Эрүүл мэндийн сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд нарын хамтарсан тушаалаар батлагдсан “Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд “Шүд эрүүл бол бие эрүүл” аяныг эхлүүлж байна. Хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилийн хугацаанд 85 хувиас буураагүй, эцэг эх, асран хамгаалагчдын амны хөндийн эрүүл мэнд болон эрүүл ахуйн мэдлэг хангалтгүй, хүүхдэд шүдээ зөв арчлах дадал төлөвшөөгүй, эрүүл зан үйлийг дэмжих орчин нь бүрдээгүй, чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ өндөр, урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамрагддаггүй зэрэг нь шүд цоорох өвчний гол шалтгаан болдог аж. Иймд Монгол Улсын Засгийн газрын хүн амын амны хөндийн эрүүл мэндийн нөхцөл байдлыг хэлэлцэж “Эрүүл шүд арга хэмжээг хэрэгжүүлэх тухай” 322 дугаар тогтоол баталж, Эрүүл мэндийн болон Боловсрол, шинжлэх ухааны сайд нарт “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулж батлуулахыг үүрэг болгосны дагуу сайд нарын 2024 оны 01 дүгээр сарын 19-ний хамтарсан тушаалаар 2024-2027 онд хэрэгжих “Эрүүл шүд” арга хэмжээний төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна. “Эрүүл шүд” арга хэмжээ нь нийт 6 зорилтын хүрээнд үйл ажиллагааг хэрэгжүүлснээр хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, урьдчилан сэргийлэлт, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, цэцэрлэг, сургуулийн орчинд хүүхдэд шүдээ зөв арчлах дадал, хэвшлийг төлөвшүүлснээр шүд цоорох өвчинд өртөх эрсдэлийг бууруулж, түүний хүндрэлээс сэргийлэх боломжтой болно гэж
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Боловсролын салбарт ажиллан хүүхэд багачуудын эрүүл энхийг сахин хамгаалах үйлсэд гар бие оролцож яваа эмч нартаа талархаж байна. Монгол Улсын Засгийн газраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг нийт хүн амд зохион байгуулахад 3 хүүхэд тутмын хоёрт 1-ээс дээш шүд цоорсон эмгэг илэрч байгаа нь зайлшгүй анхаарах асуудал болж байна. Хүүхэд багачуудад амны хөндийн эрүүл мэндийн боловсрол олгох, урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулахад эмч та бүхний үүрэг оролцоо маш чухал юм. Тиймээс “Эрүүл шүд” арга хэмжээг амжилттай зохион байгуулж эерэг үр дүн авчрахын төлөө хамтдаа хичээн ажиллацгаая” гэлээ.
Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд “Монгол Улсын Засгийн газраас шүд, амны хөндийн эрүүл мэндийг дэмжих, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн “Амны хөндийн эрүүл мэнд-1, 2”, “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр, “Эрүүл хүүхэд” аяныг тус тус зохион байгуулж, шүд цоорох өвчнийг бууруулахад чиглэсэн цогц арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж ирсэн гээд эдгээр арга хэмжээний үр дүнд шүд, амны хөндийн эмгэгийн тархалтыг бууруулж, бодлого, эрх зүйн орчныг сайжруулж, тоног төхөөрөмжийн хангалт сайжирч, эмч мэргэжилтний тоо нэмэгдсэн хэдий ч шүд цоорох өвчин нь бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байгаа” хэмээн дурдлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан уг арга хэмжээг цаг үеэ олсон, чухал ач холбогдолтой ажил болж байгааг онцолсон. Тэрбээр “Бусад улс орнуудтай харьцуулахад монгол хүүхдүүдийн дунд амны хөндийн эрүүл ахуйн асуудал яаралтай арга хэмжээ авах түвшинд хүрсэн. Амны хөндий нь хүний биеийн эрүүл мэндийн асуудалтай шууд хамааралтай учраас анхаарал хандуулж ажиллах нь маш олон эрүүл мэндийн асуудлыг шийдвэрлэхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилд эерэгээр нөлөөлнө” гэв.
Эх сурвалж: ЭМЯ