Баянхонгор аймгийн иргэн Л.Дэнсмаа хилс хэрэгт холбогдон, эрүүл мэндээрэ хохирч буй гэх хүүгийнхээ талаар өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийсэн юм. Шударга бус байдлыг эсэргүүцсэн хүү нь Баянхонгорын шоронд өлсгөлөн зарлаад байгаа аж. Хэргийн талаар Л. Дэнсмаагаас тодруулахад “ Миний хүү Х.Төрбат өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө багын найз н.Мөнх-Эрдэнэ, н.Соронзонгомбо нартаа зодуулж, тархиндаа хүнд гэмтэл авч, эрүүл мэндээрээ хохирсон. Бид аймгийнхаа Цагдаагийн хэлтэст маргааш нь өргөдөл гаргахад мөрдөн байцаагч Д. Батцэнгэл шалгаж, прокурорт шилжүүлсэн. Тэрбээр шалгахдаа хэргийн байдалд дүн шинжилгээ хийлгүй, нэг талыг барьж, миний хүүг хилс хэрэгт оруулчихлаа. Хүүг минь зодсон Мөнх-Эрдэнийн садны хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авч, буруутай үйлдлийг нуун дарагдуулсан. Бид хүүгийнхээ цаашдын амьдрал, эрүүл мэндийн төлөө холбогдох бүх газарт хандсан нь миний хүүг сэтгэл санааны хүнд дарамтад оруулах боллоо. Мөрдөн байцаагч илт дарамтлан “Зүйл ангийг чинь хүндрүүлж өөрчилнө, чамд үзүүлээд өгнө” гэх мэтээр заналхийлж, хүү маань хохирсон дээрээ давхар хохирч байна. Баянхонгор аймгийн прокурор хүлээсэн үүрэгтээ хайнга хандан, гадны нөлөөнд автаж, хувийн сонирхлоор шийдвэр гаргасныг шүүх анзаарч үзсэнгүй. Миний хүү шударга бус үйлдлийн эсрэг алтан амиараа дэнчин тавьж, өнгөрсөн сарын 28-наас эхлэн өлсгөлөн зарласан. Болж буй үйл явцын талаар Улсын прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд өргөдөл гаргасан ч Баянхонгор аймгийн прокурорын байгууллага уламжлалгүй, өөрсдөө шийдвэр гаргаж, биднийг илт доромжилж байна. Иймд бид “Иргэний шударга шүүх” ТББ-д хандаж байгаа юм” гэв. Өлсгөлөн зарласан Х.Төрбатын бие сайнгүй байгаа аж. Асуудлыг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүсэн ар гэрийнхэн нь Дээд шүүхэд өргөдөл гаргажээ.