Оросын сөрөг хүчний улстөрч Алексей Навальный нас барсан талаар Ямало-Ненец автономит тойргийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас энэ сарын 16-ны өдөр мэдэгдэв. Тус байгууллагын мэдэгдсэнээр "Хоригдол Навальный салхинд явж байгаад гэнэт ухаан алдаж унажээ".
Түргэн тусламжийн эмч нар цаг тухайд нь сэхээн амьдруулах бололцоотой бүхнийг хийсэн ч улс төрчийн амийг аварч чадаагүй тухай мөн тайлбарласан байна. Урьдчилсан дүгнэлтээр Навальный зүрхний судсан дахь цусны бүлэнгээр нас барсан гэж “Известия” сонины эх сурвалж мэдээлэв.
Улс төрч өнгөрсөн оны наймдугаар сард шүүхээс 19 жилийн хорих ял авсан бөгөөд энэ хооронд 23 удаа шоронгийн торгуулийн /шийтгэлийн/ өрөөнд 7-15 хоногоор хоригдож байжээ. Энэ нь мэдээж хүний эрүүл мэндээд сөрөг нөлөөтэй.
Барууны болон Оросын зарим улс төрчид Навальныйгийн үхлийг улс төрин аллага хэмээн үзэж байна. “Сөрөг хүчний удирдагч Алексей Навальный шоронд нас барсны хариуцлагыг ОХУ үүрнэ” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен мэдэгдлээ.
“Түүний Оросын шоронд нас барсан явдал, нэг хүнээс ингэж айж эмээж байгаа нь Путины байгуулсан тогтолцооны гол сул дорой байдал, ялзарч байгааг харуулж байна” хэмээн тэрбээр ХБНГУ-д болж буй Мюнхений аюулгүй байдлын бага хурлын үеэр хэлжээ. Навальныйгийн үхлийн хариуцлагыг Путин бүрэн хариуцна гэж Европын Холбоо үзэж буйгаа мөн илэрхийлэв.
Тус холбооны тэргүүн дипломатч Жозеп Боррел "Ардчилагчид болон иргэний нийгэмд итгэл найдвар төрүүлж, Оросын нэр төрийг аврахын төлөө амьдралаа зориулсан маш зоригтой хүн" хэмээн Навальныйг нэрлээд “Үүний хариуцлагыг зөвхөн Путин хүлээх болно" гэж Twitter байсан хуудастаа бичжээ.
Харин зарим улс төр судлаачдын үзэж буйгаар Навальный нас барах нь бараг ойлгомжтой байсан. Харин энэ нь ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нь болж байгаа нь Путинд ашигтай юу гэсэн эргэцүүллийг дэвшүүлж байна.