Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, бусдын хөдөлгөөнд саад учруулан, аюулгүй байдлыг нь алдагдуулж буй жолооч нарыг илрүүлэх зорилгоор замын цагдаа нар далд хяналт тавьж эхэлжээ. Жолооч нар замын цагдаа, цагдаагийн машин харахаараа дүрмээ баримталж, цагдаа байхгүй бол зөрчил олон гаргадаг байна. Энэ байдлыг таслан зогсоох үүднээс замын цагдаагийн алба хаагчдын хувийн автомашинд хяналтын камер байрлуулсан юм.
Ингэснээр тэд замын хөдөлгөөний дүрэм зөрчин бусдад саад учруулж байгаа жолооч нарын эрхийг хасах хүртэлх арга хэмжээ авч байгаа. Зөвхөн өнгөрсөн хэдэн хоногт 240 ноцтой зөрчлийг баримтжуулан Захиргааны хариуцлагын тухай хуульд заасны дагуу 82 жолоочийн эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хасчээ. Гудамж, замд тавьсан хяналтын камер, зөрчил илрүүлэгч, энгэрийн болон автомашинд суурилуулсан телекамерын тусламжтайгаар зөрчил илрүүлдэг байсан бол нэмээд алба хаагчдынхаа хувийн машинд хяналтын камер суурилуулсан нь үр дүнгээ өгч байгаа талаар ЗЦГ-ынхан хэллээ.