“Хусит” гэх нэр сүүлийн үед дэлхий дахины хэвлэл мэдээлийн хэрэгслээр хүмүүсийн сонорт хүрээд байх боллоо. Энэ нь Саудын Арабын шашны нөлөөг эсэргүүцэж, 1990-ээд онд бий болсон шийтүүдийн цэрэгжсэн бүлэглэл бөгөөд Йемен улсын газар нутагт байрладаг юм. Уг бүлэглэлийг үүсгэн байгуулж, удирдаж байгаад 2004 онд Йемений армийнхны гарт амиа алдсан Хусейн аль-Хусигийн нэрийг бүлэглэл авч үлдсэн байна. Тэгэхэд Хусейн аль-Хуси Йемений эрх баригчдыг шийтүүдийг ялгаварлан гадуурхаж байна хэмээн буруутгаж Засгийн газрын эсрэг үймээн дэгдээжээ. Түүнийг үхсэний дараа бүлэглэлийн удирдлага дүү Абдель Малик аль-Хусид нь шилжив. 2009 онд Саудын Арабын дэмжлэгтэйгээр Засгийн газрын цэрэг бослогыг дарлаа. Гал зогсоох тухай хэлэлцээрт Йемений эрх баригчид, хуситууд 2010 оны эхээр гарын үсэг зуржээ. Хуситууд исламын шашны шийтийн урсгалын өвөрмөц нэг салбар-мазхаб гэгчийг шүтдэг аж. Тэд тус улсын хүн амын ихэнх нь шүтдэг “Суннизмээс шийзмийг хамгаална” гэж мэдэгддэг. Мазхаб шүтлэгтнүүд ихэнхдээ Йемений умард нутагт аж төрдөг бөгөөд тус улсын хүн амын гуравны нэг орчим нь юм. Хуситуудыг Ираны дэмжлэгийг ашигладаг хэмээн Йемений Засгийн газар буруутгадаг. “Улс орны энх амгалан, тогтвортой байдалд заналхийлж, улс төрийн үйл явцад саад хийж байна” хэмээн үзэж тус бүлэглэлийн удирдагч Абдель-Хамид аль-Хуси, Абдаллах Яхью аль-Хаким нарт НҮБ-ын Аюулгүйн зөвлөл 2014 оны сүүлчээр хориг тавьсан байдаг. Тус бүлэглэл 2011 оны Йемений хувьсгалд оролцож, өөрийн мэдлийн газар нутгийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Тэр үеэс хуситууд нөлөөллийн бүсээ тэлж, Йемений баруун эргийн ихээхэн хэсгийг хянаж, Улаан тэнгис рүү гарцтай болоод байгаа. Хуситуудыг АНУ 2021 оны эхээр алан хядагч байгууллага хэмээн хүлээн зөвшөөрснөөр Йеменд үзүүлдэг хүмүүнлэгийн тусламж хомсодсон ч Жо Байден Ерөнхийлөгч болсноос хойш энэ байр суурь өөрчлөгджээ.
Улаан тэнгис нь хөлөг онгоц хөлхдөг дэлхийн томоохон усан зам, Суэцийн сувгаас урагш оршдог, Европыг Ази, Зүүн Африктай холбодог юм. Йемен улс энэ тэнгисийн зүүн өмнөд эргийн дагуу байрлана. 2023 оны аравдугаар сарын 7-нд Израил, Палестиний ХАМАС хөдөлгөөний хооронд зэвсэгт зөрчилдөөн үүссэний дараа хуситууд Улаан тэнгисийн хөлөг онгоц зорчдог замыг хараандаа авч, ХАМАС-ыг дэмжиж буйгаа харуулав. Израилд харьяалагддаг юм уу, тэдний компаниуд ашиглаж буй, Израилын далбаатай хөлөг онгоцнууд руу дайрч довтолно гэж уг бүлэглэл мэдэгдсэн. Цаашдаа хуситууд хөлөг онгоцнууд руу олон удаа довтолсон тул усан тээвэр эрхэлдэг компаниуд явах замаа өөрчлөхөөр шийдэв. Ингэснээр замаа туулах цаг, өртөг зардал нь ихээхэн нэмэгджээ. Хуситуудын довтолгоон даамжирч, тухайн бүс нутагт харуул хийж буй янз бүрийн улс орны цэргийн хөлгүүд рүү пуужин, нисгэгчгүй төхөөрөмжөөр довтлох болсон байна. АНУ-ын хөлөг рүү ч буудах болжээ. Британи, Францын хөлөг онгоцнууд ч хуситуудын довтолгоонд өртөв. Улаан тэнгисийн урд хэсэгт аюулгүй байдлыг хамтран шийдэхийн тулд АНУ-ын тэргүүлсэн, ихэвчлэн НАТО-гийн орнуудаас бүрдсэн олон улсын эвсэлд Британи, Бахрейн, Канад, Франц, Итали, Нидерланд, Сейшелийн арлууд, Испани нэгдэв. Америк, Англи улсуудын тэвчээр барагдаж Йемен дэх хуситуудын баазад агаараас цохилт өгч эхлэв. CNN-ийн мэдээлснээр АНУ “Томагавк” далавчит пуужин, бөмбөгдөгч онгоц ашигласан байна. Энэ цохилтыг хөлөг онгоц, усан доогуур явдаг завинаас ч өгчээ. Өгөх цохилтоо нисгэгчгүй онгоц, пуужин хөөргөх газар дээрх дэд бүтцийг устгахад чиглэнэ гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин мэдэгдсэн юм. “Энэ цохилт бол Улаан тэнгисээр зорчигч олон улсын хөлөг онгоцнууд руу хуситуудын хийж буй довтолгоонд өгч байгаа хариу бөгөөд хөлөг онгоц эсэргүүцэх баллистик пуужинг тэд түүхэнд анх удаа хэрэглэлээ” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мэдэгдэв. Хуситуудад өгч буй цохилтын тухайд Британийн Ерөнхий сайд Риши Сунак ч бас мэдээлэл өгч, Улаан тэнгисээр зорчиж байгаа хөлөг онгоцнууд руу довтлохоо зогсоохыг хуситуудад уриалав. Хуситуудын толгойлогч Абдул Малик аль-Хуси ч дуугүй байсангүй, АНУ, түүний холбоотнууд довтолгооноо үргэлжлүүлбэл “томоохон” хариу барина хэмээн анхаарууллаа.
Газрын дундад тэнгисийг Улаан тэнгистэй холбодог Европ, Азийн хооронд хамгийн богино зам болох Суэцийн сувгаар дэлхийн хөлөг онгоцны тээврийн 12 орчим хувь нь явж өнгөрдөг юм. Үүгээр явдаг хөлөг онгоцнууд Персийн булангаас нефть, байгалийн шатсан хий болон Хятад, Тайвань, Бангладешээс өргөн хэрэглээний бараа, цахилгаан хэрэгсэл зөөдөг. Зүүн Африкаас цай, кофе, Австрали, Шинэ Зеландаас дарс, Тайланд, Камбожоос хөлдөөсөн мах ч бас энэ замаар тээвэрлэнэ. Тохиромжгүй газар хөлөг онгоцнуудыг саатуулах, усан буудлуудад бөөгнөрөл үүсгэх нь бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлж, нэг, хоёрдугаар сард, түүнээс цааш ч барааны хомсдол бий болгоно гэж Олон улсын экспорт, худалдааны хүрээлэнгийн ерөнхий захирал Марко Форгионе сэтгүүлчийн асуултад хариулахдаа хэлжээ.
Улаан тэнгист хуситуудын хийж буй үйлдлээс шалтгаалж дэлхийн худалдааны эргэлт өнгөрсөн оны сүүлийн хоёр сард 1.3 хувиар буурсан байна. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Улаан тэнгисээр 500 мянган чингэлэг тээвэрлэж байсан нь одоо 300 мянга болжээ. Түүгээр ч барахгүй Улаан тэнгисээр өнгөрөх тээврийн замыг удаан хугацаагаар хаавал дэлхийн эдийн засаг, компаниуд, хэрэглэгчдэд эдийн засаг, инфляцын цохилт болно гэж Данийн “Moller-Maersk” группийн гүйцэтгэх захирал Винсент Клерк үзэж байна. Данийн энэ групп чингэлгийн тээврээр дэлхийд хоёрт ордог юм. Чингэлэг зөөдөг хөлөг онгоцнууд чиглэлээ өөрчлөн Сайн итгэлтийн хошуугаар явбал туулах зам нь 13 000 километрээр сунаж, түлшний өртөг 50 хувиар нэмэгдэх аж. Улаан тэнгисээр Суэцийн суваг руу явдаг тээврийн хөлөг онгоцны тоо 2023 оны эхэн үетэй харьцуулбал нэгдүгээр сарын эхээр долоо хоногт л гэхэд 90 хувиар цөөрчээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений Ойрхи Дорнодын орнуудаар хийсэн аялал саяхан өндөрлөв. Америк, Британи улс хуситуудын эсрэг цохилт өгсөн нь уг аяллын үр дүн байв. Хуситуудын эсрэг үйл ажиллагаагаа АНУ шинэ түвшинд шилжүүллээ. Гэхдээ “Ансар Аллах”-ын байлдах чадварт одоогоор мэдэгдэхүйц хохирол учруулж, аюулыг зайлуулж чадаагүй байна. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Блинкен тус бүс нутагт дөрөв дэх удаагаа ирсэн нь энэ. Тэрбээр дөрвөн сарын дотор биш, хоёр жилийн хугацаанд Украинд мөн дөрвөн удаа очоод буй юм. Эдгээр аялалд нэг ижил төстэй юм байгаа нь дорвитой үр дүн өгөөгүй. 2024 оны нэгдүгээр сарыг 2023 оны аравдугаар сартай харьцуулбал Газын зурвас дахь хямрал төгсөх цаг хол гэж харагдаж байгаа. Израилын Засгийн газар хийгээд “Хезболла”-гийн байр суурийг анзаарахад энэ зөрчилдөөн Ливан хүртэл “сунаж” болзошгүй. Өмнөх аяллын үеэр Саудын Арабын ханхүүтэй уулзахын тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга бүтэн шөнө хүлээх тохиолдол гарч байсан бол энэ удаад Махмуд Аббастай хийсэн ярианы нь үед тэдний ард Палестинийн далбаа л харагдаж байсныг бодоход Рамаллад Америкийн далбаа олдоогүй бололтой. Төрийн нарийн бичгийн дарга Каирт очоод “Арабын орнууд Израилтай ойртох нь Ираныг тусгаарлах сайн арга болно” гэж хэлсэн нь бодит байдлаас огт хөндий бодол бөгөөд Арабын орнууд, Израилын харилцааг хэвийн болгох гол нөхцөл нь Газын зурвас дахь галыг зогсоож, Палестин улсыг байгуулах явдал юм. Ийм алхам хийхэд Беньямин Нетаньяхугийн танхим бэлэн бус байна.
Байдлаас ажихад энэ зөрчил тэмцлээс гарах замын талаар Израилд тодорхой төсөөлөл байхгүй, ЦАХАЛ (Израилын арми) нь ХАМАС-ыг устгах “ажил” л хийж байгаа болохоос тэдний хөлд энгийн иргэд үрэгдэж буйд огт харамсахгүй байна. Хямралаас гарах төлөвлөгөө Тель-Авивт байхгүй байгаа нь палестинчуудад төдийгүй Израилд өөрт нь аюул учруулж буй юм. Эцэст нь, тэд ХАМАС-тай хамт одоогоор мэдэгдэхгүй байгаа шулмасын аманд орохыг ч үгүйсгэхгүй. Америк сүйтгээд орхисон Иракийн үнс, нурман дээр “Исламын улс” гарч ирснийг санахад илүүдэхгүй. Үүнийг АНУ ухаарч буй, эсэхийг бүү мэд, Вашингтон харин Нетаньяхуд шахалт үзүүлэхийг оролдож буй нь үнэн юм. “Би Израилыг цэргээ үлэмж хорогдуулж, Газын зурвасаас гаргахын тулд Засгийн газартай нь шуугиан чимээ багатай ажиллаж байгаа” гэж Америкийн Ерөнхийлөгч хэлсэн удаа бий. “The New York Тimes”-ийн явуулсан санал асуулгаар Газын зурвас дахь зөрчлийг зохицуулах үйлсэд Байдены гаргаж буй хандлагыг Америкийн сонгогчдын 57 орчим хувь нь дэмжихгүй байгаа юм билээ. Тэгэхээр Америкийн Ерөнхийлөгч палестинчуудыг биш, өөрий чансааг л бодож ийн хэлсэн биз. Түүний “Нетаньяхутай хийж байгаа чимээ шуугиангүй ажиллагаа” Йеменд өгч буй цохилттой олон талаар агаар нэг гэж хэлж болно. Хуситуудад хамаарах объектуудад цохилт өгснөөр асуудлыг шийдэхгүй, энэ нь Улаан тэнгист дэг журам тогтоох гэсэн АНУ-ын эрмэлзлийг л харуулж буй хэрэг.
Йемений хуситууд Улаан тэнгист хөлөг онгоцнууд руу довтолж байгаа нь Ираны исламын хувьсгалыг хамгаалах корпус болон Ливаны “Хезболла” бүлэглэлийн заавраар хийж буй алан хядах ажиллагаа гэж “Reuters” хэд хэдэн эх сурвалж дээр үндэслэн мэдээлсэн байна. Хуситуудын энэ үйлдэл өнгөрсөн оны сүүлчээс буюу Израил, ХАМАС-ын хоорондын мөргөлдөөнөөс эхлэлтэй юм. Сүүлийн үеийн мэдээгээр хуситууд 100 гаруй удаа хөлөг онгоцнууд руу довтлоод байна. Америк, Британийн агаарын хүчин энэ сарын 12-ноос хариу цохилт өгч эхэлсэн. АНУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргаа Улаан тэнгис дэх энэ үйл явдал удаан үргэлжлэхгүй гэж үзэж байсан ч тодорхой хугацааг Цагаан ордон хэлсэнгүй гэж “The Washington Post” сонин мэдээлжээ.
Азийн орнуудаас Израилд хүрэх барааг Бахреин болон Абу-Дабид сэлгэн ачиж хуурай замаар Саудын Араб, Йорданаар дамжуулан зөөх болжээ. Ийм байдлаар ачааг 15-20 хоногийн дотор Израилд хүргэж байна. Тэгвэл тэнгисийн замаар ачааг зорьсон газар нь хүргэхэд дайны өмнөхөөс хоёр дахин их буюу дунджаар 60 хоног шаардагдаж байгаа аж. Тегераны заавраар хийж буй хуситуудын түрэмгий үйлдэл Израилд бараа хүргэх хөлөг онгоцнууд Африк тивийг бүхэлд нь тойрч гарахаас аргагүй байдалд хүргээд байгаа юм. Ингэснээр нэг чингэлгийг зөөх өртөг дайны өмнөх үеэс дөрөв дахин нэмэгдэж, 2000 ам.доллар байснаа 8000 ам.доллар болж өслөө. Тиймээс зарим томоохон компани, тухайлбал, Хятадын COSCO корпорац Израил руу тээвэр хийхээ зогсоожээ.
Йемений хуситын “Ансар Аллах” бүлэглэл Америкийн цэргийн ачаа тээврийн “Ocean Jazr” хөлгийг Арабын тэнгисийн Аден буланд пуужингаар галлана гэж мэдэгдээд байна. Харин цохилтын учруулсан хохирлын талаар мэдээлээгүй. Эцэст нь хэлэхэд, хуситуудын бүлэглэлийг анх Дональд Трампын засаг захиргаа халаагаа өгөхөөс өмнөхөн алан хядагч байгууллагын жагсаалтад оруулсан байсныг Йемен дэх хүмүүнлэгийн хямралыг гүнзгийрүүлэхгүйн тулд Жо Байдены үед уг жагсаалтаас хасаад байсан юм.
Бэлтгэсэн Р.Жаргалант