Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимаас санаачлан “Улс төрийн намын бүртгэл” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг хийжээ. Үүнд шүүгчид, Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ) болон Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ), улс төрийн намуудын төлөөлөл оролцсон байна. Тэд Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуульд тусгасан бүртгэлтэй холбоотой асуудлаар ярилцаж, ойлголтоо нэгтгэсэн аж.
Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн Д.Мөнхтуяа “Дээд шүүх иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангахад л гол анхаарлаа хандуулна. Намуудад төвөг чирэгдэл учруулах ямар ч сонирхол шүүхэд байхгүй. Харин Улс төрийн намын тухай шинэ хуулийг хэрэглэх талаар нэгдмэл ойлголттой болох хэрэгтэй. Дээрх гурван байгууллага уг хуулийг өөр өөрөөр ойлгодог байж болохгүй. Ойлголтын зөрүүнд улс төрийн намууд чирэгдэнэ. Тиймээс ойлголтоо нэгтгэж, мөрдөх журмаа тодорхой болгох нь чухал” гэсэн байна.
Дээрх хуулийг шинэчлэн найруулж батлахаас өмнө намыг Дээд шүүх бүртгэдэг ч нэр, тамганы бүртгэлийг нь УБЕГ хариуцдаг байсан гэнэ. Тэгвэл тусдаа байсан эдгээр бүртгэлийг энэ оны эхнээс Дээд шүүх хариуцах болсон юм.