Алексей Навальный энэ сарын 16-нд тодорхой бус шалтгаанаар гэнэт нас барсныг Оросын Ямало-Ненецийн тойргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба мэдээлэв. Тэрбээр 19 жил хоригдох ял аваад “Туйлын чоно” хэмээх хамгийн хатуу дэглэмтэй шоронд хоригдож байсан юм. Салхинд түр гарсныхаа дараа бие нь муудаж, улмаар ухаан алдсан түүнийг эмнэлгийн түргэн тусламж ирээд ч аварч чадаагүй аж. Навальныйн эрүүл мэнд хэвийн байсан гэх мэдээлэл бий ч түүний үхлийн талаар хэн ч ямар нэг тайлбар хийхгүй байна.
Алексей Анатольевич Навальный гэж чухам хэн болохыг бид гайгүй сайн мэднэ. Тэрбээр 1976 онд төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, сэтгүүлчийн асуултад хариулахдаа өөрийнх нь хэлснээр украин гаралтай нэгэн байв. Гэргий Юлиятайгаа Туркэд амарч байхдаа танилцсан, тэд хүү, охин хоёртой байсан юм. Охин Дарья нь Америкийн Стэнфордын их сургуульд орсон байжээ.
Навальный оюутан байхын л бизнес эрхлэх сонирхолтой. Барууны хүчний холбоо намд зориулж сурталчилгаа хийдэг, үнэт цаас арилждаг байсан ч бүтэлтэй юм болоогүй аж. “Навальный ба түншүүд” нэртэй өмгөөлөгчийн контор байгуулсан ч нэг жил бололгүй хаалгаа барьсан байна. 2012-2013 онд “Аэрофлот” компанийн захирлуудын зөвлөлд орж ажиллав. Сүүлийн жилүүдэд үйл ажиллагааг нь АНУ-д амьдардаг бизнесмен, хөрөнгө оруулалтын ВМТ компанийн ерөнхийлөгч Борис Зимин санхүүжүүлж байсан бөгөөд Омскоос Берлин хүрэх нисэх онгоцны зардлыг нь төлсөн байна. Навальный 2013 онд Москва хотын захирагчийн сонгуульд өрсөлдөөд Сергей Собянинд ялагджээ.
2021 онд Томскоос Москва руу нисэх онгоцоор явж байхдаа Навальныйн бие муудаж, улмаар Берлиний “Шарите” эмнэлэгт хүргэгдсэн байна. Орост шинжилгээ хийгээд хордсон гэх шинж тэмдэг илрүүлээгүй гэдэг ч Навальный өөрөө болон ойрын хүмүүс нь түүнийг “Новичок” бүлгийн химийн бодисоор хордуулсан гэж үзэж байв. Эмнэлгээс гараад тэрбээр нэгдүгээр сарын 17-нд Москвад буцаж ирэв. Түүнийг урьд нь үүсгэсэн хэргээр онгоцны буудал дээр баривчилсан байна.
Авлигатай тэмцэх сан байгуулснаар Навальный олонд танил болж байлаа. Харин үүний улмаас Орост түүнийг гадаадын тагнуул, санг нь хэт даврагч байгууллага хэмээн үзэж үйл ажиллагааг нь хориглосон байдаг. Навальныйг Өрнөдийн тусгай албадтай холбоотой ч гэж үздэг байж. Түүний эсрэг анхны эрүүгийн хэргийг бүр 2013 онд үүсгэжээ. Энэ нь залилан мэхэлсэн гэх хэрэг байлаа. Улсад 1.3 сая рублийн хохирол учруулсан хэмээн таван жил колонид хорьж, 500 мянган рублиэр торгох шийтгэл оноов. Гэвч удалгүй суллаж, Москва хотын захирагчийн төлөө өрсөлдөхийг ч зөвшөөрчээ. Хоёр дахь эрүүгийн хэрэг нь “Ив Роше”-той холбогдов. Залилан хийсэн, мөнгө угаасан гэж үзэв. Ингээд 2014 онд дүү Олег Навальныйд нь жирийн дэглэмтэй шоронд 3.5 жил хорих ял өгч, Алексей Навальный нь Оросын түүхэнд эрүүгийн хэргээр хоёр дахь шийтгэл хүлээсэн анхны хүн болсон байна. 2020 оны эцсээр их хэмжээний мөнгө (356 сая рубль) хувьдаа ашигласан хэмээн түүнд Эрүүгийн хэрэг үүсгэж, хоёр жил, найман сарын ял өгөв. Хэт даврагч байгууллага үүсгэсэн хэргээр Навальныйд 2023 оны наймдугаар сард онцгой дэглэмтэй хориход 19 жил суулгах ял оноосон юм.
Путиний дэглэм гадаад талдаа Украины, дотооддоо өөрийн ард түмний эсрэг хоёр фронт дээр дайн хийж буйг Навальный нүхэл харууллаа. Ер нь Оросын одоогийн дэглэмийн уналт доройтлын зам мөрийг Алексей Навальныйн хувь заяа тодорхой илтгэсэн гэж хэлж болно. Ерөнхийлөгчийн, парламентын, орон нутгийн сонгуульд Путин болон түүний талынхнаас бусад хэний ч төлөө саналаа өгөх хөдөлгөөнд Навальный дэмжигчдээ чиглүүлж, тэдэнд шоронгоос нөлөөлж чадаж байсан юм. Олонд бараг огт танигдаагүй улстөрч Борис Надеждинийг дэмжсэн хүмүүсийн цуваа Навальныйн нөлөөгөөр улам өргөн болж байв.
Харамсалтай нь, түүнийг дэмжсэн гарын үсгийг хүчингүй гэж Оросын эрх баригчид үзсэн. Алексей Навальныйг Германд эмчлүүлээд буцаж ирэхэд баривчилж, шоронд байхад нь улс төрийн сэдлээр хэд хэдэн хэрэг тулгаж, хоригдох хугацааг нь нэмсээр сүүлчийнх нь 19 жил хорих ял өгсөн. Оросын улс төрийн сүүлчийн хоригдол гэгдэх Анатолий Марченко 1986 онд Зөвлөлтийн шоронд амиа алдахын өмнө 100 хоногийн өлсгөлөн зарласан байдаг. Академич Сахаров умард туйлын шоронд хоригдоогүй ч Доод Новгород хотод цөллөгт байхад нь Горбачёв сулласан. Сөрөг хүчнийхний үхэл заримдаа эсэргүүцлийн давлагаа дэгдээж, тухайн дэглэмийг унагааж төгсдөг. Ниной Акиног зэрлэгээр алснаас Филиппинд Фердинанд Маркосын дэглэм нурсан. Хамгийн хүнд нөхцөлийг ч тэсэж давах, хүмүүсийг араасаа дагуулах чадвар, шоронд байхдаа ч өөртөө болон ирээдүйдээ итгэлтэй байснаар Алексей Навальный олон хүнд Оросын улс төрийн ирээдүйг төлөөлж байсан юм. Шоронд байхдаа тэрбээр Оросын сөрөг хүчний дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч, нэг ёсондоо дарангуйлагч дэглэм унахад улс орноо жолоодох Оросын Нельсон Мандела байсан гэж хэлэхэд хэтрүүлсэн болохгүй байх аа.
Дэлхийн улс орны олон удирдагч Алексей Навальныйн үхэлд Оросын одоогийн дэглэм, түүнийг толгойлж буй Владимир Путинийг буруутгаж байна. Навальный нас барсан биш, алуулсан гэж үзэж буй. “Өөрийн байр суурийг л хадгалж байвал хэн үхэх нь Путинд ялгаагүй” гэж Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлсэн бол ХБНГУ-ын Канцлер Олаф Шольц “Орос хэрхэн өөрчлөгдөж буйг Навальныйн үхэл гэрчиллээ” хэмээн тэмдэглэсэн байх юм. Германд эмчлүүлж байхад нь Навальныйтэй Шольц уулзаж, Орос руугаа буцаж очих шийдвэрийг нь “эр зориг” гэж үнэлж байж. “Тэр үүнийгээ амь насаараа төллөө” хэмээн Олаф Шольц мэдэгдэв. Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Өнөөгийн Орост чөлөөт сэтгэгчдийг шоронд суулгаж, цаазын ял өгч байна” гэж хэлжээ. Алексей Навальныйг амьдралынхаа турш хязгааргүй хатан зоригтой тэмцсэн, Оросын ардчиллыг тууштай хамгаалагч гэж үздэгээ Английн Ерөнхий сайд Риши Сунак илэрхийллээ. “Юунаас ч илүү ард түмнийхээ өөрөөр сэтгэхээс айдаг Ерөнхийлөгч Путин, түүний дэглэм Навальныйн амийг аажмаар хөнөөлөө. Оросын улс төрийн удирдлага, эрх баригчдад хариуцлага хүлээлгэхийг уриалахын тулд бид бүх хүчин чармайлтаа гаргалаа. “Орос улс улс төрийн бүх хоригдлоо суллах ёстой” гэж Европын Холбоо, Европын комиссын удирдлагын хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ. “Алексей Навальныйг алсан нь Оросын түүхийн хамгийн шившигтэй явдлын нэг. Оросын дэглэм түүнийг гол аюулаа гэж үзэж байсан” гэж Азербайжаны Ардын фронт намын удирдагч Али Керимли мэдэгдлээ. Белорусын ардчилсан хүчний удирдагч хатагтай Светлана Тихановская “Дарангуйлагчдын хувьд хүний амь ямар ч үнэ цэнгүй байдгийн ээлжит нотолгоо нь Навальныйн үхэл боллоо. Путиний дэглэм Лукашенкогийнхтай адил эрх мэдлээ хадгалахын тулд өрсөлдөгчөөсөө ямар ч хамаагүй аргаар салж байна” гэж цахим хуудсандаа бичжээ.
Оросын сэтгүүлч Леонид Парфенов “Үхэхийнхээ урьд өдөр шүүх хурал дээр хэлсэн түүнийг үгийг нь сонсоход дуу нь эрүүл, эрч хүчтэй, тамирдаж сульдаагүй байсан. Хүний биед бий болсон аливаа өөрчлөлт дуу хоолойгоор нь мэдэгддэг юм. Түүнийг алсан гэхээс өөр таамаглал бидэнд үлдсэнгүй” гэж бичсэн байна. “Алексейн үхэл бол Путиний зохион байгуулсан аллага. Тэрбээр алуулаагүй байлаа ч үхлийн шалтгаан нь хордуулга хийгээд шорон дахь тамлал яргалал байж таарна” хэмээн депутат асан Дмитрий Гудков байр сууриа илэрхийллээ. “Энэ аллага өдөр бүр давтагдаж гурван жил үргэлжилсэн. Сая нэг юм дууслаа. Өөрсдөд нь хэзээ ч амар заяа үзүүлэхгүйг, үйл хэргээсээ ухрахгүйг нь тэд мэдэж байсан учраас түүнийг хөнөөлөө. Тэрбээр ажлаа тултал нь хийсэн” хэмээн Оросын сэтгүүлч Сергей Пархоменко бичжээ.
Тэгвэл тус улсын албан ёсны эх сурвалжууд шал өөр юм хэлж байна. Навальныйн үхлийн шалтгааны талаар ямар ч мэдээлэл үгүй байгаа тул энэ талаарх Өрнөдийнхний мэдэгдлийг “байж боломгүй”, “шал утгагүй” гэж Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков үзэв. Холбооны зөвлөлийн Олон улсын хорооны орлогч дарга Владимир Жабаров “золгүй тохиолдол” гэж Навальныйн үхлийг нэрлээд, “Энэ байдлыг Өрнөд өөрийн зорилгод ашиглаж болзошгүй тул шуугиан дэгдээх хэрэггүй” гэж мэдэгдлээ.
Өрнөдийн томоохон хэвлэлүүд одоо ид шуугьж байна. Навальный 2021 оны нэгдүгээр сард Орост буцаж ирсэн нь түүний эр зоригийг, Путин яагаад түүнээс эмээж байсныг харуулсан юм. Түүний үхлийн жинхэнэ шалтгааныг дэлхий дахин удахгүй мэдэх болно. (The Wall Street Journal)
Түүний нэрийг бусдад дуулдахаар хэлэхийг ч хичээхгүй байсан Кремль, Владимир Путин үүний хариуцлагыг хүлээх ёстой. (Der Spiegel)
“Тэрбээр Путиний засаглалыг тэсэж өнгөрөөгөөд өөрөө Ерөнхийлөгч болно гэдэгтээ итгэж байсан. Дайснууд нь аминд нь хүрэхгүй гэж, ялангуяа тэдний эхний оролдлого бүтэлгүйтсэний дараа тэр бодож байсан. Берлинд эмчлүүлснийх нь дараа дайснуудаа алуурчид гэж үзэж байна уу гэж намайг асуухад сөрөг хариулт өгчсөн юм шүү. Тэрбээр Оросын Нельсон Мандела байсан” (Маша Гессон The New Yorker)
“Хэн сөрөн зогсож байгааг Навальныйн үхэл АНУ болон түүний холбоотнуудад санууллаа.” (Gazeta Wyborcza)
“Хоёр ч удаа хордуулах гэж оролдоод байхад, баривчилна гэдгийг мэдсээр байж 2021 онд Орост буцаж ирснээр тэр амиа алдлаа. Путин одоо Навальныйн тухай дурссан болгонтой тэмцэнэ, энэ тулаанд тэр хэзээ ч ялахгүй.” (Энн Эпплбаум, сэтгүүлч, түүхч The Atlаntic)
“Орост бүхэл бүтэн эрин төгсөж байгааг түүний үхэл харууллаа. 2015 онд Борис Немцовыг хөнөөснөөс хойш Навальный Оросын сөрөг хүчний удирдагчийн байрыг эзэлсэн юм.” (Нейтан Хож CNN Digital)
“Оросууд ардчиллын сүүлчийн найдвараа булшиллаа. Путин улс төрийн хувьд мөнхрөхийг хичээж буй учраас Навальный үхэх ёстой байв. Алс тэртээх туйлын шоронд түгжээтэй байсан тэрбээр Кремльд бодит аюул учруулж байсан гэж үү.” (Politico Europe)
“Эрх чөлөөг хүчээр хамгаалах хэрэгтэйг Навальныйн үхэл сануулав. Өөрийн засаглалын хугацааг сунгахад одоо Путинд саад болох юм үгүй боллоо. (Le ri garo-гийн олон улсын мэдээний албаны ерөнхий редактор Патрик Сен-Поль)
“47 настай тэрс үзэлтэн Алексей Навальный умард туйлын шоронд амиа алдсаны дараа Путиний Орос орон улам ч харанхуй орчин боллоо. Навальныйгаас суралцах юм америкчуудад их байна даа” (Николас Кристоф The New York Times)
“Гурван жил шоронд тамлаж байж Навальныйгаас салав. Тэрбээр Орост хэнээс ч илүүгээр өөрчлөлт шинэчлэлт хийх итгэл найдвар нь болж байсан юм. Би айхгүй байна, та нар ч битгий ай гэж тэр хэлдэг байсан.” (Хүйтэн дайны түүхч Сергей Радченко The Spectator)
“Тэр бууж өгөх бодолгүй байгааг Кремль нэлээд хэдэн жилийн хойно ойлгов. Ерөнхийлөгчийн сонгууль болохоос нэг сарын өмнө Навальный өөд болсон нь өнөө цагийн Оросын тодорхой дүр зураг болов.” (El Mundo сонины Москва дахь сурвалжлагч Хавер Колас)
Ийнхүү нэг тэмцэгч амиа өглөө. Түүний үхлийн гол буруутан гэгдээд байгаа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ам нээгээгүй байна. Харин Алексей Навальныйн гэргий Юлия Навальная нөхрийнхөө үйлийг үргэлжлүүлэхээ амлав.
Бэлтгэсэн Р.Жаргалант