Итали улсын Жесоло хотод болсон, пара хөнгөн атлетикийн гран при тэмцээнд 57 орны 400 гаруй тамирчин спортын 22 төрөлд ур чадвараа сорив. Монголоос дасгалжуулагч Б.Батдорж, Б.Ирмүүний удирдлагад үндэсний шигшээ багийн зургаан тамирчин (эрэгтэй дөрөв, эмэгтэй хоёр) тамирчин оролцсон. Тэднээс эмэгтэйчүүдийн F-57 ангиллын бөөрөнцөг, зээрэнцгийн хоёр зайд Т.Мядагмаа түрүүлжээ. Мөн F-40 ангиллын зээрэнцэг, бөөрөнцгийн хоёр зайд Т.Саруултөгс мөнгөн медаль хүртсэн юм. Энэ удаа эрэгтэйчүүдээс Т-46 ангиллын 1500 метрийн гүйлтэд Б.Гармаабазар хүрэл, F-46 ангиллын бөөрөнцөг түлхэлтийн төрөлд Ч.Бат-Отгон хүрэл медаль зүүв.