Австрийн иргэн, 32 настай бүсгүй Марлен Энгельхорн 25 сая евро өвлөж авсан бөгөөд түүнийхээ ихэнхийг хүмүүст тараах хүсэлтэй байгаа аж. Тэрбээр энэ их хөрөнгийг эмээгээсээ өвлөж авчээ. Түүний өвөг дээдсийн нэг нь Германы үйлдвэрийн эзэн Фридрих Энгельхорн байж. Энэ хүн XIХ зууны дундуур буюу 1865 онд BASF гэдэг концерн үүсгэн байгуулсан нь одоо ч дэлхийд химийн хамгийн том компани гэгдсээр буй юм байна. Өнгөрсөн 160 жилд Фридрихийн үр хойч нь түүний хөрөнгийг өсгөн арвижуулсаар өнөө үед хүрч ирсэн байх юм. “Forbes” сэтгүүл одоогийн хөрөнгийг нь 4.2 тэрбум ам.доллар гэж үнэлжээ. Марлений эмээ, компанийг үүсгэн байгуулагчийн жич хүүгийн гэргий 2022 онд 94 насандаа өөд болсон байна.
Хөрөнгийг нь хуваах шийдвэр гаргах эрхтэй Иргэний зөвлөл байгуулснаа Марлен саяхан зарлалаа. Өв хөрөнгөө бусдад тараахаар төлөвлөж буйгаа тэрбээр бүр 2021 онд мэдэгдсэн байдаг. “Энэ мөнгийг хурааж хуримтлуулах гэж би ганц ч өдөр ажиллаагүй, үүнийг өөртөө үлдээхийн тулд ганц ч еврогийн татвар төлөөгүй. Ийм байж болохгүй, ингэхнь зөв биш. Надаас татвар аваач” гэж Марлен Энгельхорн “Der standard” сонины сурвалжлагчтай ярилцахдаа хэлсэн байна. Шударга татварын тухай энэ австри эмэгтэй анх удаа ийн хэлсэнгүй, тэрбээр “Саятнууд хүн төрөлхтний тулд” хэмээх олон улсын байгууллагын гишүүн болжээ. Элбайгууллага баялагт татвар ногдуулахын төлөө ажилладаг юм. Тус байгууллагын гишүүдийн үздэгээр буяны үйл бүтээх нь хангалттай биш, тэгш бус байдлыг системтэй өөрчилж, их хөрөнгөд оноож авсан татварыг цар тахлын дараах сэргээн босголт, ядуурал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд зориулах нь чухал аж.
“Австрийн нийт хөрөнгийн 50 хувийг хүн амынх нь нэгхэн хувь эзэмшиж байна” гэж Марлен хэлжээ. Сая сая еврогийн хөрөнгийг нь хэнд, хэрхэн хүртээхийг санамсаргүй сонгож авсан, Австрийн иргэдээс бүрдсэн зөвлөл шийдэх ёстой гэж Энгельхорн үзжээ. Энэ хүслийг нь биелүүлэхэд Кристоф Хофингер гэдэг хүн зөвлөхөөр нь ажиллах юм байна. 16-гаас дээш настай 10 мянган хүн уг зөвлөлд багтах урилга хүлээн авч, тэднээс Австрийн нийгмийн төлөөлөл болох 50 хүнийг нас, хүйс, оршин суугаа газар, хөрөнгө хуваахад хэрхэн ханддаг зэргийг нь харгалзан сонгох аж. Энгельхорны өвлөсөн хөрөнгийн 90 хувийг хэрхэн тараах саналаа тус зөвлөл ирэх зургаадугаар сард хэлэх ёстой юм байна. Зөвлөлийг шийдвэр гаргахад Энгельхорн оролцохгүй. Түүний хэлснээр бол ардчиллын эсрэг, Үндсэн хуульд нийцэхгүй, ашиг олох зорилго агуулаагүй л бол зөвлөл ямар ч шийдвэр гаргах боломжтой гэнэ.
Өв хөрөнгийнхөө үлдсэн хэсгийг амралтын өдрүүдээ зориулан ажилласан зөвлөлийн гишүүдэд өгөхөөр Марлен Энгельхорн төлөвлөж буй бөгөөд хүн бүрд 1.3 мянган ам.доллар ногдох юм байна. Бусад хүн дутагдаж гачигдаж байхад ийм хөрөнгийг хадгалж байх нь шударга бус гэж тэрбээр үзэж буй юм.
Марлен Энгельхорн юугаар ч дутагдахгүй өсөж өндийжээ. Ажил хийх, амь өрсөх шаардлага түүнд ер байсангүй. “Би олон сая ам.доллар өвлөж авчхаад татвар төлөхгүй байхад долоо хоногт 40 цаг ажиллаж, магадгүй хоёр ажил хийдэг хүнээс татвар авч байгаа нь буруу” гэж тэр үздэг аж. Хэт чинээлэг хүмүүс нийгэмд хор учруулдаг гэж Марлен үзсээр ирсэн ч гэр бүлийнх нь хөрөнгийг мөнгөнөөсөө салах хүсэлгүй эцэг, эх нь мэддэг байснаас урьд нь ядуу хүмүүст тусалж чаддаггүй байжээ. Эмээ Траудь Энгельхорн-Векльятто нь 95-тайдаа нас барснаар бүх юм өөрчлөгджээ.
Дээр дурдсан зөвлөл ирэх гуравдугаар сараас амралтын өдрүүдэд ажиллах юм байна. Тус зөвлөл 25 сая еврог хуваарилах хамгийн шударга аргыг олох ёстой. Зөвлөлийн гишүүдийн дотор бага насны хүүхэдтэй хүн байгаад, түүнийг нь харж хандах хүнгүй бол асрагч эх олж өгч, хөлсийг нь төлөх гэнэ. Зөвлөлд Марлен хэдхэн шаардлага тавьж буй аж. Үндсэн хууль зөрчиж байгаа юм уу, хүмүүнлэг бус үйл ажиллагаа явуулдаг хүмүүс, байгууллагад хөрөнгөөс нь хувь хүртээхгүй байхыг тэрбээр хүсэж буй. Түүнчлэн улс төрийн нам, ашгийн төлөө байгууллагад хөрөнгөөс өгч нь болохгүй.
Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганд оролцогчид тэрбумтнуудад татвар ногдуулж, уг хөрөнгөөс осол, сүйрэлд өртөгсдөд зарцуулахыг уриалсан. Хуримтлуулсан хөрөнгөө бусадтай хуваах хүсэлтэй баячууд Марленаас өмнө ч байжээ. Америкийн Индианаполис хотын, 77 настай Терри Кан өөрийн хөрөнгийг хүүхэд, хөгшдөд тусалдаг буяны санд гэрээсэлсэн тухай мэдээлэл саяхан олны сонорт хүрлээ. Энэ хүн оновчтой хөрөнгө оруулснаас болон хөрөнгө өвлөж авснаар 13 сая ам.доллартой болсон ч маш даруухан амьдардаг, урьдын хэвээр эмнэлэгт ажилласаар байж. Тэрбумтан Чак Фии “Forbes” сэтгүүлээс гаргадаг, дэлхийн баян хүмүүсийн жагсаалтад 1988 оноос багтжээ. Тэрбээр амьд ахуйдаа өөртөө болон гэргийдээ хоёр сая ам.доллар үлдээгээд, найман тэрбумыг бусдад тараажээ. Түүний байгуулсан сан эрүүлийг хамгаалахын хөгжил, шинжлэх ухааны судалгаа, хүний эрхийг хамгаалах үйл ажиллагаанд хөрөнгө зардаг байж.
Ийм өглөгч чанар хэвшил болох ёстой гэж үздэг чинээлэг хүмүүс нэмэгдсээр байна. Давост болсон чуулганы үеэр чинээлэг хүмүүст оноох татварыг ихээхэн нэмэгдүүлэхийг уриалсан нээлттэй захидалд саятан, тэрбумтан 250 хүн гарын үсэг зурав. “Энэ татвар бидний амьдралын түвшинд төдийлөн нөлөөлөхгүй, манай орнуудын эдийн засгийн өсөлтөд хохирол учруулахгүй” гэж тэд үзэж байна. Тэдгээр250 хүний дотор Марлен Энгельхорноос гадна Америкийн үйлдвэрийн эзэн асан, дэлхийн анхны сая ам.долларын хөрөнгөтөн болсон Жон Рокфеллерийн жич, хатагтай Валери Рокфеллер оржээ. Бас нэг олны танил эрхэм нь дэлхийн мэдээллийн томоохон компанийн нэг болон “Walt Disney” компанийг үндэслэсэн Уолт Диснейн удмын Эбигейл Дисней байв. Ил захидалд гарын үсгээ зурагчид чинээлэг эрхмүүдээс авсан татварыг жирийн хүмүүсийн амьдралыг сайжруулж, боловсрол, эрүүл мэндийг хамгаалах, эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд зориулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Ингээгүй тохиолдолд тэгш бус байдал нэмэгдсээр, хэзээ нэгэн цагт сүйрэлд хүргэнэ. Тэрбумтнуудын олонх нь өсөн нэмэгдүүлсэн татвар төлөхөд бэлэн байгаа аж. “Patriotic millionaires” байгууллагаас явуулсан санал асуулгаар хэт баян хүмүүсийн 75 хувь нь тэрбумтнуудаас хоёр хувийн татвар авахыг дэмжсэн байна.
Швейцарын UBS банкнаас хийсэн судалгаагаар тэрбумтнууд ийм өгөөмөр зан гаргах нь тийм ч элбэг биш, харин Марлен Энгельхорны гаргасан сайхан сэтгэл бусдад ихээхэн нөлөө үзүүлжээ. Уг судалгааны дүнгээс үзвэл хөрөнгө өвлөөгүй тэрбумтнуудын 68 хувь нь буяны үйлс бүтээх, нийгэмдээ сайн нөлөө үзүүлэхийг гол зорилгоо болгодог байна. Харин хөрөнгө өвлөгчдийн дотор ийм бодолтой хүн хоёр дахин цөөн байжээ. Өөрийн хүчээр тэрбумтан болсон хүмүүсийн 48 хувь нь бусдад туслах хүсэлтэй байдаг бол хөрөнгө өвлөгчдийн ердөө 16 хувь нь ийм бодолтой байдаг аж. 2022-2023 онд өвлөж авсан хөрөнгийн нийт хэмжээ өөрөө тэрбумтан болсон хүмүүсийнхээс анх удаа 10 тэрбум ам.доллороор давжээ. Цаашдаа ойрын 20-30 жилд дэлхий дахинд 1000 тэрбумтан 5.2 их наяд ам.доллароос багагүй хөрөнгөө өвлүүлэх төлөвтэй аж.
Ер нь дэлхий дахинд баян, хоосны ялгаа улам ихэсэж байна. 2022 оны тэгш бус байдлын тухай Дэлхий дахины илтгэлд дурдсанаар цар тахлын дараа дэлхий дахины хөрөнгөд тэрбумтнуудын эзлэх хувь хэмжээ хэзээ ч байгаагүйгээр нэмэгдсэн байна. АН-аас сонгогдсон Сенатын гишүүүн Элизабет Уоррен 50 сая ам.доллароос давсан хөрөнгөд татвар оноож байхыг 2019 онд сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр санал болгож байжээ. Харин ийм өөрчлөлт хийх нь улс төрийн түвшинд тийм ч амар биш. Берлинд байрладаг, эдийн засгийн судалгааны хүрээлэнгийн шинжээч Штефан Бах “Давост боловсруулсан нээлттэй захидалд үндсэндээ бизнес идэвхтэй эрхэлдэггүй, өөрийн бий болгоогүй их баялгаасаа сэтгэл зовж явдаг хүмүүс ихэнхдээ гарын үсэг зурсан юм билээ” гэсэн тайлбар хийсэн байна. Лоббист үйл ажиллагааныхаа хүчинд улс төрийн эрх мэдэлтнүүдтэй хэлхээ холбоо сайтай байдаг бизнес холбооныхон болохоор өндөр татвар нь хөрөнгө оруулалт, ажлын байрыг аюулд учруулна, эсвэл томоохон үйлдвэрийн эзэд хөрөнгө өвлөхөөс татгалзах байдалд хүргэнэ гэж үздэг. Бахын үгээр тэрбумтнууд татварын таатай орчинтой улсад очиж аж төрөхийг илүүд үзэх гэнэ.
...Америкийн саятан Терри Кан 13 сая ам.доллароо буяны үйлсэд зориулахаар гэрээсэлжээ. Ингээд ашгийн бус байгууллагууд ихээхэн хэмжээний хөрөнгө хандивлах тухай санал хүлээж авах болсон байна. Индианаполисийн сайн дурынхны “Teacher’s treasures” сангийн тэргүүн Маргарет Шиэн рүү 2021 оны аравдугаар сард нэгэн хачирхалтай эрэгтэй хүн утасдаад өөрийгөө Дуэйн Айзекс хэмээн танилцуулж, багш нарыг албан ажлын өрөөний тавилга болон сургалтын материалаар хангах ажил эрхэлдэг санг нь хандив авахгүй юухэмээн хүсжээ. Ямар хэмжээний мөнгө болохыг нь сонирхоход Айзекс 500 мянгаас нэг сая ам.доллар гэж хариулсан байна.
Маргарет Шиэн нь ашгийн бус уг сангийн удирдагч юм. Шиэн, Айзекс хоёр уулзав. Энэ мэт явдал ахмадын байгууллагын ажилтан Эмми Хильдебрандад нэг жилийн дараа тохиолдов. Түүнд Айзекс гэдэг хүнээс цахим захидал ирсэн бөгөөднэг сая ам.доллар хандивлах тухай өгүүлсэн байлаа. Тэгээд итгэхэд төвөгтэй байснаас Дуэйн Айзекс гэгч хэн болохыг нягтлахад Индианаполист байдаг нэгэн фирмийн хуульч болохын зэрэгцээ Терри Кан гэдэг хүний үнэнч нөхөр нь байлаа. Кан нь Вьетнамын дайнд оролцож явсан, 40 гаруй жил хүмүүст тус хүргэж явсаннэгэн юм санж.
Индианаполист Каныг бараг мэддэггүй аж. Тэрбээр 1976 онд тэнд шилжиж очоод АНУ-ын ахмад дайчдын асуудал эрхэлсэн яаманд ажиллаж байсан, ашгийн бус анагаах ухааны нэгэн байгууллагад Айзекстай хамт ажиллаж байхдаа танилцжээ. Кан 1943 онд Аризонад төрсөн, эцэг нь ахмад дайчдын асуудал эрхэлсэн яаманд ажиллаж байж. Кан Өмнөд Каролины их сургууль төгсөж, Вьетнамд байлдахаар яваад гурван жил болж ирээд, эцгийнхээ ажлыг үргэлжлүүлжээ. Хөрөнгө оруулж, дээд зэргийн ариг гамтай хандаж байж овоо хөрөнгөтэй болсон байна. Кан огт гэрлэж байсангүй. 2003 онд ажлаасаа гарахдаа эхээсээ хөрөнгө өвлөжээ. Кан хэтэрхий гэмээр арвич тул гар утас ер хэрэглэхгүй, мөнгө үрнэ гэж үзнэ. Утсаар ярих хэрэг гарвал бусдаас гуйна. Нууцлаг энэ саятан жижигхэн сууцтай, 1976 оноос л түүндээ амьдарч, хуучин “Hondа” маркийн машин хөлөглөнө. Кан байраа зарж, мөнгөө буяны үйлсэд зориулахыг гэрээсэлсэн байна.
Нас барахаар нь эмгэнэлийн үг хэвлэлд гаргахгүй байхыг хүссэн аж. Ингэхийг мөнгөний гарз гэж Айзекст хэлжээ. Энэ саятан мөнгө хайрладаггүй ганц юм байсан нь спорт, Индианаполисийн сагс, хөл бөмбөг, бейсболын багуудын тоглолтыг алгасалгүй үздэг байв. Кан 2010 онд тэтгэвэрт гарлаа. Сарын дараа Айзексийг үдийн зоогт урив. Улмаар тэд сард нэг удаа хамт хооллох болжээ. Найзынх нь эцэг, эх 1930-аад онд нацист Германаас зугтаж Америкт ирснийг Айзекс түүний ярианаас мэдсэн байна. Кан нарийн, хатуу юм шиг хэрнээ сайхан сэтгэлтэй, өгөөмөр хүн болох нь түүнтэй ойр байсан хүн болгонд мэдэгдэх болжээ. Хэн нэгэнд тусламж хэрэгтэй байгааг бусдаас түрүүлээд мэдчихнэ. Бас хэн нэгэн өвдчихвөл очоод хашааных нь өвсийг хадаад өгчих жишээтэй. Нэгэнтээ тэрбээр гэрээслэл бичих хүсэлтэйгээ Айзекст хэлжээ. Хэдий хэр мөнгө байгааг нь сонирхоход 3-5 сая ам.доллар гэж хэлэхэд Айзекс ихэд гайхав.
Учир нь ийм мөнгө хуримтлуулсан гэдэгт нь итгэмгүй, хоол идье гэж уриад төмстэй юм уу, шарсан өндөгтэй бургер л захиалдаг хүн шүү дээ. Сүүлийн жилүүдэд Кан хүнд өвдлөө. Үлдээж буй мөнгийг нь юунд зориулахыг тандахад “Өөрсдөө мэд” гэж хэлсэн байна. 2021 оны нэгдүгээр сарын 31-нд Кан 78 насандаа амьсгал хураав. Дансанд нь 13 сая гаруй ам.доллар үлдсэн байна. Түүнийг нь Кан амьддаа тусалдаг байсан ахмадын, анагаахын, боловсролын байгууллагад өгөхөөр Айзекс шийдэв. 2023 оны арванхоёрдугаар сард сүүлчийн мөнгүүдийг шилжүүлжээ. Айзекс Каны гэрт орж үзэв. Найзыгаа амьдад нь ер орж үзээгүй аж. Тэр айлд бараг юу ч байсангүй. Харин цаасны хутга 20 ширхгийг боочихсон, олон жилийн өмнө үйлдвэрлэсэн хэдэн зуун шүдний сойз, бүр 1972 онд Вьетнамаас Канд ирүүлсэн бололтой зургаан хайрцгийг нээгээгүй байх юм гэнэ. Дотор нь хямдхан шилэн аяганууд байв. Цэргийн дүрэмт хувцас, Вьетнамд байхад нь өгсөн медалиуд гэрт нь байжээ. Тэр хүн ханьгүй, ах, дүү нартайгаа харьцдаггүй, зожиг ганцаардмал хэрнээ бусдад туслахад бүхнээ зориулж байсан нь үлдээсэн юмнаас нь илт харагдсан аж. Өөрөөсөө харамлаж хуримтлуулсан бүхнээ өвчтэй хөгшид, сургуулийн хүүхдүүдэд зориулж байжээ.
Бэлтгэсэн: Р.Жаргалант