гарсан дүгнэлтийг цахим орчинд нийтлэх шаардлагатай” хэмээн зөвлөжээ.
Бэлтгэсэн Ч.Зул