Монгол Улсад шинжлэх ухаанд суурилсан ус, цаг уурын ажиглалт, хэмжилтийн сүлжээний суурь буюу Ус цаг уур, орчны шинжилгээний албаны түүхийн эхлэл 1924 онд 3 дугаар сарын 23-нд Судар бичгийн хүрээлэнд Монголын их соён гэгээрүүлэгч, нэрт эрдэмтэн Жамсрангийн Цэвээний санаачилгаар “Огторгуй одон гариг ба цаг уурыг шинжлэх салаа” нэртэйгээр байгуулан Монгол Улсын нийслэл Их хүрээ, Сонгинын буланд цаг уурын хоёр өртөө байгуулснаар тавигдсан түүхтэй.
Энэ зуун жилийн төгсгөлд буюу өнгөрсөн оныг БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнийн санаачилгаар “УС ЦАГ УУРЧДЫН ЖИЛ” болгон зарлаж, Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын нэгдсэн зөвлөгөөнийг амжилттай зохион байгуулж, тулгамдсан асуудлаа тодорхойлон, Хүн төвт хөгжлийн төлөвлөгөөгөө хэлэлцэж боловсруулаад батлуулаад хэрэгжүүлж эхлээд байна.
Өнгөрсөн түүхийн хугацаанд байгаль, цаг агаарын аюул гамшгийг үл хайхран ус, цаг агаар, орчны төлөв байдал, чанарыг тасралтгүй ажиглаж, хэмжиж байдаг ажиглагч нарийнхаа зүрх сэтгэл, хичээл зүтгэлийн үр дүнд бид ИХ ӨГӨГДӨЛ-ийн баялаг санг бүрдүүлээд байна. Сангийн үр дүнд бид салбарын үйл ажиллагааны суурь болсон эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэн хөгжүүлж салбараас Монголын төдийгүй дэлхийд нэртэй эрдэмтэн судлаачид төрсөөр байна.
Мөн сүүлийн жилд Ус, цаг уур, орчны шинжилгээний салбарын хөрөнгө оруулалт сүүлийн 20 гаруй жилд байгаагүйгээр нэмэгдэж 16 орчим тэрбум, урсгал зардал 66 тэрбум болж, цаг уурын улсын сүлжээний автоматжуулалт эрчимжиж, усны судлалын улсын сүлжээний автоматжуулалтын ажлын эхлэл тавигдаж, радарын сүлжээгээ өргөтгөх боломж гарч, албан хаагчдын нийгмийн баталгаа сайжирч, төрийн үйлчилгээний мэргэжлийн ангилалд орсон зэрэг түүхэн амжилтуудаар түүхт 100-н жилийн ойг тэмдэглэн хэлмээр байна.