Азийн морьт харвааны холбооноос Казахстан улсын Шымкент хотод зохион байгуулсан Ази тивийн аварга шалгаруулах морьт харвааны тэмцээн унгар, турк, ази бай харваа, зоос харвах төрөлд болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дасгалжуулагч Б.Болдбаатарын удирдлагад Монголын тамирчид өрсөлдөж, 11 орны 53 шилдэг харваачтай цэц сорив. Тэднээс эрэгтэйчүүдийн ангилалд “Хан Монгол” холбооны тамирчин Б.Отгон-Өлзий зоос харвах төрөлд мөнгөн медаль хүртсэн. Тэрбээр өнгөрсөн жил болсон Азийн АШТ-д турк бай харвааны төрөлд аваргаар тодорч байв. Морьт харваа нь улс бүрд өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой хөгжиж буй. Монголд төдийгүй дэлхийд танигдсан, эр зориг, овсгоо самбаа, ухаан, мэдрэмж шаардсан өрсөлдөөн ихтэй спортын төрөлд багтдаг. Морин дээрээс давхил дунд харваж, бай онох нь монголчуудын эртний уламжлалт зан үйл гэдгийг манай тамирчид олон улсын тэмцээнүүдэд ур чадвараараа харуулсаар байна.