НҮБ-ын дэргэдэх Дэлхийн аялал жуулчлалын байгууллага албан ёсны нэршлээ өөрчилж, НҮБ-ын Аялал жуулчлал болгожээ. Тодруулбал, United nations world tourism organization (UNWTO) хэмээх олон улсын нэршлээ United nations tourism (UNT) болгож хураангуйлсан байна. Судлаачид үүнийг НҮБ-ын Аялал жуулчлалын агентлаг хэмээн утгачлан орчуулж, хэрэглэхэд тохиромжтой гэв. Мөн тус байгууллага лого болон брэндингээ өөрчилжээ.
Өмнөх лого нь дэлхийн бөмбөрцгөөр хил хязгааргүй харилцаа холбоо, жуулчлалыг бэлгэддэг байж. Харин шинэ нь алхаж буй хүнийг бөмбөрцгийн дотор дүрсэлснээрээ онцлог. Энэ нь аялал жуулчлалын гол цөмд хүн байдаг, хүний оролцоо чухал гэсэн санааг илэрхийлж буй гэнэ. Дашрамд дурдахад, тус байгууллага “утаагүй үйлдвэрлэл”-ийн салбарын 2024 оны уриа үгийг “Аялал жуулчлал ба энх тайван” гэж тодорхойлжээ.