Монголын шатрын холбооноос зохион байгуулсан өсвөр үеийн хөвгүүдийн 55, охидын 49 дэх удаагийн УАШТ-ий шигшээ шатны тоглолтод 833 тамирчин оюунаа сорьж, шилдгүүдээ тодрууллаа. Энэ удаа зургаан настнуудын ангилалд хөвгүүдээс Говь-Алтай аймгийн тоглогч Б.Буянхишиг, охидоос Хөвсгөл аймгийн шатарчин Д.Номуундарь улсын аварга болов. Тэгвэл 7-8 насныхад Б.Энхмандал (“Босоо ноён” клуб), Н.Аз-Эрдэнэ (Хөвсгөл), 9-10 насны ангилалд Д.Төгсбилгүүн (“Алдар”), И.Цэлмүүн (“Босоо ноён”) нар түрүүлсэн. Тус тэмцээнд 11-12 насныхан ширүүхэн өрсөлдөв. Учир нь эл ангилалд тив, дэлхийн тэмцээнээс медаль хүртсэн шилдэг тамирчид тэргүүн байрын төлөө ана мана тоглодог.
Тэднээс дасгалжуулагч Г.Мөнхбаярын удирдлагад хичээллэдэг “Стейниц” академийн тамирчин, 2023 оны сурагчдын дэлхийн аварга, Дэлхийн шатрын холбооны мастер Б.Буянхишиг тэргүүлж, өсвөр үеийн шатарчдын ДАШТ-ий 12 хүртэлх насныхны охидын ангилалд тоглох эрх өвөртлөв. Хөвгүүдээс “Гэгээн арвай” клубийн тамирчин Б.Батбаатар аваргаллаа. 13-14 насныхад Дэлхийн шатрын холбооны мастер Г.Урангоо (“Мончесс”), Г.Тэнүүндалай (“Босоо ноён”), 15-16 насныхны охид, хөвгүүдийн ангилалд шилдэг шатарчдын нэг Б.Ананд (I сургууль, “London chess”), Дэлхийн шатрын холбооны мастер Э.Хүслэн (“Хан-Алтай” клуб) нар тэргүүн байрт шалгарав. Багийн дүнгээр орон нутгаас Хөвсгөл аймгийн тамирчид алтан цом гардсан бол Говь-Алтай аймгийнхан удаалж, Сэлэнгийнхэн хүрэл медальтай нутаг буцлаа. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг клубүүдээс “Боссноён”-ы тоглогчид аваргаар шалгарч, “Гэгээ арвай”-гийнхан аман хүзүүдэн, “Стейниц” академийнхан III байр эзэлжээ.