“Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ О.Бямба-Эрдэнэ 71 кг-ын жинд өрсөлддөг. Бокстой нөхөрлөсөн он жилүүдэд түүнийг дайчин, тууштай байдал, шаргуу хөдөлмөрч зан нь хурцалж, амжилтад хөтөлсөн гэдэг. “Ширэн бээлий” клубээс спортын гараагаа эхлүүлсэн тэрбээр өдгөө үндэсний шигшээ багт данстай, тив, дэлхийн тэмцээнд улсаа төлөөлж оролцдог шилдгүүдийн нэг болжээ. Тухайлбал, тэрбээр Йорданы Амман хотод 2022 онд болсон Азийн АШТ-д 30 орны тамирчидтай өрсөлдөж, хүрэл медаль хүртэж байв. Олон улсын тэмцээнээс цөөнгүй медаль гардсан тэрбээр өнгөрсөн долоо хоногт Хандгайт дахь “Их тамир” цогцолборт зохион байгуулсан, олимпын эрхийн сорилго тэмцээнд ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлтийг хожиж, Тайландыг зорихоор болсон билээ. Тус улсын Бангкок хотод “Парис-2024” олимпын эрх олгох олон улсын тэмцээн ирэх сарын 23-наас зургаадугаар сарын 3 хүртэл үргэлжлэх юм.
-Тайландын Бангкок хотод болох олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн шигшээ багийнхны хувьд алдаж болохгүй боломж. Тамирчин бүр үүрэг хариуцлагатай оролцож, эрх гардах зорилготой хөл тавих нь дээ.
-Тийм ээ. Олимпын эрх олгох олон улсын нэг тэмцээн үлдсэн. Сорилго тэмцээнд түрүүлсэн тамирчид Тайландыг ирэх сард зорихоор бэлтгэлээ базааж байна. Бид Европт хоёр сар хамтарсан бэлтгэл хийхдээ Италид болсон олимпын эрхийн тэмцээнд оролцсон юм. Багш нар минь тэнд байх хугацаандаа нэлээд судалгаа хийсэн. 71 кг-ын жинд 70 тамирчин өрсөлдсөнөөс дөрөв нь олимпын эрх гардсан. Тэгвэл өнгөрсөн жил “Ханжоу-2022” Азийн наадамд хоёр тамирчин түрүүлж, Парист хөл тавихаар болсон. Тайландад зохион байгуулах тэмцээнд эрх аваагүй орны тамирчид өрсөлдөх тул ширүүхэн тулаан өрнөнө. Би тус улсад хоёр дахь удаагаа очих гэж байна. Тэндхийн цаг агаар бүгчим, их халуун. Шигшээ багийнхан өмнө нь хамтарсан бэлтгэл хийхдээ орчин нөхцөлд нь 10 хоноод дасаж байлаа. Миний хувьд Италид болсон тэмцээнээс эрх аваагүйдээ их харамссан. Тиймээс энэ удаа олимпын эрхтэй ирэх зорилго өөртөө тавьсан.
-Дотоод, гадаадын тамирчид 71 кг-ын жинд олноор өрсөлддөг болсон нь сүүлийн үед анзаарагдаж байна.
-Олимпын наадмын боксын тэмцээнд өмнө нь 71 кг-ын жин байгаагүй. Саяхан багтсан. Тамирчдын олонх нь жин өгсөж, эсвэл хасаж тулалддаг. Миний хувьд эрх олгох тэмцээнд шинэ танилуудтай таарч магадгүй. Заримд нь хэзээ ч хараагүй, бас тооцоолоогүй өрсөлдөгч нь байх болов уу. Тайландад очоод тоглох сугалаагаа хараад багш нартайгаа зөвлөлдөж, тактик боловсруулна. Би эл жинд таван жил тулалдлаа. Йорданы Амман хотод 2022 онд болсон Азийн АШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Эхний тулаанд Узбекистан, дараагийнхад нь БНСУ-ын тамирчныг ялж, гурав дахид нь Казахстаны тамирчин, дэлхийн аваргыг илүүрхэн шагналын тавцанд зогсож байлаа. Тэгэхээр тэнд учраа таарсан боксчидтой энэ удаа ч тулалдаж таарна. Тэднээс Казахстаны боксчин жиндээ тэргүүлдэг шилдгүүдийн нэг. Тэрбээр өмнөх тэмцээнээс олимпын эрх авлаа. Тамирчид хэдийгээр өрсөлдөгч ч гэлээ нэгээсээ суралцдаг. Түүний дайчин, зоригтой зан чанар нь таалагддаг юм.
-Боксоор хичээллэсэн тамирчидтай ярилцахад багадаа сахилгагүй, хөдөлгөөнтэй байснаа дурсдаг. Таныг ч бас тийм нөхдийн нэг байсан болов уу гэж бодож суулаа.
-Би ч гэсэн сургуулийнхаа дэггүй, сахилгагүй сурагчдын тоонд ордог байлаа. 2008 онд ангийнхаа хоёр найзтай үзвэр үзэхээр гарахдаа Баянзүрх худалдааны захын ойролцоо “Ширэн бээлий” клубийн хаяг байхыг олж харсан. Тус клубийг 2007 онд байгуулсан юм билээ. Гурвуулаа сонирхоод хаалгаар нь шагайтал дасгалжуулагч Д.Төрбат, Ш.Баярсайхан, Д.Хүдэрбаатар нар тамирчдыг бэлтгэл хийлгэж байв. Тэднийг харсан надад хичээллэх хүсэл төрж, багш нартай нь уулзахад уриалгахан хүлээн авч, “Маргааш хүрээд ир” гэлээ. Бэлтгэл хийж эхэлсэн анхны өдөр ах нар шиг амжилт гаргаж, тив, дэлхийн тэмцээнд оролцож үзэх сэн гэх хүсэл төрсөн.
-Тэмцээнээс хүртсэн анхны медаль араасаа шагнал дагуулдаг гэх юм билээ.
-Тэнд гурван сар бэлтгэл хийгээд С.Батсүх дасгалжуулагчийн нэрэмжит өсвөр үеийнхний УАШТ-д анх удаа оролцож түрүүлэхэд багш нар минь урам орж, манайхан ч их баярласан. Тэр өдөр алтан медалиа зүүгээд эмээ дээрээ очсон юм. Аав, ээж шагналыг минь мялааж “Миний хүү сайн байлаа. Хичээвэл хойшид ч амжилт гаргахаар байна. Үүнийг бэлтгэл хийхдээ өмсөөрэй” биеийн тамирын хувцас бэлэглэж билээ. Харин багш нар “Гурван тэмцээнд дараалж түрүүлбэл чамайг сургалтын төлбөрөөс хөнгөлнө. Хичээгээрэй” гэв. Итгэлийг нь алдалгүй бэлтгэлээ хийсээр гурван тэмцээнд түрүүлэн сургалтын төлбөрөөс хөнгөлүүлэхэд клубээс надад шинэ малгай, бээлий, дээс зэрэг хэрэгслээр шагнасан. Хүнийг хүсэл, сонирхол нь амжилтад хөтөлдөг гэдэгт би итгэдэг. Хэрвээ тэр өдөр Монголын алдартай тамирчдыг төрүүлсэн клубийг олж хараагүй бол өөрийгөө ямар замаар юу хийж явахаа төсөөлдөггүй. Би амжилтад хөтөлсөн багш нартаа, мөн намайг олон тэмцээнээс медаль авхуулсан клубтээ маш их талархдаг. Түүнээс хойш Д.Төрбат багш минь Гавьяат дасгалжуулагч цол хүртэж, шавь нараа баярлуулсан даа.
-“Ширэн бээлий” тив, дэлхийн, олимпын медальтнуудыг төрүүлсэн түүхтэй клуб байх нь.
-Намайг 2008 онд тус клубт анх ирэхэд Э.Бадар-Ууган, П.Сэрдамба, З.Энхзориг, Б.Түвшинбат ах нар Бээжингийн олимпод оролцохоор бэлтгэл хийдэг байв. Тэр жил Э.Бадар-Ууган ах олимпын аварга болж, П.Сэрдамба ах мөнгөн медаль хүртэн монголчуудыг огшоож баярлуулсан. Би багш нартайгаа одоо ч холбоотой байж, зөвлөгөөг нь сонсдог. Намайг залуучуудын УАШТ-ээс хүрэл медаль хүртэхэд тэд мөн урам хайрлаж “Тамирчин хүн алхам алхмаар урагшилдаг. Энэ удаа хүрэл медаль хүртсэн бол дараагийнхад өнгийг нь хувиргаж, алт болгоорой. Тууштай зүтгэсэн өдрүүд чамд нэг л өдөр амжилт болж ирнэ” гэж билээ. Шавь нарынхаа амжилтаар бахархаж, баярладаг сайн дасгалжуулагчдын удирдлагад хичээллэснээ ховорхон тохиох аз гэж боддог. Д.Төрбат багшийн шавь нараас Г.Баярхүү БНСУ-д мэргэжлийн боксын тэмцээнд тив, дэлхийн аварга боллоо. Мөн 2021 онд эмэгтэй тамирчдаас нь 75 кг-ын жинд М.Мягмаржаргал “Токио-2020” олимпод улсаа төлөөлж анх удаа оролцсон. Багш минь боксоос гадна холимог тулаан, кик боксын тамирчдыг бэлтгэдэг. Тэд түрүүчээсээ амжилт гаргаад эхэлсэн.
-“Ширэн бээлий”-гээс шигшээ багийн босгоор алхсан тэр өдөр танд ямар бодол төрсөн бол?
-Тус клубээс таван тамирчин үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаж, гадаадын тэмцээнд оролцсон байдаг юм. Шигшээ багийн тамирчин болсон ч надад хааяа клубээ үгүйлж, багш дээрээ очиж бэлтгэл хийх сэн гэх бодол төрдөг. “Ширэн бээлий”-гээс шагналын салхи хагалж, хүртсэн алтан медалиа бэлгэшээн туузныхаа хамгийн дээр залсан. Тэр медаль араасаа олон шагнал дагуулсан шүү. Намайг тал бүрээс дэмжих итгэл, найдвар ах, дүүст минь төрүүлсэн. Би залуучуудын УАШТ-ээс мөнгөн медаль хүртчхээд шигшээ багийн зааланд очиж, ах нартайгаа бэлтгэл хийж байлаа. Клубт бэлтгэл хийдэг тамирчинд шигшээ багийн заал эхэндээ том харагддаг л юм. Тухайн үед хүсэл мөрөөдөл тээж босгоор нь алхаж байв. Би 2012 онд Лондоны олимпод оролцох шигшээ багийн тамирчидтай хамт нэгдсэн цугларалтад гарсан. Ах нараас сурсан зүйл их бий. Тэр жил Лондоны олимпоос Н.Төгсцогт ах мөнгөн медальтай ирсэн. Би насанд хүрэгчдийн шигшээ багт 2017 онд нэгдсэн. Клубийнхээ зааланд өөрийн дураар бэлтгэл хийдэг байсан надад эхэндээ бүх зүйл өөр санагддаг байлаа. Халширмаар зүйлтэй нүүр тулахаар заал руугаа явахыг хүснэ. Ах нарт бэлтгэл хийхдээ балбуулчихаад гэр лүү алхахдаа боксоос холдъё гэж олон удаа бодсон. Ганцаараа алхахад хань болдог байсан тэр зам намайг зөв зүйлд хөтөлсөн дөө. Хэцүү санагдсан ч маргааш нь цүнхээ үүрээд зааланд ирдэг байлаа. Одоо эргээд харахад бокс омголон, давилуун зантай хүүг зөв хүн болгож төлөвшүүлжээ.
-Хааяа “тоосыг тань гөвчихдөг” байсан ах нартайгаа хэзээнээс ана мана тулалддаг болов?
-Тэдэнтэй жилийн дараа ана мана тулалддаг болсон. Ах нараас хааяа нэг хүртсэн зэмлэл өөрийгөө өөрчлөх, бэлтгэлээ чамбайруулах, амжилт гаргах том хөшүүрэг болж билээ. 2012 онд Лондоны олимпод оролцох хөнгөн жингийн тамирчдаас 52 кг-д тоглодог Н.Төгсцогт ахтай анх тулалдаж үзсэн юм. Би тэр үед 64 кг-д өрсөлддөг байсан үе. Түүний хоёр гар чанга шүү дээ, яг л төмөр шиг. Ахтай бэлтгэл хийчихээд гэдсээ дараад өрөө рүүгээ уйлаад ордог байлаа. Тэрбээр маргааш нь дахиад дуудна. Бэлтгэл хийхдээ “Чи өдөр ирэх тусам сайжирч байна. Улам хичээгээрэй” гэж урам өгнө. Өглөө кросст гүйхдээ хүртэл тэдний ард хоцрохгүй шүү гэж хичээдэг байлаа. Тэд тухайн үед намайг сайн тамирчин болгох гэж тал бүрээс зөвлөж, хичээдэг байсныг дараа нь ойлгосон.
-Дэвжээнд дандаа ялна гэж байхгүй шүү дээ. Хааяа сэтгэл гонсойх үе ч гарна. Ялагдал болгон муу байдаггүй. Амжилтаас атгахад нөлөөлдгийг тамирчдын тэмцээнээс харж байлаа.
-Киргизэд болсон олон улсын тэмцээнд оролцохдоо шигшээ багийнхнаасаа би ганцаараа медальгүй ирж байлаа. Тэр тэмцээний ялагдал намайг болоогүй байгааг ухааруулж, өөрийгөө дайчилж, бусдаас илүү хөдөлмөрлөх хэрэгтэйг ойлгуулсан. Монголд ирээд маргааш нь бэлтгэлдээ шууд орсон. Дараагийн тэмцээнд ялахын тулд ялагдлаа өдөр бүр боддог байлаа. Хэдэн сарын дараа Туркт зохион байгуулсан тэмцээнээс алтан медаль хүртэхдээ намайг амрах завгүй хөдөлмөрлүүлсэн өдрүүдэд талархаж зогссон. Миний сэтгэлд хэзээ ч мартагддаггүй нэг тулаан бий. 2009 онд болсон “Шижир алт” тэмцээнд оролцохын өмнө эмээдээ “Хүү нь түрүүлнэ, та харж байгаарай” гэсэн юм. Тухайн үед эмээгийн бие чилээрхүү байлаа. Эр хүний ёсоор амласнаа биелүүлээд алтан медальтай ирж, амжиж харуулсан. Эмээ, өвөө дээрээ өссөн хүүхэд зөөлөн сэтгэлтэй, зөв хүмүүждэг. Эмээ минь амьд эрүүн байхдаа “Та нар хүүг минь сахилгагүй гэж байнга зэмлэх юм. Хожим улсын хүн болоход нь бахархах өдөр ирнэ ээ” гэдэг байв. Түүнээс хойш гадаадын тэмцээнд Монголын тамирчин гэж зарлуулах бүрдээ эмээгийнхээ хэлсэн үгийг санадаг. Тамирчин хүнд улсынхаа, дараа нь аавынхаа, өөрийнхөө нэрийг дуудуулаад медаль хүртэх агшин хамгийн сайхан мөч байдаг. Спортоор хичээллэсэн бүхэн тамирчин болдоггүй юм. Сэтгэлтэй, тэвчээртэй, зорилготой нь үлдэж, замналаа үргэлжлүүлдэг.
-Та Баянзүрх дүүргийн 97 дугаар сургуулийг төгссөн гэл үү?
-Тийм ээ. Манай сургууль аэробик гимнастик, математикийн гүнзгийрүүлсэн сургалтаар бол улсдаа тэргүүлдэг. Намайг тус сургуульд сурахаар 11 дүгээр ангид шилжиж очиход багш “Ангийнхаа нөхдөд өөрийгөө танилцуулаарай” гэхэд нь нэрээ хэлээд, боксоор хичээллэдэг тамирчин гээд танилцуулж байснаа мартдаггүй.
-Шигшээ багийнхнаас хэнтэй хамгийн ойр нөхөрлөдөг вэ. ДАШТ-ий хүрэл медальт Б.Мишээлт таны сайн найзуудын нэг шиг санагдсан.
-Гавьяат тамирчин Э.Цэндбаатар, ОУХМ Б.Мишээлт нартай ойр дотно нөхөрлөдөг. Бид жаргал, зовлонгоо хуваалцаж сурсан найзууд. Энэ удаа 71 кг-ын жинд аваргын төлөө Б.Мишээлт найзтайгаа анх удаа таарлаа. Тэрбээр миний доод жинд тоглодог юм. Спортод найз ч байсан шударга өрсөлд гэдэг дүрэм бий. Тиймээс хэн хэндээ амжилт хүсээд тулалдсан. Боксын тамирчид “Дэвжээнд гараад чоно бай, харин буугаад хонь бол” гэж ярьдаг. Намайг тамирчин болоход аав, ээж “Хаана ч явсан нөхөдтэйгөө эвтэй байгаарай. Бэртэл гэмтэл, архи, тамхинаас хол яваарай” гэж их захидаг болсон доо.
-Та одоо “Хилчин” спорт хороогоор овоглодог шилдгүүдийн нэг болжээ. Тус клубээс төрсөн тив, дэлхий, олимпын медальтан цөөнгүй бий.
-Тус спорт хороогоор овоглоод дөрвөн жил болж байна. Боксын шигшээ багийг дасгалжуулж буй Гавьяат тамирчин Д.Отгондалай ах тус спорт хороонд харьяалагддаг. Одоо ахынхаа удирдлагад бэлтгэл хийж, зөвлөгөөг нь сонсоод, алдаа, оноогоо хуваалцаж явна. Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Эрдэнэбаяр багш ажилладаг. Тэрбээр тамирчдадаа “Бид та нарын биеийг тань бэлдсэн. Одоо толгойгоо ажиллуулж, амжилт гарга. Бидний хэлсэн, зөвлөснийг ухаанаараа баяжуулж урагшил” гэдэг юм. Спортод зөвхөн биеийн хүчээр амжилт гаргадаггүй. Боксчид тулааны дэвжээнд шатар тоглохтой адил ухаан зарцуулж ялалт байгуулдаг. Энэ ташрамд, амжилтад хөтөлсөн “Ширэн бээлий” клубийн ачит багш нартаа, мөн намайг дэмждэг “Хилчин” спорт хорооны хамт олон, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчдад, анх хичээллэх үеэс өнөөг хүртэл итгэл найдвар минь болж ирсэн гэрийнхэндээ талархсанаа илэрхийлье. Боксоор сонирхож хичээллэдэг дүү нартаа “Тамирчин болно гэж зорилго тавьсан бол тууштай байгаарай. Тэвчээр хүнийг амжилтад хүрэхэд хамгийн их нөлөөлдөг юм шүү” гэж хэлье.