УИХ-ын сонгууль болоход 66 хоног үлдэж байна. Улстөрийн нам, эвслүүд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-аар хянуулж, “алдаа”-гаа засаад дахин хүргүүлсэн. Тэгвэл уг сонгуульд бие даан өрсөлдөх хүмүүс өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ны хооронд мөрийн хөтөлбөрөө хянуулахаар ҮАГ-т өгөх юм. Парламентад анх удаа 126 гишүүн сонгох учраас горилогч олон, өрсөлдөөн ширүүхэн болох төлөвтэй байгаа. Мөн энэ долоо хоногт нам, эвслүүд сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлнэ. Тэгэхээр 27 нам, хоёр эвсэл хэрхэн “хураагдах” нь, хэн хэнтэйгээ нэгдэж, хамтрах нь тодорхой болно гэсэн үг. Гуравдагч хүчний намуудын хооронд өрнөж буй эл хөдөлгөөнтэй зэрэгцээд нэр дэвшигчдээ тодруулах ажил өрнөсөөр байна. Сонгуулийн тойргийг томсгосон учраас нам, эвслүүд аль болох танигдсан, олон нийтийн дунд дэмжлэг ихтэй дүр төрхүүдийг эгнээндээ элсүүлэх сонирхолтой байгаа нь ч нууц биш. Тухайлбал, ИЗНН-ынхан нэгэн олны танилаар эгнээгээ тэлжээ. 2016, 2020 оны сонгуульд бие даан Баянгол дүүрэгт өрсөлдсөн дуучин М.Нарантуяа буюу Нара энэ намын гишүүн болсон байна.
Тэмцэгч, дуучин, сэтгүүлч тэргүүтэй, УИХ-ын гишүүний сэнтийг зорих хүмүүсийн жагсаалт үргэлжилж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай хэн боловч сонгуульд нэр дэвших эрхтэй байхаар заасан. Тиймээс хүсэл нь байгаад санхүү нь хүрч буй хэн ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой. Гэвч сонгуульд нэрээ дэвшүүлж, оролцсон болгон ялдаггүйг санах хэрэгтэй. Хэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээ сонгогчид шийддэг юм.
“АРИУН ГАЗАР”-ААС “ИХ ҮЙЛС”-ЭЭ ЭХЭЛНЭ
Нарагийн ярианаас үзвэл ИЗНН түүнд санал тавьсан биш, тэр өөрөө энэ намыг сонгосон бололтой. “Нийгмийн сүлжээн дэх дагагчдаасаа цөөн гишүүнтэй намд элсэлтэй нь биш” хэмээн ярьж явсан тэрбээр нэг их олон юм бодолгүй дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Гуравдагч хүчнүүд дотроос 2020 оноос бусад үед парламентад төлөөлөлтэй байсан ганц нам нь ИЗНН. Ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, байгаль дэлхий, нутаг усаа хайрлах, хувийн өмчид суурилсан тогтвортой эдийн засаг, ногоон хөгжлийг тэргүүлэх бодлогоо болгох нь тус намын үзэл баримтлал юм. Үүнтэй Нарагийн үзэл бодол нийлсэн юм байна. Тэрбээр “Үзэл баримтлалыг нь дэмждэг АН дотроо талцалтай, өөрсдөө ч төөрчихсөн явна. Тэдний дунд орж төөрөөд яах вэ. Үүний оронд инженер, багш голдуу, шуналгүй, үзэл бодолдоо үнэнч гишүүдтэй, эрх барьж үзээгүй, ариун намыг сонгож элслээ. Яадаг юм. Би угаас байгаль дэлхийгээ хайрлах, эко хүнс хэрэглэхийг уриалдаг, иргэний зоригтой хүн. Тиймээс намын бодлогод дарагдаж, үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй явахыг биш, зорилгоо хэрэгжүүлэхийн тулд зөв замаас эхлэхийг илүүд үзлээ. Энэ хүмүүсийн дунд эрх чөлөөтэй байх, хийх гэснээ хийгээд явах боломж бий гэж бодсон. Зөвшилцөх баг хамт олонтой, аливаа ажил хийхэд хүн хүч, зохион байгуулалттай байх нь чухал учраас намын гишүүн боллоо” гэжээ. Бие даагаад хол явахгүй, хүч хүрдэггүй гэдгийг хоёр удаагийн сонгуульд нэр дэвшсэн туршлагаасаа тэрбээр ойлгосон аж. Ийнхүү тэд бие биеэ олжээ.
Нарагийн тухайд хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад дуу хоолойгоо өргөж, хандив тусламж зэрэг сайн дурын ажилд нэлээд оролцдог. Гэвч нийгмийн анхаарлыг гэр бүлийн амьдрал, хэрүүл талцал, хэл амаараа илүүтэй татдаг гэхэд болно. Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг үг харин энэ эмэгтэйд хэр нийцтэй байх бол доо. Өмнө нь Баянгол дүүргээс хангалттай санал авч байгаагүй тэрбээр энэ удаа ИЗНН хэмээх түшигтэйгээр сонгуульд өрсөлдөх нь. Зөв бодлоготой ажиллаж чадвал олонд танигдсан дүр төрх, дэмжигчдээрээ дамжуулан тус намд нэг суудал авчрахыг үгүйсгэхгүй.
СЭТГҮҮЛЧ Н.ӨНӨРЦЭЦЭГТ ОЛОН НАМ САНАЛ ТАВЬЖЭЭ
Сэтгүүлч бүсгүй өөрөө нийгмийн сүлжээд “Сонгуульд нэрээ дэвшүүлээч гэж бүх намаас надад санал тавьсан” хэмээн бичсэн байна лээ. Гэвч гуравдагч хүчний хэд хэдэн намаас “Манайх лав чамд санал тавиагүй шүү” хэмээн мэдэгджээ. Нийгмийг доргиосон, анхааралд татахуйц олон асуудлыг түүний эрхэлдэг zarig. mn сайт дэвшүүлэн тавьдаг, Хөгжлийн банк, Боловсролын зээлийн сангаас эхлээд цөөнгүй буруу булхайг илрүүлэхэд хувь нэмэр оруулсан. Гэхдээ шар мэдээ, сенсаац хөөх тал руугаа хэтрээд байдаг нь нууц биш. Тэр хэрээр Н.Өнөрцэцэг олон нийтэд танигдсан сэтгүүлч болж, бас эрх чөлөөгөө хэсэг хугацаанд хаалгуулаад ч амжсан. Одоо энэ бүхний эсрэг тэмцэхийн тулд өөрөө сонгуульд нэр дэвшинэ гэж мэдэгджээ. Бүх нам гэдэг нь үнэндээ МАН, АН-ыг л хэлж буй бололтой. Түүнийг МАН-аас жагсаалтад орох гэж байгаа тухай мэдээлэл ч цацагдаад байна. Юутай ч сэтгүүлч бүсгүй сонгох эрхээ эдэлж, аль нэг намаас нэрээ дэвшүүлэх нь. Намын жагсаалтад биш, тойрогт өрсөлдөх юм бол түүнийг “шударга” сэтгүүлч хэмээн үнэлэн шууд сонгох хүн олон.
Д.МОНГОЛХҮҮ БИЕ ДААХ УУ
Тэмцэгч, сүүлийн хэдэн жилд болсон жагсаал, цуглаан бүрд шахам нэр нь дуулддаг нэг хүн бол тэр. “No naadam”, “No double stan¬dard” зэрэг жагсаалд оролцож, баривчлагдаж, цахим гав ч зүүж, юм юм л болж яваа залуу. Тэрбээр 16 настайдаа “өөрөө ч мэдэлгүй” АН-ын гишүүн болсон гэдгээ ярьжээ. Ээж нь өмнөөс нь бүртгүүлчихсэн байсан гэнэ. Гэхдээ үүнийг мэдсэнийхээ дараа ч намаасаа гараагүй байх нь. Тэрбээр 2017 оноос нийгмийн амьдралд идэвхтэй оролцох болжээ. Хууль шүүх шударга бус үйлчилдгийг мэдсэнээс хойш тэмцэж эхэлсэн хэмээн ярьсан байна лээ.
Эрх баригчдыг шүүмжилсэн жагсаалд оролцож, үе үе баригдан, эрх чөлөөгөө боомилуулдаг болсноор олон нийтэд танигдсан тэрбээр одоо гудамжинд биш, парламентад орж тэмцэхээр шийджээ. Удахгүй болох сонгуульд бие даан өрсөлдөнө гэдгээ Д.Монголхүү цахим сүлжээндээ мэдэгдсэн юм. АН-ынхан түүн шиг “сайн дурын” хүнийг нэр дэвшүүлэхгүй байх магадлал илүү учраас ийм сонголт хийж буй байх. Тэмцэгчийн дүрээр олонд танигдаж, УИХ-ын гишүүн болсон олон хүн байдаг. Д.Монголхүү энэ замыг давтаж, бие даагчдын нэг болох, эсэх нь энэ долоо хоногт тодорхой болно.
Ийнхүү тэмцэгч, дуучин, сэтгүүлч тэргүүтэй, УИХ-ын гишүүний сэнтийг зорих хүмүүсийн жагсаалт үргэлжилж байна. Үндсэн хуульд 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай хэн боловч сонгуульд нэр дэвших эрхтэй байхаар заасан. Тиймээс хүсэл нь байгаад санхүү нь хүрч буй хэн ч УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх боломжтой. Тэгээд ч сэтгүүлч, дуучин, бөхчүүд парламентын гишүүн болсон, хийж яваа жишээ олныг харж буй учир “сайн дурынхан” зориг зүрх ордог, УИХ-ын зөөлөн суудал санаанд нь багтдаг биз. Гэвч сонгуульд нэрээ дэвшүүлж, оролцсон болгон ялдаггүйг санах хэрэгтэй. Хэнээр өөрсдийгөө төлөөлүүлэхээ сонгогчид шийддэг юм.
Нөгөө талдаа олны танил хүмүүсийн эрэлт нам, эвслүүдэд байсаар ирсэн. УИХ-ын сонгуулийн тойргийг бүсчилж томсгосон нь ийм эрэлтийг улам нэмэгдүүлжээ. 3-4 аймаг, зарим дүүргийг нийлүүлж нэг тойрог болгосон. Тойрог нь томссон атал сурталчилгааны хугацааг богиносгосон учир олон нийтэд хэдийн танигдсан хүмүүс сонгогдох магадлал өсөж буй. Тиймээс л эрэлт нь байхад нийлүүлэлт олддог зах зээлийн хууль хэрэгжиж байгаа аж.
Уг нь парламент бол Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллага. Тэнд улс орны өдөр тутмын амьдрал, харилцааг зохицуулах хууль, бодлогыг боловсруулж, батлан гаргадаг. Тиймээс төрийн ажлын туршлагатай, мэдлэг, чадалтай, ёс зүйтэй хүмүүсээр л УИХ-ыг бүрдүүлэх учиртай юм. Гэвч ийм “алсыг” харсан том зүйл бодохоос илүү яаж ийгээд парламентад төлөөлөлтэй болох, суудлынхаа тоог нэмэх нь нам, эвслүүдэд чухал байдаг нь харамсалтай. Үр дүнд нь ард түмний хайртай Д.Бат-Эрдэнэ, Ц.Цэрэнпунцаг, Д.Сумъяабазар, А.Сүхбат тэргүүтэй бөх, дуучин С.Жавхлан нар гишүүн болж байв. Хэнтийчүүд Б.Бат-Эрдэнэ аваргаа таван удаа дараалан сонгосон, гэвч өнөөх нь 20 жилийн турш онцолж хийсэн, бүтээсэн ажилгүй, суудал бөглөөд сууж байна. Ирэх сонгуулиар тэр дахин хүч үзэх санаатай байгааг бид мэдээлсэн. МАН харин энэ удаа түүнийг “тэтгэвэрт нь гаргах”, эсэхийг харж байя.
Өнөөдрийн парламентад түүнээс гадна Ц.Цэрэнпунцаг хэмээх бөх гишүүн бий. Мөн телевизээр гардаг ажлаараа дамжуулан олонд танигдсан хөтлөгч П.Анужин, Б.Жаргалмаа, яруу найрагч Г.Мөнхцэцэг нарын гишүүн ажилладаг. Гэвч тэд өнгөрсөн дөрвөн жилд ямар ажил хийсэн бэ. “Хэлгүй” гишүүний тоог нэмж, намын бодлогоор оруулж ирсэн хууль тогтоомжийг батлахад товчлуур дарахаас хэтэрсэнгүй. Одоо гишүүн байгаа бүх л хүн даагаа нэхэхийг хүснэ. Үүнээс гадна дээр дурдсан “сайн дурынхны” жагсаалт нэмэгдэнэ. АН-аас дуучин Г.Эрдэнэтунгалаг, С.Жавхлан нар ирэх сонгуульд өрсөлдөх сурагтай байна. Мөн энд бичээгүй өөр ч олон хүн байж таарна. Тэднийг тус тусын салбартаа амжилттай хөтлөгч, сэтгүүлч, дуучин, бөх гэдэгтэй маргахгүй. Гэвч улс төр бол өөр “тоглоом”. Тиймээс уг нь чаддаг, мэддэг ажлаа хийж, өөр өөрийн салбартаа л “гялалздаг” баймаар байна. Олны танилууд сайн улс төрч болдоггүйн өмнөх бэлэн жишээнүүдийг хараад, сонголтоо ухаалаг хийх нь бидний үүрэг билээ.