БНАСАУ хэмээх хаалттай орон дэлхий нийтийн анхаарлын төвд байсаар. Сүүлийн хэдэн өдөр бүр ч илүүтэйгээр өртөх болсон нь тус улсын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнтэй холбоотой. Их удирдагчийгаа оршуулах ёслол тус улсад сүр дуулиантай болж өнгөрөв. Талийгаач эцгийнхээ үйл хэргийг хүү Ким Чен Ун залгамжилж, цэрэг армиа гартаа авлаа. Өдгөө дэлхий даяар түүний явуулах цэрэг, улс төрийн бодлогыг анхааралтай ажиглаж байна. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ир таалал төгссөнд гашуудсан тус улсын иргэд өнгөрсөн сарын сүүлчээр Монгол дахь ЭСЯ-ндаа цэцэг барин ирж, бүтэн хоёр цагийн турш эмгэнэл илэрхийлсэн юм. БНАСАУ-аас гэрээгээр барилгын ажил хийхээр ирсэн 1598 хүн Монголд ажиллаж амьдардаг.
Зам, барилгын ажил хийж буй тэднийг ЭСЯ-ныхан нь бага оврын автобус (микроавтобус) хөлслөн авчирч их удирдагчийнх нь зурагт мөргүүлсэн гэсэн. Гэрээт ажилчид нэгэн жигд хувцсаар “гангарч” ирсэн байв. Тэдэнтэй ярилцахыг хүссэн ч холбогдох албаны хүмүүс нь боломж олгосонгүй. Ажилчдыг “Номин”-гийн болон MCS-ийн бариулж буй орон сууцны барилгаас бөөнөөр нь авчирсан гэж микроавтобусны жолооч өгүүлэв. Солонгосчууд манайд ямар нөхцөлд ажиллаж, амьдарч байгаа, хэчнээн төгрөгийн цалин авдаг талаар бид сурвалжлахыг зорилоо. Зөвлөлт их гүрэн 1990 онд задарч, тус улсаар тэтгүүлж байсан манайх, БНАСАУ зэрэг орны амьдрал хүнд байдалд орсон. Өндөр цалинтай ажил хийж, ахуй амьдралаа дээшлүүлэхээр манайхан хоёр их хөршийнхөө хооронд “гахай” үүрч, харьд ажилласан.
Харин Хойд солонгосчууд манайхаас арай хожуу буюу 1990-ээд оны сүүлч 2000-аад оны эхэн үед өлсгөлөн, хүнд хэцүү амьдрал, дарамтаас зугтан дүрвэж эхэлжээ. Учир нь БНАСАУ цөмийн зэвсгээр хөөцөлдсөнөөс олон улсын зүгээс тус улсын эсрэг хориг арга хэмжээ авч, хоол унд, гэрэл цахилгааны хомсдолд орж, залуус нь эх орноосоо зуг тан гарсан. Тус улсаас оргон гарч буй иргэд янз бүрийн замаар зугтдаг болов. Нэг хэсэг нь БНХАУ-ын Далян зэрэг боомтоор дам жин өмнөд рүүгээ ордог байж. Гэвч тэднийг ийн зугтаж байгааг БНАСАУын тусгай алба, нууц цагдаагийн байгууллага нь шиншилж, тухайн бүс нутагт тагнуулчдаа байршуулж, ор гож буй иргэдээ баривчлан, эх ор ноо соо урвасан хэмээн ял тулгаж эхэлсэн гэнэ.
Өмнөд солонгосчуудаасаа нэг их ялгагдахгүй болтлоо өөрчлөгдсөн дүрвэгчдийг барьж өгдөг зүйл нь манайхны хэлээр “нутгийн аялга” байжээ. Яг л монгол болон өвөрмонголчуудынх шиг. Аялгаа далдалж чадсан нь баригдалгүй өнгөрч, өмнөдийнхөө хилээр нэвтэрдэг байсан нь сүүлдээ эрсдэлтэй болж. Тиймээс 2000 оноос эхлэн манай улсаар дамжин өмнөд рүүгээ орох замыг хайж эхэлж. Тус улсаас дүрвэгчид Хятадын хилийг давж, Монголын хилчдэд баригдвал бүх хэрэг бүтлээ гэж ярилцдаг байсан гэдгийг манай хилчид өгүүлдэг. Хилийн тагнуулын албанд ажиллаж байсан, нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн хүн “Хойд Солонгосоос дүрвэж, ЭрээнЗамын- Үүдийн боомтоор явган алхаж орж ирсэн хэсэг дүрвэгсдийн дунд хүүхэд байсан. Гэвч Монголын нутагт орж ирээд хилчдэд баригдахаасаа өмнө, говьд ангаж амиа алдсан тохиолдол гарч байсан” гэж өгүүлсэн юм.
Монголын хилийг явган зөрчиж орж ирсэн хэсэг хойд солонгосчуудад БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯнаас түр үнэмлэх олгож, Буянт-Ухаагаас хөөргөсөн бай на. Өмнөдийнхөн харин ардчилсан солонгосчуудаа ад үзэлгүй, тэтгэлэг өгч хүлээн авдаг гэх. Монголоор дамжин өмнөдийгөө зорих хойд солонгосчуудын урсгал нэмэгдэхийн хэрээр тэднийг түр орогнуулах байр шаардлагатай болсон юм. Тиймээс Багануур, Налайхад харуул хамгаалалттай, эмнэлгийн багахан салбартай нууц байр хүртэл бариулсан нь одоо ч бий. Гэхдээ яагаад ч юм манайхаар дамждаг хойд солонгос иргэд эрс цөөрсөн гэдэг. Дүрвэгчдийг манай улсаар дамжуулан БНСУ руу гаргадаг хятад, монгол иргэдийн сүлжээ бий болсон байна.
Албан бус мэдээллээр 5000 орчим хүн энэ замыг дамжин гарсан гэдэг. Манай улс НҮБ-ын дүрвэгсдийн асуудлаарх конвенцод нэгдээгүй нь тус улсын дүрвэгчдийг цаашид хүлээн авах боломжгүйд хүрсэн байна. Тиймээс хоёр улсын харилцаанд сэв суулгахгүй байх үүднээс нууцлаад өнгөрөөдөг байсан юм билээ. Энэ бүхний эцэст манай улсаар дамжин өнгөрөх явдал 2008 оноос зогссон гэдэг. Өмнө нь хойд солонгосчууд нууцаар орж ирж, удаан хугацаагаар суурьшиж, барилгын салбарт ажиллаж байсан түүхтэй. 2008 оноос нууцаар дүрвэж ирэх явдал зогссоноор БНАСАУ-ыг өлсг өлөн, гуйланчлал, ядуурлыг үл тэвчин орхин гарч буй иргэд нь усан онгоцоор Зүүн өмнөд Азийн орнууд руу оргож, тэндээсээ дамжин өмнөдийн ах дүүс рүүгээ очдог болсон гэнэ. Харин манай улс руу гэрээт ажилчид нь ирдэг болж.
Хойд Солонгосын иргэдтэй хамт барилгын компанид ажиллаж буй монгол нэгэн иргэн “Хойд солонгосчууд их өрөвдөлтэй. Уг нь бидэнтэй л адил хоол унд идэж байгаа. Гэвч гэр орон, үр хүүхдээ санадаг юм уу, хар ажил хийж ядарч, туйлдаж, манай орны цаг агаарын нөхцөлд тэсэхгүй даарч хөөрч байгаадаа гутардаг. Архинд дуртай, маш их уудаг. Монгол хоолонд муу, идэж чаддаггүй, ажилчид нь зөвхөн цагаан будаа агшааж идэх нь ч бий. Тэд өлөн зэлмүүн явж сурсан улс. Цалин нь гадаадын иргэд гэдэг утгаараа биднээс арай илүү. Сард 500- 600 мянган төгрөг авдаг. Түүнээсээ улсдаа татварт өгч, үлдсэн жаахныг нь ар гэр рүүгээ явуулаад цөөн хэдэн төгрөгтэй үлдэн, будаа, дулаан хувцас арай гэж авч өмсдөг. Гэхдээ зарим нь их омогтой. Монголчуудтай муудалцаж, хэл ам хийдэг. Түүнээс болж өнгөрсөн арваннэгдүгээр сард хоёр улсын иргэдийн хооронд зодоон болж, монголчууд гэмтсэн шүү дээ” гэсэн юм.
Олон улсын хүний эрхийн байгууллагаас бидний авсан мэдээллээр манай улс төдийгүй өөр бусад оронд ажил лаж буй иргэдийнхээ хөдөлмөрийн хөлсний 70 гаруй хувийг БНАСАУ-ын Засгийн газар нь хураан авч, үлдсэн хэсгийг ар гэр болон өөрсдөд нь өгдөг аж. Хүний нутагт хөдөлмөр эрхэлж, арай гэж олсон хэдэн төгрөгийнхөө ихэн хийг төр засагтаа хураалгадагтаа гутар дгаас болсон уу, Монголд Хойд Солонгосын хоёр иргэн нүд анисан. Тэдний нэг “Шинэ гэр” хорооллын барилгын гүйцэтгэгч, “Хурд” компанид гэрээгээр ажиллаж байсан Су Чоп Хо барилгынхаа хашааны гадна талд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 24- нд нас барсан тухай бид мэдээлсэн. Уг хэргийг Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.
Хууль хяналтын байгууллагын эх сурвалж “Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр гаднын ямар нэг нөлөө байгаагүй. Архи хэтрүүлэн хэрэглэж, согтоод гадаа унтсанаас осгож нас барсан нь батлагдсан. Энүүхэндээ гэж хэлэхэд тэд хоол унд муутай байдаг бололтой” гэж мэдээлэв. Харин хоёр дахь нь Ким Чен Ирийн нас барсанд гашуудан эмгэнэл илэрхийлснийхээ дараахан буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27-нд ГССҮТ-д эмчлүүлж байгаад хорвоогоос хальжээ. Сон Ки Бог гэх 53 настай энэ эрийн нас барсан шалтгааныг тодруулахаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ажилтнууд шалгаж буй юм байна. Шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн биед ил харагдах ямар нэгэн шарх сорви байгаагүй аж. Тэрбээр арванхоёрдугаар сарын 24-нд ГССҮТ-д эмчлүүлэхээр очиж, хэвтсэн бөгөөд хаана ямар ажил хийдэг байсан талаарх мэдээллийг цагдаагийн байгууллагынхан өгөхийг хүссэнгүй. Эх сурвалж “Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсны дараа тодорхой мэдээлэл өгье” гэхээс өөрөөр ямар нэг зүйл ярихыг хүссэнгүй.
Г.ЦОЛМОН