Финлянд улс НАТО-д элссэнийхээ дараа анхны Ерөнхийлөгчөө сонголоо. Тус улсын Ерөнхий сайд байсан Александр Стубб Гадаад хэргийн сайд асан Пекк Хаавистотой сонгуульд өрсөлдөн ялалт байгуулж, долоон жил завсарлаад улс төрд эргэн ирэв. Украин руу Орос довтолсноос үүдэн улс оронд нь бий болсон нөхцөл байдал түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэн өрсөлдөхөд хүргэсэн гэж тэрбээр ярьсан байна. Сонгуулийн дүн гарсны дараа “Ерөнхийлөгч байх нь миний хувьд аугаа их нэр төрийн хэрэг” гэж Стубб хэлжээ. Мөн“Финлянд шинэ эриний босгон дээр ирээд байна. НАТО-гийн шинэ гишүүн болсон манай улс ойрын хэдэн жилд дэлхийн шилдэг орны нэг болно гэдэгт итгэл төгс байна” хэмээн мэдэгдлээ.
Сонгуулийн төв комиссын мэдэгдсэнээр санал хураалтын хоёр дахь шатанд сонгогчдын оролцоо 70.7 хувь байжээ. Кай-Йоран Александр Стубб 2014-2015 онд Либерал-Консерватив нам Үндэсний эвслийг толгойлж байхад Ерөнхий сайдаар ажиллаж байв. Тус нам одоо ч эвслийн Засгийн газрын улс төрийн гол хүчин болж явна. 2016 онд Стубб одоогийн Ерөнхий сайд Петтери Орпод ялагдаж байсан юм. Оросыг Украин руу довтлохоос олон жилийн өмнө Стубб улсаа НАТО-д элсүүлэхийн төлөө тэмцэж байсан, Европын Холбооны бодлогыг тууштай дэмжигч нэгэн юм. Тэрбээр цагаачлалыг хатуу хязгаарлахыг эсэргүүцдэг, цагаачдын урсгал нийгэм, эдийн засагт таатай нөлөө үзүүлдэг гэж үздэг улс төрч. Ерөнхий сайдын суудлаа өгсний дараа Стубб Сангийн сайдаар, Ерөнхий сайд болохын өмнө Гадаад хэргийн болон Европын асуудал эрхэлсэн сайдаар ажиллаж, Евро парламентын болон Финляндын парламентын депутатаар сонгогдож байв.
Стуббын эцэг нь швед, эх нь фин үндэстэн. Стубб Финляндын албан ёсны хоёр хэлээр чөлөөтэй ярьдгаас гадна англи, франц, герман хэл мэднэ. Спортод их хорхойтой. Александр Стубб Үндэсний эвсэл намын гишүүн, түүний либерал жигүүрт харьяалагддаг, интернационалист үзэлтэй. Саяны сонгуулийн сурталчилгааны үеэр явуулсан судалгааны дүнгээс үзвэл өрсөлдөгч Хаависто нь ижил хүйстэн учраас түүний төлөө санал өгөхгүй хэмээн сонгогчдын 40 хувь нь үзэж байжээ. Стубб нийгмийн сүлжээг идэвхтэй ашигладаг, түүнийг мэдээлэл солилцох гол суваг гэж үздэг аж. Тэр нэг үе увайгүй, хямсгар хэмээн шүүмжлүүлдэг байв. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанийн үед аль болох хүлээцтэй байж, дэмжигчидтэйгээ харилцахдаа ухаалаг байхыг ихээхэн хичээсэн байна. Одоо цаашид наанадаж зургаан жил энэ хандлагаа баримтлах шаардлагатай болж байгаа юм. Зургаан жил гэдэг нь Ерөнхийлөгчийн нэг бүрэн эрхийн хугацаа. Түүнийг хоёр дахь удаагаа нэрээ дэвшүүлнэ гэдэгт улс төрийн олон тоймч эргэлзэж буй юм билээ.
Сүүлийн 12 жил Финляндын олон нийтийн дунд өндөр чансаатай байсан Саули Ниинистёгийн халааг Стубб гуравдугаар сарын 1-нд авч, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлнэ. Түүнтэй өрсөлдсөн Хаависто ялагдлаа хүлээн зөвшөөрч, “Финляндын 13 дахь Ерөнхийлөгч Александрт баяр хүргэе” гэж хэлээд парламентын депутатын ажилдаа эргэж орохоо мэдэгдсэн байна. Хариуд нь Стубб сонгууль шударга сайхан өрсөлдөөнтэй болсныг үнэлээд, энэ удаа тантай өрсөлдсөнөөрөө бахархаж байна гэж хэлжээ.
Александр Стубб 51.6 хувийн санал авч ялсан байна. Энэ удаагийн сонгуулийн хоёр дахь санал хураалт тус улсын түүхэнд хамгийн өрсөлдөөнтэй болсныг Финляндын олон нийтийн мэдээллийн “Yle” корпорац тэмдэглэсэн байна. Хоёр өрсөлдөгчийн авсан саналын зөрүү 2000 оны сонгуулийнх шиг 3.2 хувь байжээ. Тэгэхдээ энэ зөрүүг тоогоор илэрхийлбэл 2000 оныхоос бага буюу98.633 санал байв. 2000 онд энэ тоо 103 мянга байсан аж. Стубб 78 мужийн 74-тнь илүү санал авчээ. Сонгуулийн эхний шатанд хэт барууны “Язгуур финчүүд” намаас нэрээ дэвшүүлсэн Юсси Халла-ахо илүүрхэж байв.
Стубб 2017-2020 онд Европын хөрөнгө оруулалтын банкны дэд ерөнхийлөгчөөр, 2020 оноос Флоренц дахь Европын Холбооны их сургуулийн үндэстэн дамнасан удирдах газрын тэргүүлэгчээр ажиллаж байлаа. Өнгөрсөн онд улсаа НАТО-гийн гишүүн болоход Стубб ихэд талархаж, сая Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараа хийсэн анхны хэвлэлийн бага хурлын үеэрээ Финляндын аюулгүй байдал, гадаад бодлогыг НАТО, Европын Холбоо тодорхойлно гэж мэдэгдсэн байна.
Түүний үгээр бол Финляндын хуурай замын цэргийг өөрчлөн сайжруулж, батлан хамгаалах хүчнийг нь НАТО-той уялдуулах ажлыг хийх хэрэгтэй аж. Мөн “тун чухал шаардлага гарсан нөхцөлд” Финляндын нутаг дэвсгэрээр цөмийн зэвсэг зөөвөрлөх боломжтойг харгалзан Цөмийн эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгтэй гэж Стубб үздэг юм. Түүний бодлоор Финлянд улс ойрын үед НАТО-гийн дээд хэмжээний уулзалт хийж, 2029-2030 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн болохыг хичээх ёстой аж. Европын Холбоог тэлэх, түүний дотор Украиныг гишүүн болгохыг Стубб дэмждэг. Тэрбээр Киевт үзүүлж буй цэргийн болон санхүүгийн тусламжийг нэмэгдүүлж, гурав дахь орноос цагаачид орж ирэхээс хамгаалж, Оростой залгаа хилээ хаах нь зүйтэй гэж үздэг. Москватай харилцах тухайд “Дипломат болон албан ёсны харилцааг хэвээр хадгалж, Украин дахь байлдааны ажиллагаагаа Орос зогсоох хүртэл улс төрийн түвшинд ямар нэг харилцаа байх ёсгүй” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлсэн байдаг. Ерөнхийлөгчөөр сонгогдсонд нь баяр хүргэх гэж Путин залгавал утсаа авахгүй гэж Стубб урьд нь мэдэгдэж байсан юм. Стуббд баяр хүргэх тухайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Финляндтай нөхөрсөг бус харилцаатай байдгийг сануулсан байдаг. Оросын эсрэг хоригт Финлянд бүрэн нэгдсэн, шинэ Ерөнхийлөгчийнх нь мэдэгдлүүд нөхөрсөг бус шинж чанартай байгаа” гэж тэрбээр хэлснийг ТАСС эш татсан байна. Гэлээ ч Орос, Финляндын харилцаанд шинээр сонгогдсон Ерөнхийлөгч тэнцвэр хадгална гэдэгт Кремль найдаж буй. Финляндын шинэ Төрийн тэргүүн бидний хоёр талын харилцааг хөгжүүлэх талыг баримтлах болов уу гэж найдаж байгаа ч энэ талаар ямар нэг алхам хийхгүйгээ тэрбээр урьдчилан илэрхийлсэн” хэмээн Песков тайлбар хийжээ.
Оросын ШУА-ийн Е.М.Примаковын нэрэмжит хүрээлэнгийн Европын улс төрийг судлах хэлтсийн эрдэм шинжилгээний ажилтан Никита Белухин гадаад, дотоод бодлогын хувьд тун ойролцоо үзэл бодолтой хоёр улс төрч өрсөлдөж буй тохиолдолд Финляндын сонгогчдод тэдний хувийн зан чанар нь илүүтэй ач холбогдолтой байсан гэж үзжээ. Стубб хөдөө орон нутагт түлхүү дэмжлэг хүлээсэн бол Хаависто томоохон хотууд хийгээд Аландын арлуудын сонгогчдоос илүү санал авчээ. Өрсөлдөгчтэй нь харьцуулбал Стуббыг милитарист гэж хэлж болно. Тиймээс түүнийг сонгосноор Москва, Хельсинкийн харилцаа цаашдаа хүйтэрнэ гэж үзэж байна. Белухиний бодлоор бол Стубб ялах нь тодорхой байж. Финляндад Ерөнхийлөгчийн шууд сонгууль явуулах болсон 1994 оноос хойш эхний үе шатанд олонхын санал авсан нэр дэвшигч эцсийн шатанд ялалт байгуулсаар иржээ. Харин 2018 онд л одоогийн Ерөнхийлөгч Саули Ниинистё шууд 60 хувийн дэмжлэг авсан байна.
Финляндын түүхэнд гадаад эхнэртэй анхны Ерөнхийлөгч н ьСтубб болох нь. Түүний эхнэр Сузанне Иннес Стубб англи эмэгтэй аж. Энэ эмэгтэй тэргүүн хатагтай болоод ямар ажил хийхээ нэгэнт төлөвлөчихсөн гэнэ. Тэрбээр өрхүүдийн ая тухыг нэмэгдүүлж, хөгжим хийгээд спортын тусламжаар хүмүүсийг нэгтгэх, ойртуулах бодолтой юм байна. Мөн гэр бүл дэх хүчирхийллийн эсрэг тэмцэхийг хүсдэг гэж Иннес Стубб хэлжээ.
Стуббд баяр хүргэх тухайд ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Финляндтай нөхөрсөг бус харилцаатай байдгийг сануулсан байдаг. Оросын эсрэг хоригт Финлянд бүрэн нэгдсэн, шинэ Ерөнхийлөгчийнх нь мэдэгдлүүд нөхөрсөг бус шинж чанартай байгаа” гэж тэрбээр хэлснийг ТАСС эш татсан байна.
Бэлтгэсэн Р.Жаргалант