“Сэтгэл мэдрэмжийн ярилцлагын” гэх тодотголтой, “Чөлөө” хэмээх нэртэй төв үйл ажиллагаа явуулж байна. Оролцогчид тойрч суугаад ярилцдаг, мэдрэмжээ уудалдаг, улмаар сэтгэл зүйн асуудлуудаа хуваалцаж, шийдлээ олоход туслах нь эл төвийнхний зорилго аж. Үүний хүрээнд тэд одоогоор баасан, бямба, ням гараг бүр чөлөөт ярилцлага зохион байгуулж байна. Энэ нь үнэ төлбөргүй бөгөөд оролцогчдод насны хязгаар тавьдаггүйгээрээ онцлогтой. “Чөлөө” төвийнхөн өдгөө нийгмийн сүлжээгээр дамжуулан иргэдээс судалгаа авч байгаа аж. Уг судалгааны үр дүнд тулгуурлан ярилцлага зохион байгуулах өдрийг цаашид өөрчилж магадгүй гэнэ.
“Өнөөгийн нийгэмд амьдарч буй хүмүүсийн дотор ямар хямрал нүүрлэж, юуг хүсэж, юутай зөрчилдөж байгааг илрүүлж, түүний шийдлийг олох ёстой. Тэгснээрээ сэтгэл зүйн өвчин эмгэгээс ангид байж чадна. Бидэнд хэтэрхий удаан хугацаанд, дэндүү олон удаа өөртэйгөө ярилцсан ч учрыг нь олоогүй сэдвүүд байдаг. Бас өөрөөсөө хэзээ ч асууж үзээгүй асуулт, үргэлж нууж явдаг алдаа, асуудал, айдас, сэтгэлийн шарх ч бий. Бусадтай ярилцах нь энгийн юм шиг мөртлөө хамгийн чухал анагаагч, асуудлын шийдлийг тодруулагч байдаг” гэж тус төвийнхөн онцолжээ. “Чөлөө” төвийнхөн үйл ажиллагаагаа үнэ төлбөргүй явуулдаг учраас урсгал зардлаа шийдэх зорилгоор хандивын аян эхлүүлээд буй юм билээ.