УИХ-ын 2024 оны сонгууль болоход хэдхэн сарын хугацаа үлджээ. Эрх мэдлийн төвлөрлийг задалж, олон намын төлөөлөлтэй, ёс зүйтэй, мэргэжлийн парламент бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлэх цаг болсон байна. 25 нас хүрсэн, эрүүл саруул ухаантай, шүүхээр гэм буруутай нь нотлогдоогүй хэн ч сонгогдох эрхээ эдэлж, нэрээ дэвшүүлэх нь нээлттэй. Гэхдээ хуулийг уландаа гишгэдэг, ёс зүйгүй улс төрчдийг ялгаж сонгон, хариуцлага тооцох боломж нь та, бидний гарт бий. Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүн бол илүү өндөр ёс зүйтэй, хэлсэн үг, хийсэн үйлдэл бүр нь хариуцлагатай байхыг шаарддаг ажил. Тэдэнд алдаа гаргах эрх байхгүй. “Өнөөдөр” сонин сонгогчдын санах ой болж, иргэдийн мэдэх эрхийг ханган, зөв сонголт хийхэд нь туслах, мэргэжлийн, ёс зүйтэй парламент бүрдүүлэх зорилгоор “Сонгож болохгүй улс төрч” булан нээгээд байна. Хэнийг, яагаад парламентад сонгож болохгүй вэ гэдэг үндэслэл, шалтгааныг бид цувралаар сануулах болно. Өөрчлөлтийг та л хийж чадна.
Биеэ засаад гэрээ, гэрээ засаад төрөө зас гэдэг үг бий. Гэвч манай хууль тогтоох, гүйцэтгэх засаглалыг “атгалцаж” яваа хүмүүсийн дунд энэ шалгуурт бүдэрдэг хүн цөөнгүй байна. Бүрэн эрхээ дуусгаж буй одоогийн парламент дахь, анхнаасаа гэр бүлийн асуудалтайгаар улс төрд хөл тавьсан нэгэн бол гишүүн П.Анужин. МУИС-ийн Олон улсын харилцааны сургуулийг дипломатч мэргэжлээр дүүргэсэн тэрбээр Япон Улсын Сока их сургуульд олон улсын эрх зүйч мэргэжлээр магистрын зэргээ хамгаалсан аж. Улмаар 2004-2010 онд тус улсын “Сефти технологи” компанид эрх зүйчээр ажиллаж байжээ. Түүнийг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч хийж эхэлснээр олон нийт таних болсон. 2010 оноос хойш тэрбээр үүнээс гадна хэд хэдэн нэвтрүүлгийн төслийг хэрэгжүүлж, “телевизийн хүн” болсон нь алсдаа улс төрд орохоор өөрийгөө олон нийтэд таниулах бодлого байсан гэдэг билээ. Мөн фэйсбүүкт “Мацагтан Монгол” групп хөтөлж, мацгийн талаар иргэдэд мэдээлэл өгдөг байв. Түүнийг багш хэмээн “шүтсэн” хүн ч олон байлаа. Гэхдээ хэн нь ч улс төрч болно гэж төсөөлөөгүй л болов уу.
2016 оны УИХ-ын сонгуулиар тэрбээр МАН-аас Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн юм. “Херо энтертайнмент”-ын найруулагч Б.Баатартай нэр холбогдож, дотно байдалтай авхуулсан зураг болон тухайн үед түүний эхнэр байсан жүжигчин Ч.Ундралыг хэл амаар доромжилж буй бичлэг нь энэ үед цахим сүлжээнд цацагдаж, багагүй дуулиан дэгдсэн. Уг маргаан нь шинэхэн байсан учраас магад тэр 2016 оны сонгуульд амжилт олоогүй байх. Гэвч монголчууд мартамхай, бас уучламтгай. Тиймээс гэр бүл үймүүлэн “бужигнуулж” явсныг нь дөрвөн жилийн дараа мартчихаж. 2020 онд П.Анужин Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж, багаараа сонгогдсон юм. 2016, 2020 онд МАН үнэмлэхүй олонх болсон. Иргэд хувь нэр дэвшигчийг гэхээс илүү намыг нь харж “бөөнд” нь сонгосон гэхэд буруудахгүй. Ингэж энэ бүсгүй хоёр дахь оролдлогоороо парламентын гишүүн болов. Сонгинохайрханчууд яагаад түүнийг сонгосныг бусад хүн гайхсаар үлдсэн.
Гэвч улс төр бол телевизийн нэвтрүүлэг биш, түүний дүр өнгөрсөн дөрвөн жилд парламентаас тодорсонгүй. Тоймтой хуулийн төсөл ч санаачилсангүй. Телевизэд тод байсан ч парламентад чимээгүй суусаар бүрэн эрх нь дуусаж байна. 2022 оноос УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны даргаар улиран ажиллаж буйг нь эс тооцвол “хэлгүй” шахам гишүүдийн нэг байлаа гэхэд болно. Парламентад сонгогдсоныхоо дараахан тэрбээр УИХ-ын гишүүдийн хүндэтгэлийн хувцасны хээг хуульчлах тухай санаачилга гаргаад, олон нийтэд “загнуулав”. Энэ улс оронд өөр чухал асуудал байхгүй гэж үү. Парламент бол хууль боловсруулж, баталдаг газар. Улс төрд орохоор дүр төрхөө таниулж явахдаа үүнийг судлах ёстойг “санаагүй” бололтой. Өнгөрсөн дөрвөн жилд эрхэм гишүүний хийсэн ганц “гол” ажил нь “Үдийн цай” хөтөлбөрийн нэг хүүхдэд ногдох хоолны төсвийг 600 төгрөгөөр нэмүүлсэн явдал.
Нэг хүүхдэд ногдох хоолны төсөв 900 төгрөг байсныг тэрбээр ажлын хэсэг байгуулан ажилласны дүнд 1500 болгосон юм байна. Тэрбээр энэ тухай цахим хуудсандаа байнга сануулж, “бахархдаг”. Гишүүн өөрөө дөрвөн хүүхэдтэй, алдарт эх. Ярьдаг шигээ шим тэжээлтэй хоолыг тэрбээр өөрийнхөө хүүхдэд 1500 төгрөгөөр авч өгч чадах уу. Мэдээж үгүй. Гэвч төсвийг нь 600- хан төгрөгөөр нэмүүлснээ байн байн ярихаасаа ичсэнгүй. Үүнийг улс төрийн пиар хийх, дахин сонгогдоход нь нөлөөлөх “гайхамшигтай ажил” гэж бодоод байх шиг. Хүүхдийн хоолны мөнгийг нэмүүлэхтэй холбоотой түүний санаачилгыг БШУЯ-наас үнэлж, “Талархал” гардуулсан гэнэ. Тэрбээр энэ тухай “Сургууль дээрх аяга хоолны чанараас хүний насан туршийн эрүүл мэндийн чанар шалтгаалдаг юм. БШУЯ-наас ийм талархал хүлээн авлаа. Хүүхдийн хоолны асуудал дээр анхаарлаа сулруулахгүй ажиллана аа” гэсэн тайлбарыг талархлын бичиг хүлээж авсан зургийнхаа хамт нийтэлсэн байна лээ. Хүүхдийн хоолны төсвийг ядаж 5000 төгрөгөөр батлуулсан бол өөрөөрөө бахархаж болох сон. Гэвчтүүнд ичих булчирхай үгүй ажээ.
Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэхээр болсныг олон нийт хүчтэй шүүмжилсэн билээ. Улмаар хэлэлцүүлгийг нь хойшлуулснаа УИХ-ын дарга Г.Занданшатар мэдэгдэж байв. Үе үе өөрчлөлт оруулдаг уг хуулийн ээлжит нэгэн төслийг П.Анужин гишүүн 2021 оны зургаадугаар сард Х.Ганхуяг, Х.Булгантуяа, Д.Өнөрболор нарын хамт өргөн барьсан аж. Гэвч гадаадын хөрөнгө оруулагч нь манай улсад 100 мянган ам.доллароос багагүй хөрөнгө оруулсан байх босгыг хасахаар уг төсөлд тусгасныг иргэд мэдээд шүүмжилж эхэлмэгц “Хууль өргөн барих албан бичигт гарын үсэг зурахад энэ заалт байгаагүй” гээд нэрээ татсан юм даг. Ямар төсөл санаачилж, юунд гарын үсэг зурж буйгаа мэдээгүй гэдэг тайлбартаа биднийг итгэнэ гэж л бодсон бололтой.
Энэ гишүүн ярьдаг, бичдэг шигээ гэгээлэг хүн бас биш бололтой. УИХ-ын гишүүний албан тушаал, эрх мэдлээ ашиглан нийтийн эзэмшлийн газрыг булаан авсан гэсэн үндэслэлээр 2021 оны аравдугаар сард АТГ-аас түүнийг шалгаж эхэлсэн байна. Мэдээллийн олон сайт болон хэвлэлээр энэ тухай бичжээ. Пүрэв-Очирын Анужин гэдэг ч түүнийг УИХ-ын гишүүн асан Р.Будын охин болохыг уншигчид мэдэх байх. Тэрбээр эцэг нэгтэй дүүтэйгээ хамтран Баянзүрх дүүргийн IV хорооны нутагт байрлах Доржийн гудамж дахь нийтийн эзэмшлийн газарт “Лүнда” нэртэй барилга барьж, цэнгээний газар, биллиард, авто угаалгын ил зогсоол ажиллуулдаг гэнэ. Гэвч АТГ-аас шалгаж эхэлсэн гэх энэ асуудал өнөөдөр хэрхсэн нь мэдэгдэхгүй замхарчээ.
Олны танил, үзэсгэлэнтэй, намдуухан яриатай байх нь улс төрд хангалтгүй. Улс төрч хүнд тал талын мэдлэг, туршлага, ёс зүй чухал. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэх шаардлагатай. Гэвч бүрэн эрхийн дөрвөн жилдээ суудал бөглөж, аниргүй байдаг биш, аливаа асуудлаар дуу хоолойгоо хүчтэй хүргэж, бодит шийдэл гаргахад нөлөөлж, манлайлж чадахуйц бүсгүйчүүдийг түлхүү сонгох нь чухал. Сайн сайхан зүйл ярьж хэлбэрдэхээс илүү бодит, даацтай үр дүнг л бид хүсдэг.