Оросын шоронгуудад хоригдаж байсан ялтангууд 2022 оны зургадугаар сараас эхлэн Орос-Украины дайнд оролцож эхэлжээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эх сурвалжаа дурдан мэдээлж буйгаар өнөөдрийн байдлаар 100 мянга гаруй хоригдлууд фронтод дайтжээ.
Тэд фронтын шугам руу сайн дурын үндсэн дээр ялаа хэлтрүүлэх нөхцөлтэйгээр явсан.
Эхэндээ хоригдлуудыг “Вагнер” хувийн армийн эзэн Евгений Пригожин эгнээндээ элсүүлж байсан бол 2023 оны 2-р сараас хойш зөвхөн ОХУ-ын Батлан хамгаалах армийнхан шийддаг болсон байна.
Армид элсүүлэх нөхцөл нь Вагнерынх ч Батлан хамгаалах яамных ч ижилхэн аж. Фронтын шугамд зургаан сар довтолж, ерөнхийлөгчийн өршөөл аван гэртээ харих. Мянга мянган хоригдол амь зрэгдсэн ч зарим нь, тэр дундаа ноцтой гэмт хэрэгээр ял авсан хэдэн арван хүн гэртээ буцжээ.
2023 оны 9-р сараас хойш хоригдлууд дайн дуустал фронтын шугамд үлдэж байж өршөөлд хамрагдах болзолтой болжээ.
Их Британийн Батлан хамгаалах яамны тагнуулын албаны тооцоогоор өнөөг хүртэл Оросын арми нийт 300 мянган орчим хохирол амссанаас шархадсан 40 мянга нь, амь үрэгдсэн 20 мянга нь хоригдлууд байж магадгүй юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр анх армид элсүүлэхдээ хүчингийн, терроризм болон хар тамхитай холбоотой хэргээр ял шийтгүүлсэн хүмүүсийг авахыг хатуу хориглодог байсан бол хожим нь эдгээр нөхцөлийг зөөлрүүлсэн байна.
Зарим хэвлэлд бичиж байгаагаар арваннэгдүгээр сарын эхээр онц ноцтой хүн амины хэрэг үйлдсэн 17 ялтан Украины дайнд оролцсоноор ОХУ-ын Ерөнхийлөгчийн өршөөлд хамрагдсан байна. Тэдний зарим нь фронтоос ирээд дахин гэмт хэрэг үйлджээ.