Ерөнхий боловсролын 115-р сургуулийн сэтгэлзүйч Э.Сайнсанаатай ярилцлаа. Тэрбээр үе тэнгийнхний дээрэлхэлт, буруу зуршлыг сэтгэл зүйн талаас тайлбарлаж, эцэг эхчүүд рүү чиглэсэн үнэтэй зөвлөгөө өгсөн юм.
-Сургуулийн орчинд үе тэнгийнхний дээрэлхэлт хэрээс хэтэрснийг албаныхан хэлж буй. 115 дугаар сургуульд эл асуудал ямар түвшинд байна вэ?
- 2023 оны есдүгээр сараас хойш дөрвөн тохиолдол гарсан. Гурван хүүхэд 108 тусгай дугаарт хандсан байсан. Үүнийг шууд хүнд асуудал гэж бүү хүлээж аваасай гэж хүсье. Сургууль дээр кинон дээр гардаг шиг буланд шахаж байгаад зодоод, элдвээр хэлсэн асуудал бодит байдалд гардаггүй. Дээрэлхэлт гэхээр тусгаарлагдсан, жийгдсэн мэдрэмж юм. Жинхэнэ утгаараа дээрэлхэлт мэдэрсэн хүүхэд ондоо байдаг. Мөн дээрэлхсэн гээд байгаа хүүхдүүдийн зуун хувь буруу байдаггүй.
-Сургуулийн сэтгэлзүйчийн хувьд эдгээр хүүхдүүдтэй нэгбүрчлэн ярилцдаг байх. Ачаалал хэр байна даа?
-Сургуулийн сэтгэлзүйч нар маш ачаалалтай ажилладаг. Нэг сэтгэлзүйчид 2800 гаруй хүүхэд ногддог. Гэвч бид бүх хүүхдэд хүрч ажиллах үүрэгтэй. Асуудалд орсон, сэтгэлийн шарх авсан гэж ялгахгүй бүх хүүхэдтэй харилцах ёстой. Гэвч энэ олон хүүхдэд хүрч ажиллах хэцүү, үүнд сэтгэл эмзэглэдэг.
-Хүүхдийн сэтгэл зүй наснаас нь хамаарч өөрчлөгддөг байх. Аль насанд нь илүү анхаарах хэрэгтэй вэ?
-Дэлгэцийн хамааралтайгаас болоод сурагчдын харилцааны чадвар нь буурсан байна. Дунд ангид энэ асуудал бүр хүндэрсэн. Бага ангийн хүүхдүүд асуудалгүй юм шиг харагддаг. Өглөө хичээлдээ ирлээ, явлаа бүх зүйл хэвийн юм шиг харагддаг. Хүүхдийн сэтгэл зүйн асуудлууд дунд ангиас илэрч эхэлдэг. Энэ жил бидний ажиллах журамд өөрчлөлт орж, хүүхдийн тооноос хамаарч сэтгэл зүйчийн тоог нэмэх шийдвэр гарсан. Ирэх намар хэрэгжиж, сэтгэлзүйчийн шинэ баг ажиллаад эхлэх болов уу. Энд нэг сайхан зүйл нь хүүхдүүдтэй ажиллах үедээ хамгийн сайхан, гэгээлэг ертөнцөөр аялна. Нөгөө талаар томчуудад үгүйсгэгдсэн, өөрийнх нь сэтгэл хөдлөл мэдрэмжийг хэн ч асуудаггүй, ярьж буй зүйлийг нь хэн ч сонсдоггүй хүүхдүүдтэй ярилцдаг. Томчууд өөрийн үзэл бодлыг тулгадгаас үүдэн хүүхдүүд дотогшоо болох, бусдаас өөрийгөө тусгаарлах шалтгаан болдог. Хоёр, гурван удаа ярилцсаны дараа хүүхдэд өөрчлөлт илт мэдрэгддэг. Нүд нь гэрэлтдэг, яг тэр харцыг харах хамгийн сайхан. Тэгээд илүү олуулаа ажиллаад бүх хүүхдэд хүрч ажиллах юм сан гэсэн хүсэл төрдөг.
-Өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл зүй их савлагаатай. Үүнийг дагаад хорт зуршилд татагдаж, заримдаа нэгнийгээ дээрэлхдэг. Танай сургуульд энэ асуудал хэр хэмжээнд байна вэ?
- Манай сургуулийн хувьд нэгнийгээ зодсон, мансуурсан адгийн зан гаргасан зүйл байхгүй. Ангиасаа тусгаарлагдаад, найзгүй болоод байгаад нь тухайн анги, хамт олныг буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэд санаатайгаар бусдыгаа хэцүү байдалд оруулах нь тун цөөхөн. Муудалцах үедээ муухай үг хэлэх тохиолдол байдаг. Тэгэхээр “доромжилсон” гэх шалтгаан нь бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч сураагүй, хэл амаар дайрахад тэр хүнд ямар хэцүү мэдрэмж өгөхийг мэддэггүйд байгаа. Тиймээс тэдэнд үүнийг хэлж, ойлгуулах нь чухал.
-Бага ангийн зарим хүүхэд надад найз байхгүй гэхийг олон сонсож байсан. Энэ асуудлын шийдэл юу вэ?
-Үе тэнгийнхний дээрэлхэлтэд өрсөн гэх хүүхэд харилцааны чадвар султай байдаг. Өөрийгөө илэрхийлж чаддаггүй, өөртөө итгэх итгэл муутай. Тиймээс найзгүй, өөрийгөө дээрэлхэж байна гэж мэдэрдэг. Уулзаад зөвлөгөө өгөөд, ярилцахаар өөрийгөө илэрхийлээд давуу талаа олж хараад, өөртөө итгэх итгэл нь нэмэгдэж ангийнхантайгаа харилцах харилцаа нь сайжирдаг.
-Эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөөч. Зарим хүн хооллох, хувцаслах өглөө сургуульд нь хүргэж өгч, авдгаа хүүхдээ их сайн хардаг гэж боддог.
-Хэлэх зүйл маш их байна. Томчуудын хувьд маш их ажиллаж, амьдарлаа авч явах нь гарцаагүй. Ялгаагүй ядарна, хямарна тэгэхээр буруутгах аргагүй. Гэхдээ одоогийн нийгэмд хүүхдэдээ анхаарахгүй бол болохгүй. Бага насны хүүхдүүд гэртээ очоод 4-5 цаг утас, зурагт үздэг, дэлгэцээс салдаггүй. Хоорондын амьд харилцаагүй болчихсон гэр бүл маш их байна. Орой очоод хоолоо идсэн үү, ингэ тэг гээл ойр зуурын юм яриа л өрнөдөг. Хүүхэдтэйгээ ярилцаагүйгээс тэд дэлгэцтэй л “найзалж” байна. Дэлгэцийн хэрэглээнээс болж бусадтай харилцах чадвар маш ихээр буурдаг.
Хүүхдүүд бусдын сэтгэл хөдлөлийг мэдэрч, хүлээн авч чадахгүй байна. Нийгмийн харилцаанд орох чадваргүй болсон. Нэг ангид ийм 4-5 хүүхэд байхад л асуудал үүсдэг. Багаас нь харилцааны чадварт суралцуулах нь их чухал. Өнөөдөр юу тохиолдсон сайхан зүйл нь юу байв, асуудал байна уу гээд ярилцах хэрэгтэй. Миний ажигласнаар өөрийгөө зөвөөр илэрхийлж чадахгүйн улмаас бусдад аюулд орох магадлалтай. Олон дунд орохоороо юу хийхээ мэдэхээ больдог, өөрийгөө аюултай орчинд ороод ирлээ гэж мэдэрдэг. Улмаар бусад хүүхдүүдтэй ёс зүйгүй харьцдаг. Энэ нь өөрийгөө хамгаалж буй үйл явц. Санаатай гаргаж байгаа зан биш юм.
-Өсвөр насны хүүхдүүд бусдад сайхан харагдаж байна гэж бодоод, хортой зүйлсийг хэрэглэдэг шиг ээ. Үүнийг юу гэж боддог вэ?
-Нэгт, бусдад гоё харагдах гэж, хоёрт, сонирхож хэрэглэдэг. Нэг талаас буруутгах боломжгүй. Бүх хүүхдүүд юмсыг сонирхож даган дуурайдаг. Хор уршгийг нь сайн таниулах хэрэгтэй. Эхлээд сонирхоно тэгээд байнга хэрэглэдэг болно. Өөрийгөө илэрхийлэх бэрхшээл багатай хүүхдүүд нэг, хоёр удаа хэрэглээд буруу гэдгийг мэдээд хаядаг. Жишээ нь, электрон тамхи хэрэглэдэг хүүхдүүд өөрийн сэтгэл хөдлөл, мэдрэмжээ илэрхийлж чаддаггүйгээс шалтгаалж энэ тамхийг хаяж чаддаггүй. Тэр хүүхдийг сонсох хүн байхгүй, ээж аав нь хол, үл хайхралтад өртсөн, суурь хэрэгцээг хангахаас гадна сэтгэл зүйг ойлгож ярилцаагүйгээс болж энэ асуудал үүсээд байна. Хорт зуршлаас хол байлгая гэвэл сэтгэл зүйн хэрэгцээ талаас нь анхаарах хэрэгтэй.
-Өсвөр насны хүүхдүүд газ, хар тамхи хэрэглэдэг болжээ. Зарим сургуульд бүр өндөр авсан хэмээн нийгэмд яригдаж байна. Танай сургуульд ийм асуудал гарсан уу?
-Одоогоод сэтгэлд нөлөөлөх бодис хэрэглэсэн тохиолдол гараагүй. Тийм асуудалтай хүүхдүүдийн дийлэнх нь муу хүүхдэдээ биш, тусламж хэрэгтэй, хайрлуулах өндөр хэрэгцээтэй, халамж хэрэгтэй болохоор энэ зүйл рүү татагддаг. Хүн төрөхдөө муу хүн болж төрнө гэж үгүй. Өсөж торних явцдаа мэдэрсэн сэтгэлийн шархнаасаа болж буруу зүйлд татагдаж, ордог.
-Хүүхдүүдтэй ярилцаж байхдаа ямар зүйлд сэтгэл эмзэглэж байсан вэ?
-Үл хайхрагдсан хүүхдүүд хамгийн их эмзэглэдэг. Хүүхдийг сул дорой байж болохгүй, уйлж болохгүй, хэн нэгнийг санаж, гутарч болохгүй гээд бүх сэтгэл хөдлөлийг нь багаас нь түгжсэн. Би ингэсэн гээд асуудлаа хэлэхээр юунд нь гоншигнодог юм, юундаа уйлдаг юм гээд сэтгэл, мэдрэмжийг хорьдог, үүнд л их эмзэглэдэг. Энэ харилцаа бүх асуудлын үндэс болдог. Би чамайг халамжилна, сонсоно, чи уйлж болно гэдэг халуун мэдрэмж багаасаа аваагүй хүүхэд байдаг.
-Гүндүүгүй бай, эр хүн байж үг даахгүй, шийртэй бай л даа гэдэг монгол хүний хандлага байдаг энэ зөв үү?
-Ихэвчлэн яагаад эрэгтэй хүмүүс хорт, буруу зүйлд татагдаад байна вэ гэж үү. Миний бодлоор эрэгтэй хүмүүсийг зарим мэдрэмжээ ашиглаж болохгүй гэдэгтэй холбоотой. Эрэгтэй хүүхэд ч гэсэн уйлж мэдрэмжээ илэрхийлж болно. Хөвгүүдэд надтай эсвэл багштайгаа ярилцаж, ямар ч мэдрэмжийг гарга гэж хэлдэг. Эцэг эхэд нь хүүхдээ сайн сонсоорой, эрэгтэй, эмэгтэй гэж битгий ялгаварлаарай гэж зөвлөдөг.
Сургууль дээр хүүхдүүд мэр сэр хоорондоо зодолдох асуудал гардаг. Үүнд зарим эцэг, эхчүүд эрчүүд яадаг юм зодолдоо л өнгөрнө шүү дээ гэдэг хандлага гаргадаг. Энэ хандлага маш буруу. Хүн уур бухимдлаа хурцаар илэрхийлж болох юм гэдэг ойлголт өгдөг. Одоо үед түрүүлж хөдөлсөн нь буруудна. Хүүхдүүдэд хуулийг сайн ойлгуулж, мэдүүлэх хэрэгтэй байна. Хамрын үзүүрээс цаашаа хүний биед дураараа хүрч болохгүй. Хүн цохисноор сэтгэл зүйд нь хохирол учирдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Хууль талаасаа зохицуулж өгч эхэлсэн.