Өөрийгөө дэлхийн “хамгийн дөнгүүр дарангуйлагч” гэж наргиан болгон нэрлэдэг Сальвадор улсын удирдагч Найиб Букеле энэ сарын 4-нд болсон сонгуульд ялснаа зарлав. Тэрбээр сонгогчдын 85 хувийн санал авчээ. Түүний зэрэгцээ “Шинэ үзэл” хэмээх нам нь Хууль тогтоох ассамблейн 60 суудлын 58-ыг нь авсан байна. Сонгуулийн ийм үр дүн нь дэлхийн ардчиллын түүхэнд дээд амжилт хэмээн Букеле нийгмийн сүлжээнд бичжээ.
Сүүлийн 32 жилд тус улсын Ерөнхийлөгчийн сонгууль анх удаа онцгой байдлын дэглэм тогтоосон нөхцөлд болсон байна. Сонгуульд зургаан сая гаруй хүн оролцох боломжтойн 750 мянга шахам нь хилийн чанадад амьдардаг аж. Онцгой дэглэмийг хоёр орчим жилийн өмнө Ерөнхийлөгч Найиб Букеле гэмт хэрэгтэй тэмцэх зорилгоор тогтоожээ. Энэ хугацаанд Сальвадорт дээрмийн хэрэгт сэжиглэгдсэн 74 мянган хүнийг баривчилж, 7000-ыг нь сулласан байна. Гэмт хэргийн эсрэг явуулсан тэмцэлдээ олсон амжилт нь Букелед алдар хүндийг авчирсан ч баривчилсан хүмүүсийг хорьсон шоронгуудын нөхцөл нь хүний ёсноос гадуур хүнд, ийг хоморголон баривчилсан, үг хэлэх эрх чөлөөг язгаарласан хэмээн шүүмжлүүлэх болжээ. Сонгуулийн сурталчилгаандаа Букеле “Бурхан, холбоо, эрх чөлөө, биткойн” гэсэн дөрвөн үгийг ихээхэн түлхүү ашигласан байна.
Сальвадорын Үндсэн хуульд зааснаар нэг хүн Ерөнхийлөгчийн албыг хоёр удаа хашихыг уг нь хориглодог аж. Гэвч Букеле Дээд шүүхтэйгээ хуйвалдан Үндсэн хуулиас “цоорхой” олж нэрээ дахин дэвшүүлжээ.
Латин Америкт нэрд гарсан удирдагч гэгддэг Найиб Букеле 2024 оны сонгуульд ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сэнтийд залрахын тулд албан тушаалаасаа огцров. 42 настай энэ удирдагчийг зарим нь зохион байгуулалттай гэмт хэрэгтэй хийсэн тэмцэл нь үр дүнтэй, биткойны гэрэлт ирээдүйд тууштай итгэдэг хэмээн магтах үгээ олж ядаж байхад хүний эрхийг ямагт зөрчдөг, ойворгон тавтиргүй хэмээн шүүмжлэх хүн бас олон.
...Дэгжин хувцасласан залуу тайзнаа гарч ирэхэд олон арван сайхан хүүхэн түүнийг хүлээж байв. Энэ хүн Сальвадорын Ерөнхийлөгч Найиб Букеле байлаа. Түүний сонгуулийн өмнөх кампанит ажил “Дэлхийн мисс” хэмээх уралдаантай давхацжээ. Уг тэмцээнд оролцсон хүүхнүүдэд Сальвадор улс хоёр долоо хоногийн турш бололцоотой бүхнээ үзүүлж, үйлчилсэн аж. Хүүхнүүд үзэсгэлэнтэй байгалийг нь нисдэг тэргээр харж, уул талаар морьтой давхиж, цагаан элсэн дээр тарвалзан наранд шарж, майя нарын байгуулсан цац хөшөөний нь дэргэдүүр сэлгүүцэж, нийслэл Сан-Сальвадор хотынх нь төв талбай дээр сальвадорчуудтай бүжиглэсэн байна. Энэ зугаа наадам өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 18-ны орой өндөрлөжээ.
Букеле тайзан дээр гарч ирээд “Та бүхэн дэлхий даяар манай элч болж яваарай. Сальвадор улс хэрхэн өөрчлөгдөж буйг бид дахин харуулна. Янз бүрийн улс орноос хүүхнүүдийг, энэ тэмцээнийг зохион байгуулагчдыг, зочид төлөөлөгчдийг хүлээж авах нь миний хувьд нэр төрийн хэрэг. Юу чаддагаа харуулах боломжийг “Дэлхийн мисс” бидэнд олголоо” гэж хэлжээ.
Сальвадорын Ерөнхийлөгч аюулаас хамгаалах алба, зэвсэгт хүчний хүмүүсээ дагуулан гэмт хэрэгтэн, дээрэмчид, алан хядагчдыг хорьж буй шоронгуудаар явж үзсэн . Хоригдлуудыг оргож босох, эмх замбараагүй байдал дэгдээх, эсэргүүцлээ илэрхийлэх явдал гаргуулахгүй байх нөхцөлийг хангасан хорих газруудыг түүнд үзүүлжээ. Цахим орчинд мэдээлснээр бол тухайн шоронгууд Америк тивдээ томоохонд орох төв аж. Орчин үеийн техник, төхөөрөмжөөр хангагдсан нэг мега шоронд л гэхэд цэргийн 600 алба хаагч, 250 цагдаа ажилладаг гэж Батлан хамгаалахын сайд, Үндэсний цагдаагийн газрын дарга нарын хэлснээс иш татан Prensa Latina мэдээлсэн байх юм. Улсад нь гэмт хэрэг эрс нэмэгдсэнээс Ерөнхийлөгчийнхөө хүсэлтээр онц байдал тогтоохыг 2022 оны гуравдугаар сарын эцсээр хууль тогтоох байгууллага нь дэмжжээ.
Букеле дээрэмчдээ алан хядагч гэж үзэж, гэмт хэргийн зохион байгуулалттай аль нэг бүлэглэлд харьяалагдаж байсны төлөө л хэнийг ч 30 жил шоронд хорихоо амладаг байна. Түүний тэмдэглэн хэлснээр онцгой дэглэм тогтоосны хүчинд гэмт хэрэг илт буурч, хүний амь хөнөөх үйлдэл зогсжээ. Албан ёсны мэдээнээс үзвэл онцгой дэглэмийн үед 60 мянга гаруй хүн баривчилж, тэдний олонх нь одоо торны цаана байгаа аж.
Найиб Букеле 1981 онд Сан-Сальвадор хотод төржээ. Эцэг нь эрдэмтэн, бизнес эрхлэгч, Сальвадор дахь Палестины арабуудын нэг удирдагч байж. Эцэг, эх нь XX зууны эхээр Палестинаас энд цагаачилж ирсэн байна. Дунд сургууль төгсөөд Букеле Сальвадорт байх Төв Америкийн их сургуулийн хууль зүйн ангид орсон ч сургуулиа орхиж, 18 насандаа гэр бүлийнхээ OBЕRMET компанийг удирдах болов. 2018 онд Фарабунда Мартийн нэрэмжит Үндэсний чөлөөлөх фронтоос нэрээ дэвшүүлж, зүүн өмнөд нутагт байх нэгэн хотын захирагчаар сонгогдлоо. Энэ ажлыг хийж байхдаа боловсролын асуудалд онцгой анхаарч, цалингаа залуусын тэтгэлийн санд өгдөг байж. 55-аас дээш настнуудыг дэмжих хөтөлбөр бий болгож, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд анхаарсны улмаас түүнийг уг хотын захирагч байсан гурван жилд хүн амины хэрэг ердөө ганц бүртгэгдсэн аж. 2015 онд нийслэл хотынхоо захирагч болжээ.
Улс төрийн байгууллагаа (намаа) талцуулж, түүний эсрэг гүтгэлгийн чанартай мэдэгдэл хийсний улмаас Букелег 2017 оны арваннэгдүгээр сард Үндэсний чөлөөлөх фронтоос гаргав. Тэрбээр намынхаа үйл ажиллагааг шүүмжилдэг, татвар нэмэхийг эсэргүүцдэг, сонгуулийн кампанийг илүү тунгалаг байлгахын төлөө тэмцдэг байв. Букеле “Шинэ үзэл” хөдөлгөөнөө байгуулав. Удалгүй хөдөлгөөнөө нам болгож, 2019 оны Ерөнхийлөгчийн сонгуульд түүнээсээ нэр дэвшихээр бэлтгэжээ. Гэвч Сонгуулийн дээд комисс болон бусад шатны байгууллагын хүнд суртлаас үүдэн төлөвлөсөн хугацаандаа нам болгон бүртгүүлж чадсангүй. “Үндэсний эв нэгдлийн төлөө их эвсэл” намд элсэж, сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлэв. Авлига хэл хахуультай тэмцэхийг гол уриагаа болголоо. “Хэн ч хулгайлахаа больсон цагт мөнгө хүрэлцээтэй болно”, “Хулгайлсан зүйлээ буцааж өг” гэсэн уриалга дэвшүүлэв. Аюулаас хамгаалах салбар, эрүүлийг хамгаалах, боловсролын тогтолцоог сайжруулж, ядуурлын түвшинг бууруулж, дундаж ангийг (хүн амынхаа) 70 хувь хүртэл нэмэгдүүлэх амлалтыг сонгогчдодоо өглөө.
2019 оны хоёрдугаар сарын 3-нд болсон сонгуулийн эхний шатанд 53 хувийн санал авч өрсөлдөгчөөсөө 21.3 хувиар илүүрхэв. Ингээд тэр оныхоо зургаадугаар сарын 1-нд албандаа орж, Сальвадор улсын түүхэнд хамгийн залуу төрийн тэргүүн нь болжээ. Сөрөг хүчин нь түүнийг ганцаар захирах арга барилтай хэмээн шүүмжилнэ. Цагдаагийн байгууллагын санхүүжилтийг нэмэгдүүлэх асуудлаар парламенттайгаа санал зөрөлдсөний улмаас 2020 оны хоёрдугаар сард Ерөнхийлөгчийн тушаалаар цэргүүд Хууль тогтоох ассамблейн байрыг бүслэв. Гэлээ ч түүний нэр хүнд иргэдийнхээ дунд өндөр хэвээр, Латин Америкийн орнуудын нэрд гарсан удирдагчдын нэг гэгдсээр байна. Үндсэн хуулиар хориглосон ч гэсэн Дээд шүүхийн Үндсэн хуулийн хэлтэс 2021 оны есдүгээр сард улсынхаа Ерөнхийлөгчийг дараалан хоёр удаа өрсөлдөх эрхтэй болгов. Ингээд 2024 оны хоёрдугаар сард хийхээр товлосон Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө Букеле ны аравдугаар сард мэдэгдлээ. Түүний нэрийг “Шинэ үзэл” нам нь дэвшүүлэв. Төрийн өндөр алба хашиж байхдаа сонгуулийн сурталчилгаа хийхийг Сальвадорт хориглодог тул Букеле 2023 оны арваннэгдүгээр сард чөлөөлөгдөх хүсэлт гаргасныг парламент нь дэмжсэн байна.
Найиб Букеле 2014 онд Габриэл Родригестэй гэр бүл болсон, тэд хоёр охинтой. Букеле ямар шашин шүтдэг нь тодорхойгүй. Сальвадор улс болон Төв Америкийн хөл бөмбөгийн шилдэг багуудын нэг “Альянс”-ыг дэмждэг аж.
Бэлтгэсэн Р.Жаргалант