Прокурорын байгууллагаас 2024 онд хийж хэрэгжүүлсэн ажил, олны анхаарал татсан зарим хэргийн шийдвэрлэлтийн талаар өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ. Прокурор хуулиар хүлээсэн төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хүрээнд 64 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 1973 иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцжээ. Тухайлбал, төрийн албан хаагчийг хууль бусаар томилсон, чөлөөлсөн, түр чөлөөлсөн, халсны улмаас төрд учруулсан 206.6, гэмт хэрэг, зөрчлийн улмаас төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 330.3, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 603.4 сая, Засгийн газрын тусгай сангуудаас олгосон 2.5, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөртэй холбоотой 28.4 тэрбум төгрөгийн хохирол, төлбөрийг гаргуулах иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон аж. Үүнээс төр, нийтийн ашиг сонирхолд учирсан 33.7 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авчээ. Тодруулбал, Иргэний нисэхийн ерөнхий газрын хүсэлтээр гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой 411.1 сая, Нийгмийн даатгалын газрын хүсэлтээр нийгмийн даатгалын шимтгэл, алданги гаргуулахтай холбоотой шүүх хуралд оролцон 26.6 тэрбум төгрөгийг төрд олгуулахаар болсон байна.
Тэгвэл өнгөрөгч онд гэмт хэргийн улмаас бусдад 3.7 их наяд төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсны 1.7 их наяд буюу 46 хувийг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нөхөн төлүүлэх арга хэмжээ авчээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн хүнээр хохирол нөхөн төлүүлэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад 157.5 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк, бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг прокурор хязгаарласан байна. Мөн 304 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг битүүмжлэх зөвшөөрлийг мөрдөгчид олгож, хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан гэнэ.
2024 онд авлига, албан тушаалын 1742 хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэрэгт прокурор хяналт тавьсан бөгөөд өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал энэ төрлийн гэмт хэрэг 4.9 хувиар өсжээ. Үүнээс 306 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан 197, хахууль авч, өгсөн 128, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн найм, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гурван хэргийг шүүхэд шилжүүлжээ. Хууль бусаар олсон хөрөнгө орлогыг хураах зорилгоор гэмт хэрэгт холбогдсон хүн, хуулийн этгээдийн 3.1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад битүүмжилж, 85.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгө хураан авчээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийн 66.6 хувь нь нийслэлд, 33.4 нь орон нутагт гарсан байна. Улс төрд нөлөө бүхий болон нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан нь нийт авлига, албан тушаалын хэргийн 78 хувийг эзэлжээ.