Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барив. 1998 онд анх баталсан уг хуулийг 2006 онд нэг удаа шинэчлэн найруулж байсан аж. Манай улс уг салбарт 1993-2022 онд нийт 178.6 тэрбум төгрөгөөр 4600 гаруй төслийг санхүүжүүлж, 55 мянга орчим бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгосон гэнэ. Мөн олон тооны бодлого, эрх зүйн баримт баталсан ч уялдаа холбоо сул, бүтэц, зохион байгуулалт оновчгүй зэргээр шинжлэх ухааны салбар “ялгаварлагдсан” байдалтай удсан. Тэгвэл шинэчилж найруулсан хуулийн төслөөр эдгээр алдаа дутагдлыг засахыг хичээсэн байна. Тухайлбал, үйл ажиллагааны зарчмыг хүний амьдралын чанар, нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухаан, технологийн хөгжил, улсын үндэсний аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, зарим шаардлагатай нэр томьёог шинэчлэн тодорхойлжээ. Мөн уг салбарыг хөгжүүлэхэд төрөөс үзүүлэх болон эрдэм шинжилгээний байгууллага, үндэсний судалгаа хөгжүүлэлтийн төслийг дэмжих заалтууд оруулсан аж. Шинжлэх ухааны авьяастныг нээх, эрдэм шинжилгээний ажилтнуудын нийгмийн баталгааг хангах, санхүүжилт, хөрөнгө оруулалт, дэд бүтцийг өргөжүүлэхээр тусгажээ.