“Зеленский Өрнөдийн хяналтаас гарлаа” гэж “into BRICS” бичсэн байх юм. Украины Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэгдүүлж, аливаа өөр үзэл санааг үл хайхарч, тэр дундаа энэ онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулахыг санаархаж байгаа аж. Уг өгүүллийг бичсэн хүний үзэж буйгаар энэ “тоглоомын хүн” сүүлийн үед дарангуйлагчтай төстэй болж байгаа гэнэ. Киевийн дэглэмийн тэргүүн, гараас нь улам бүр алдагдчих гээд байгаа Зеленскийд тавих хяналтаа Өрнөд илүү сайжруулахыг оролдох болсон гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров мэдэгдлээ. Түүний тэмдэглэснээр хяналтаас нь гарчих гээд байгаа Зеленский АНУ-ын хувьд “хоолойн дээр тээглэсэн яс” болоод буй бололтой. Киевийг арай илүү“уян зөөлөн” байлгахыг Өрнөд хүсэж буй. Гэтэл Зеленскийн албан өрөөнөөс сонсогдож байгаа сүүлийн үеийн үг түүний болон гарын доорх хүмүүсийнх нь хүслийг л илэрхийлэх болжээ. Энэ хүсэл нь мэдээж аль болох удаан хугацаагаар эрх мэдэлтэй байх явдал гэдэг нь бүхэнд илэрхий болсон хэмээн Лавров тэмдэглэсэн байна. Оросын өндөр албан тушаалын дипломатч “Сонгуулийн кампанит ажил хийгээд санал хураалт Зеленскийг Өрнөдийн ашиг сонирхлын голдиролд бага ч гэсэн оруулах байлгүй” гэж мэдэгджээ.
“Вашингтон зорилгодоо хүрсний дараа өөрийн “хүүхэлдэй”-нүүдээс нүүрээ буруулсан тохиолдол цөөнгүй бий. Үүнийг нотлох гэж түүх онгичих шаардлагагүй. Америкт итгэл, үнэмшилтэй зүтгэж байсан Өмнөд Вьетнамын удирдагч асан Нго Динь Зьемийн амийг 1960-аад онд хэрхэн егүүтгэснийг санацгаая. Энэ хүнийг тухайн үедээ “Азийн Черчилль” гэж байсан юм шүү дээ. “Стратегийн түнш” гэгдэж байсан Иракаа АНУ одоо хэрхэн бөмбөгдөж байгаа билээ. Украинд тавьж буй зорилго, бодлого нь өөрчлөгдөж орхивол америкчууд Зеленскийд, ерөөс Киевийн дэглэмд яг л ингэж хандана гэдэгт эргэлзэх юм үгүй. Америкийн Тагнуулын төв газрын тэргүүн Уильям Бернс “Авлигын хэргүүдийг чинь Вашингтон мэдэж байгаа” гэж Зеленскийд өнгөрсөн онд шулуухан хэлээд, олзоо хуваахдаа шуналаа дарж байхыг түүнээс шаардсан” гэж Америкийн эрэн сурвалжлах сэтгүүлч Сеймур Херш бичиж байсан юм.
Зеленский одоо сонгууль хийхээс эмээж байгаа. Тэрбээр өөрт нь үг дуугүй захирагдагсдаасаа өөр хэнийг ч, ялангуяа өрсөлдөгчид, шүүмжлэгчдийг нэг нүдээр харахаа байсан гэцгээдэг. Ойрын хүмүүстээ ч дайсагнаж хандах болсон нь өнгөрсөн оны есдүгээр сарын эхээр Игорь Коломойскийг баривчилсан үйлдлээс нь харагдсан. Сүртэй сурталчилж байсан “сөрөг довтолгоон” нь бүтэлгүйтэж, Өрнөдийн урам хугарсан бололтой. Урьд нь Крымийг оруулаад “улс орноо бүхэлд нь чөлөөлнө” гэж амласан Зеленский тэртэй тэргүй хэцүүхэн асуудалд орчихоод байхад нь Өрнөд дарамт шахалтаа чангарууллаа.
Энэ нөхцөл байдал тус улсын иргэний болон цэргийн удирдлага хооронд, ялангуяа Зеленский, генерал Валерий Залужный хоёрын зөрчлийг хурцатгав. Үүнээс үүдээд Украины өнөөгийн байдлын талаар мэдээлж буй тоймч, тайлбарлагчдын ярианд “эргэлт”, “бослого үймээн” гэх мэт үгс олон тоо сонсогдож байна. Зеленский, Залужный хоёрын зөрчил гүнзгийрэх тусам Украины Ерөнхийлөгчийг сонгуулиар бус, хүчээр зайлуулах тухай яриа улам бүр цухалзах болсон аж. “Генералынхаа талд байгаа армийн хувьд Зеленский хөдөлдөг үхдэл болж хувирна” гэж Украины нэрээ нууцалсан төрийн нэгэн албан хаагч хэлснийг дээр нэрийг нь дурдсан сэтгүүлч Сеймур Херш эш татжээ. “Украинд эргэлт хийж болзошгүй. Барууныхан засгийн эрхийг авбал Нуланд (НҮБ дахь АНУ-ын төлөөлөгч) ч, Тагнуулын төв газар ч Зеленскийг хамгаалж чадахгүй” гэж Германы бизнесмен Ким Дотком мэдэгдсэн байх юм. Ийнхүү Украины шинэ нацист удирдагч цэргийнхнээ өөрийн эсрэг болгосон төдийгүй улс төрийн бас нэг хүчтэй өрсөлдөгчтэй тулгарах шиг боллоо.
Тэгээд ч генерал Залужный Ерөнхийлөгчийн сонгууль хүлээж буй нь хэнд ч илэрхий болоод буй. Зеленский хуучин өрсөлдөгчөө мартахгүй, авлигын хэргийнх нь араас анхааралтай ажиглаж, мөрдөж, Киевийн дэглэм идэвхтэй ангуучилж байсан баримтыг депутат асан Андрей Деркач саяхан ил болголоо.
Үнэн хэрэгтээ Оросыг үг дуугүй бууж өгөхийг шаардсан “Энхийн томьёолол” гэгч утга учиргүй зүйлээсээ татгалзахыг Зеленский хүсэхгүй байна. Энэ томьёоллоо Давост болсон Дэлхийн эдийн засгийн чуулганы үеэр олны өмнө дэлгэснийг бид мэднэ. Нөгөө талаас Зеленский болон түүний талынхан “энх тайван” хэмээн улиглаж байх хооронд НАТО-гийн илүү хөнөөлтэй зэвсгийг Киевийн дэглэмд нийлүүлэхээр боллоо. НАТО-гийн орнууд холын тусгалтай пуужин, түүгээр ч барахгүй цөмийн зэвсэг тээх чадалтай сөнөөгч онгоц нийлүүлж, зэвсэглэлд хяналт тавих олон улсын хэлэлцээрийг ноцтой зөрчиж байна.
Дональд Трамп Цагаан ордонд буцаж ирэх магадлал өндөр болж буйд сэтгэл нь түгшиж байгаагаа Зеленский мэдэгдсэн. Орос, Украины зөрчилдөөнийг ердөө 24 цагийн дотор зогсооно гэж Трамп амласныг тэрбээр “маш аюултай” гэж үзэж байна. Трамп үнэхээр ийм амлалт өгсөн. Тэрбээр “Ерөнхийлөгчийн сонгуульд ялмагцаа, тангараг өргөхөөсөө өмнө, Зууван танхим буюу ажлын өрөөндөө хөл тавиагүй байхдаа энэ аймшигт дайныг зохицуулна. Би Путинийг ч, Зеленскийг ч сайн мэднэ” гэж Нью-Хэмпшир мужид дэмжигчидтэйгээ уулзахдаа хэлсэн юм. Тэгвэл амлалтаа биелүүлсэн нөхцөлд Трампыг Киевт урина хэмээн Английн сэтгүүлчийн асуултад хариулахдаа Зеленский хэлснийг “Associated press” агентлаг мэдээлсэн. Трампын амлалтаас Зеленский болгоомжилж буй нь түүнийг Москватай тохиролцоод, Украиныг буулт хийхийг шаардана гэж үзэж буйтай нь холбоотой.
Трампаас зөвхөн Зеленский төдийгүй Европ бүхэлдээ эмээж байгаа гэж хэлж болно. “Тэд Трампыг Америкаа дахин агуу болгож, Европыг хувь заяанд нь даатгаад орхино хэмээн эмээж байна” гэж “Asas media” мэдээллээ. Тус хэвлэлд мэдээлснээр Европыг эдийн засгийн аварга биетэн, улс төрийн одой, цэрэг, дайны өт гэх болсон юм билээ. Европын Холбоо хөгжсөөр эцэст нь манай гаргийн эдийн засгийн томоохон нэгдэл болж чадсан ч аюулгүй байдал, батлан хамгаалах салбараа төдийлөн анхааралгүй орхисон байдаг. Энэ холбооны байр суурь сулрахад Европын орнууд өөрсдөө буруутай. Чухал шийдвэрийг хоорондоо тохиролцож байж гаргадаг зарчим нь уг эвсэл өсөж, томрох, нөлөөний хүрээгээ тэлэх үйл явцыг төвөгтэй, тээртэй болгодог. Тус холбооны 27 гишүүн улс гадаад бодлого, аюулгүй байдлын асуудлаар тус бүрдээ хориг тавих эрхтэй нь сул байгаагийн шинж гэж үзэж болно. Дэлхийн хоёр их цуст дайнаас хойш цэргийн зардалдаа хэтэрхий гар татах болсон нь тогтоон барих өөрийн гэсэн хүчээ бий болгоход нь саад учруулж, түүнийг АНУ-аас бүрэн хамааралтай болгож орхисон юм. Цэрэг, дайны эрх мэдлээ алдвал бусдаас үл хамаарсан бодлого явуулах боломжийг хязгаарладаг юм хойно.
1990-ээд оны Балканы дайн Европ хэврэг болсныг илрүүлж, Украин дахь одоогийн үйл явдал түүнийг Америкийн “хавсарга” болгочихлоо. “Ерөнхийлөгч Байден бидэнд Трампаас илүү тусалж байна” гэж Зеленский хэлсэн шүүдээ. Энэ хүн Орос цэргээ Украины газар нутгаас, тэр дундаа Крымээс гаргаагүй нөхцөлд энхийн хэлэлцээрийн тухай яриа байхгүй гэх байр сууриа баримталсаар буй.
Америкийн зүгээс үзүүлэх тусламж хомсдоод, цаашид хэрхэх нь тодорхойгүй байхад Орос хүн хүч, зэвсэг хэрэгсэл хийгээд цэрэг дайны бусад бэлтгэлээ хавьгүй илүү хангаж, улмаар өсгөн нэмэгдүүлсээр байгааг Украины болон Өрнөдийн засаг захиргааныхан урьдчилан анхааруулсан. “Гадаадын дэмжлэгээс Украин ихээхэн хамааралтай байгаа. Үүнийг бодолцон Европын Холбооны гишүүн орнууд болон түншүүдийнх нь хийж буй сонголт цаашдаа Украин нэг бол урагш шийдвэртэй давших, эсвэл түүний эсэргүүцэх чадварыг эрс муутгахад хүргэнэ” гэж шинжээчид үзжээ.
Бидний мэдэхээр Украины зэвсэг хэрэгсэл хомсдож байгаа. Энэ сарын 1-нд Европын Холбооны удирдагчид уулзаж, Унгарын хоригийг гэтэлж, Украинд 50 тэрбум еврогийн багц тусламж үзүүлэх асуудлыг шийдсэн. Түүнээс гадна Герман, Британи, Нидерланд, Швед болон бусад улс хоёр талын тохиролцоогоор Украинд тэрбум тэрбум ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээр болсон. Орос, Украины зөрчилдөөний эхээр Европын Холбооны ихээхэн хэмжээний хөрөнгийг Европын энх тайвны сангаар дамжуулан цэргийн тусламжид ашиглаж эхэлсэн байдаг. Энэ санаачилга тун амжилттай болж, Киевт зэвсэг нийлүүлсэн Европын Холбооны гишүүн орнууд 5.5 тэрбум евро авсан. Гэвч энэ хөтөлбөр удалгүй гацсан. Гишүүн орнуудад тус сангаас нөхөн төлбөр өгөхийг Оростой найрсаг харилцаатай Унгарын Засгийн газар эсэргүүцэж, Украиныг ямар нэг буулт хийхийг шаардав.
Европын Холбооны баримт бичигт дурдсанаар цэргийн тусламж Украинд үзүүлсний төлөө гишүүн орнуудын энэ онд авах нөхөн төлбөр ойролцоогоор 7.5 тэрбум евро болох аж.
Бэлтгсэн Р.Жаргалант