Ховд аймгийн Чандмань суманд өнгөрсөн сарын сүүлчээр хууль бусаар есөн монгол бөхөн агнасан хэрэг гарчээ. Дэлхийд ховордсон энэ амьтан 2000 оны тооллогоор 5000 орчим байж. Гэтэл 2005 онд 1500 орчим тоологджээ. Харин 2008 онд Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн санхүүжилтээр хийсэн тооллогоор 3240 байгааг тогтоосон аж. Дэлхийн “Улаан ном”-д бүртгэлтэй бөхөн Их нууруудын хотгорын хэсэгхэн нутаг буюу Ховдын Хар ус нуур, Дөргөн, Хяргас нуурын орчим, түүнээс урагш Хүйс, Шаргын говь, Бигэр, Бөөн цагаан, Орог нуур хүртэлх нутагт байдаг аж.
Нэн ховор энэ амьтныг ингэж нэг дор олноор нь авласан хэрэг сүүлийн үед цөөнгүй гарах болсон гэдгийг эх сурвалжууд баталж буй юм. Тухайлбал, Ховд аймгийн Чандмань сумын нутаг, Дөргөн нуурын орчимд дээрх хэрэг гарсан аж. Энэ талаар тус аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн дарга, хошууч Ж.Дөлбадрахтай хол богдоход “Хэргийг шалгаж байгаа. Мэдээлэл өгөх боломжгүй” гэхээс өөр тайлбар өгсөнгүй. Орон нутгийн иргэдийн мэдээлж буйгаар уг хэрэгт холбогдуулж хэн нэгнийг сэжиглэж шалгаагүй гэнэ. Бөхөн хууль бусаар агнасан хэрэг гарсан тохиолдол ганц энэ биш аж.
Дээрх хэрэг гарсан Чандмань сумтай залгаа Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын нутагт 2011 оны дөрөвдүгээр сард хулгайн анчид 12 монгол бөхөн агнасан байж. Уг хэргийг үйлдсэн этгээдүүд өнөөг хүртэл олдоогүй байна. 2008 онд энэ төрлийн хэрэг хэд хэд гарч, хууль бусаар ан хийсэн хүмүүсийн хэргийг цагдаагийнхан хэрэгсэхгүй болгож байсан гэх юм. Байгалиа гэсэн сэтгэлтэй орон нутгийн нэгэн оршин суугч “Бөхөн агнасан хэрэг удаа дараа гардаг. Түүнийг нь хууль хяналтын байгууллагынхан тэр бүр бүртгэдэггүй. Учир нь жилийн эцсийн үзүүлэлтээр хэрэг илрүүлээгүй гэсэн муу дүн авдаг юм шиг байгаа юм. Тиймээс илрүүлж чадахгүй болохоороо бүртгэдэггүй байх. Хулгайн анчид энэ амьтны эд эрхтнийг өмнөд хөрш рүү гаргаж худалдахын тулд сүргээр нь шахам хядаж байна” гэж мэдээллээ.