Монголын дугуйн спортын “Ферей Монгол” шигшээ багийнхан Турк улсад болсон “Tour of Mersin” олон улсын уралдаанд Европын 25 багийн 163 дугуйчинтай хурд сорьж, багаараа есдүгээр байрт жагсжээ. Тэднээс “Ханжоу-2022” Азийн наадмын хүрэл медальт С.Жамбалжамц нийлбэр дүнгээр 14-т бичигдлээ. Түүнээс гадна ОУХМ Б.Идэрболд 23 дугаар байр эзэлснээр шилдэг 25 дугуйчны тоонд багтав. Манай тамирчид өмнөд хөршид хоёр сар бэлтгэл базааж, дээрх тэмцээнд оролцсон. Тэд БНХАУ-д ирэх сарын 11-14-нд, мөн Туркт 16-19-нд, Узбекистанд 27-31-нд болох тэмцээнд уралдана. Дээрх тэмцээнүүдэд оролцсоныхоо дараа Казахстаны Алматы хотыг зорьж, зургаадугаар сарын 5-12-нд болох Ази тивийн АШТ-д тоос өргөх аж.