Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байдалд үнэлэлт дүгнэлт өгөх, мэргэжлээс шалтгаалах өвчний судалгаа хийх зорилгоор ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, клиникийн профессор, дэд хурандаа Д.Хонгороор ахлуулсан ажлын хэсэг Өмнөд бүсийн аймгуудад ажиллалаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагын 500 орчим алба хаагчийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан юм. Урьдчилан сэргийлэх үзлэгээр цусан дахь өлөн үеийн сахарын хэмжээг тодорхойлох, хэвлийн болон бамбайн хэт авиан шинжилгээ, зүрхний цахилгаан бичлэг, чих хамар хоолой, арьс харшил, мэдрэл, дотор, зүрх судас, мэс засал, гэмтэл, хавдар, урологи зэрэг 9 төрлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгийг хийлээ.
Ажлын хэсэгт ОБЕГ, Ар талын 115 дугаар анги, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр анги, "Жаргалант" сэргээн засах төв-113 дугаар анги, АШУҮИС-ын нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багтан ажилласан юм.