УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрөө 27 нам, хоёр эвсэл Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлээд буй. ҮАГ санал хураах өдрөөс 60-аас доошгүй хоногийн өмнө дүгнэлтээ гаргаж, СЕХ-нд хүргүүлэх учиртай. Тэгэхээр энэ сарын 20-доос эхлэн нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрт уг байгууллагаас ямар дүгнэлт өгсөн нь тодорхой болох юм. Хөтөлбөрт нь алдаа, зөрчил байвал тав хоногийн хугацаанд нам, эвслүүд засаж, дахин хүргүүлэх учиртай. Тэр болтол хэн, ямар хөтөлбөр боловсруулсан тухай нарийвчилсан мэдээллийг олон нийтэд дэлгэх нь хориотой. Гэхдээ намууд ерөнхий үзэл санаагаа хэдийн тайлбарлачихсан. Мөн мөрийн хөтөлбөртөө төрийн аудитын байгууллагаар дүгнэлт хийлгээгүй нам сонгуульд оролцох боломжгүй тул дээрх тоо нэмэгдэхгүй. Харин цөөрч мэднэ. Учир нь мөрийн хөтөлбөрөө тусдаа хүргүүлсэн гуравдагч хүчнийхэн аль нэг нам, эвсэлд нэгдэж, дэмжиж оролцох боломжтой юм.
МАН-ынхан ирэх дөрвөн жилд ч үргэлжлүүлэн төрийн эрхийг барьж, эхэлсэн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлнэ хэмээн өөдрөгөөр төсөөлж, ингэхдээ хуулийн хүрээнд “цэвэрхэн” амлалтууд өгчээ. Харин сөрөг хүчин АН-д ингэж “томрох” боломж үгүй. Тиймээс тэд эрх баригчдын алдаа, хэрэгжүүлээгүй амлалт, хийгээгүй ажлыг шүүмжилж, өнгөрсөн хугацаанд буруудсан бүхнийг засаж, залруулах төлөвлөгөөн дээр төвлөрч байна.
Юутай ч нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө мөнгө, байгалийн баялгийн хувь хишиг хүртээх, зээл, төлбөр тэглэх, ажлын байранд зуучлах зэргээр амлалт өгөхийг хориглосон. Харин улсын хөгжлийн урт хугацааны бодлогод нийцсэн зорилт тусгаж, үүнийг хэрэгжүүлэх мөнгөний зардлын дүн нь Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан шаардлагад нийцэж буй, эсэхдээ төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсан байх юм. Нэг ёсондоо тэд хоосон амлалт биш, ямар төслийг яагаад, хэрхэн хэрэгжүүлэх тухай бодит бодлого дэвшүүлж өрсөлдөх учиртай.
МАН
Тус нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө “Шинэ сэргэлтийн бодлого-Бүсчилсэн хөгжлийн реформ” хэмээн нэрлээд буй. Эдүгээ хэрэгжүүлж байгаа гол төсөл, хөтөлбөрөө үргэлжлүүлнэ гэсэн үг аж. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мөрийн хөтөл бөрөө ҮАГ-т өгөх үедээ “Бид Сонгуулийн тухай хуулийг зөрчөөгүй. Монгол Улсыг 2030 он хүртэл хөгжүүлэх бодлогод суурилж хөтөлбөрөө боловсруулсан. Хүний хөгжлийг бодлогынхоо цөм болгох ёстой гэсэн агуулга, үзэл санаагаар бүсчилсэн хөгжлийн реформыг бодитой хийхээр тусгалаа. Монгол хүний амьдралын чанарыг баталгаатай болгож, нэг хүнд ногдох ДНБ-ийг нэмэгдүүлэхэд анхаарсан” хэмээгээд цалин, тэтгэврийг нэмэх бодлого нь тооцоо, судалгаанд үндэслэсэн гэжээ. Тэгэхээр төсвийн холбогдох хуулийг зөрчихгүйгээр амлалт өгч болж байна гэсэн үг.
Мөн МАН-ын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой хэлэлцүүлэг нийгмийн сүлжээнд эдүгээ өрнөж байна. Сөрөг хүчний зүгээс ч эрх баригч намын мөрийн хөтөлбөрт анализ хийж, хэрэгжилтийг нь нэхэж, сануулж буй юм билээ. Тухайлбал, МАН-аас Газрын тос боловсруулах үйлдвэр барьж ашиглалтад оруулна, шатахууны үнийг 20-30 хувиар бууруулна хэмээн амлажээ. Гэтэл дээрх үйлдвэрийг 2027 онд ашиглалтад оруулна, ингэхдээ төлөвлөсний дагуу жилд 1.5 сая тонн биш, 300 мянгыг л олборлохуйц нөхцөл үүсчихээд буйг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны уржигдрын хуралдаанаар ярилаа. Түүнчлэн шатахууны үнийг бууруулах биш, эсрэгээрээ хомсдол үүсэж, дизелийн түлш 60 хувиар нэмэгдсэнийг сөрөг хүчнийхэн сануулжээ. Гэтэл ҮАГ-аас “МАН-ын мөрийн хөтөлбөрийг долоон зүйлээр шалгаад 73 хувь биелсэн гэж дүгнэлээ” гэсэн нь олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй .
АН
Тэд “Бүтэн Монгол-Бүрэн ардчилал” нэртэй 9+90+900 эрчимт хөгжлийн хэмээн тодотгож буй хөтөлбөр боловсруулжээ. Энэ нь улсын хөгжлийг дэлхийн дунджаас дээгүүрт хүргэх есөн зорилт, зогссон, гацсан төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх 90 ажлын жагсаалт, үүнийг хэрхэн хэрэгжүүлэх 900 гаргалгаатай гэнэ. АН-ын дарга Л.Гантөмөр мөрийн хөтөлбөрөө “Амлалт биш, ажил хийх эрчимтэй төлөвлөгөө” хэмээн онцолсон байна лээ. Найман жил сөрөг хүчний үүргийг хагас дутуухан гүйцэтгэсэн учраас тэд өнгөрсөн хугацаанд эрх баригчдын “сүйдэлсэн” эдийн засаг, авлигад идэгдсэн тогтолцоог “аврах” төлөвлөгөөгөө ийнхүү бий болгожээ. Өрийн болон төрийн дарамтгүй, хувь хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг бүтээхийн тулд юу хийх ёстойгоо тусгасан байх нь. Тус намын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Х.Тэмүүжин “Сонгуулийн мөрийн хөтөлбөр бол дөрвөн жилд бид юу хийж чадах вэ гэдэг өрсөлдөөний тайлбар юм. Үүнийгээ баталгаажуулахын тулд эдийн засгаа тэлэх ёстой. Дэлхийтэй хөл нийлүүлж алхаж байж энэ зорилгодоо хүрнэ. Тиймээс Үндсэн хуульт засаглалыг бэхжүүлж, хамгаалах ёстой. Хувь хүний эрх чөлөө, хуулийн засаглал, чөлөөт зах зээл, иргэний нийгэм гэсэн дөрвөн гол зүйл л Монгол Улсыг хөгжүүлж чадна. АН-ын хувьд хамгийн гол үнэт зүйл бол хүн” гэсэн байна.
Орон даяар хэлэлцүүлэг өрнүүлж, гишүүд дэмжигч, иргэдийн саналыг сонсож боловсруулсан учраас элдэв “хөөргөсөн” амлалт тэдний хөтөлбөрт бага байж мэднэ. Бас ямартай ч цалин, тэтгэвэр нэмэхтэй холбоотой “мөнгөн амлалт” өгсөн тухай ярихгүй байна. Нарийн заалтуудыг нь бид энэ сарын сүүлчээр мэднэ.
ХҮН НАМ
Тус намынхан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа мөн л мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын саналыг тусгажээ. Харин тус намын дарга Т.Доржханд БНХАУ, АНУ-д амьдарч буй монголчуудынхаа төлөөлөлтэй уулзаж, хөтөлбөрөө танилцуулан саналыг нь авснаараа онцлог болсон юм. Хилийн чанадад манай олон мянган иргэн ажиллаж амьдардаг. Гэвч тэдний сонгох эрх үргэлж хязгаарлагдмал байсаар ирсэн. Эх орноосоо бие нь хол ч сэтгэлээ ийш чилээж суудаг иргэдийнхээ саналыг улс төрийн намууд тэр бүр сонсоод, анхаараад байдаггүй. Тэгэхээр Монгол Улсыг гаднаас нь харсан, хөгжингүй орнуудад амьдарч буй иргэдийн саналыг хөтөлбөртөө тусгаснаараа давуу болсон байж мэдэх юм. Үүнээс өөрөөр тус намын мөрийн хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл алга.
Парламентад суудалтай гурван намын мөрийн хөтөлбөрийн ерөнхий санаанаас дүр төрх нь ийн харагдаж буй юм. МАН-ынхан ирэх дөрвөн жилд ч үргэлжлүүлэн төрийн эрхийг барьж, эхэлсэн хөтөлбөрүүдээ үргэлжлүүлнэ хэмээн өөдрөгөөр төсөөлж, ингэхдээ хуулийн хүрээнд “цэвэрхэн” амлалтууд өгчээ. Цалин, тэтгэвэр нэмэх нь хэзээд туснамын санал татах гол хөзөр байсаар ирсэн. Энэ сарын 1-нээс төрийн зарим албан хаагчийн цалинг өсгөв. Сонгуулийн өмнөхөн цалин, тэтгэврээ нэмүүлсэн иргэдэд таатай л санагдана. Мөн зудад өртсөн малчдын зээлийг хойшлуулна, тэглэнэ, төрөөс 100 хувь батлан дааж зээл олгоно гэх мэтээр бүрэн эрхийнхээ хүрээнд “ажил-амлалт” өгч, холбогдох хууль тогтоомж, шийдвэр гаргаж байна. Эрх баригчид хийсэн ажлаа танилцуулах, аливаа шийдвэр гаргах нь нээлттэй учраас давуу эрхээ эдэлж буй юм. Харин сөрөг хүчин АН-д ингэж “томрох” боломж үгүй. Тиймээс тэд эрх баригчдын алдаа, хэрэгжүүлээгүй амлалт, хийгээгүй ажлыг шүүмжилж, өнгөрсөн хугацаанд буруудсан бүхнийг засаж, залруулах төлөвлөгөөн дээр төвлөрч байна. Ингэхээс ч өөр аргагүй, бас тэдэнд оноо авчрах гол сэдэв нь яах аргагүй мөн. Тэгвэл ХҮН намынхан нийгмийн төлөөлөл, салбар, холбоод, хилийн чанад дахь иргэдээ ч сонсдог гэдгээ харуулж буй юм.
Гуравдагч хүчний жижиг намууд ч улс орноо хэрхэн хөгжүүлэх тухай төсөл, хөтөлбөрөө тусгасан байж таарна. Элдэв амлалт, байгалийн баялгийн хишиг, хувь тараахыг хуулиар хориглосон учраас эрх баригч л биш бол ажил ярихаас өөр сонголт үгүй. Эдийн засгаа хөгжүүлж, иргэдийн амьдралд бодит өөрчлөлт авчрахын тулд бодлогын ямар өөрчлөлтийг хэрхэн хийх үндэслэлтэй судалгаа, тооцоотой зорилтоор намууд өрсөлдөх учиртай. Тэдний сонгуулийн мөрийн хөтөлбөр ил болмогц иргэд сайн танилцаж, судалгаа, тооцоог нь магадлах ёстой болж байна. Бид өнгөрсөн 32 жилд найман удаагийн сонгуулиар хишиг хувь хүртээж, мөнгө тараах амлалтыг нь илүү сонирхож, гоё нэртэй том том төслүүдийг хэрэгжүүлэх “мөрөөдөл”-д нь итгэн сонголт хийсээр ирсэн. Гэвч үр дүнд нь эдийн засаг цаасан дээр сайхан өсөж, харин бодит байдалд эрс уруудлаа. Дундаж давхаргынхан нь ажил хийдэг тулдаа л өртэй, урд хормойгоороо хойд хормойгоо нөхөн амьдарч буй. Одоо хэлбэр биш, агуулга хөөж, хоосон амлалтаар бус, бодлогоор өрсөлдөх намуудыг л сонгох ёстой.