УИХ-ын намрын чуулганаар 224 хууль, 62 тогтоол баталснаар хаалтаа хийлээ. Чуулганы завсарлагаанаар гишүүд сонгогдсон тойрогтоо ажиллаж, парламентаас баталсан хууль, тогтоолыг сурталчлан таниулах үүрэгтэй. Энэ удаа тэд уг ажлаа илүү идэвхтэй гүйцэтгэх болно. Цалин, тэтгэвэр нэмж байгаа, алслагдсан бүс нутагт ажиллах багш, боловсролын байгууллагын ажилтнууд болон төрийн албан хаагчдад нэмэлт урамшуулал олгоно, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмших эрхтэй хүмүүсийн тоонд 2012 оны дөрөвдүгээр сараас хойш төрсөн иргэн бүрийг нэмж оруулсан гэх мэтээр сонгогчдод таалагдах мэдээгээр “богц” дүүрэн очих нь. Чухам ийм “чимэгтэй” мэдээ дуулгахын тулд парламент, Засгийн газар намрын чуулганаар “хичээнгүйлэн” ажилласан билээ. Сонгуулийн жил эхэлж байна шүү дээ. Одоо тойрогтоо ажиллах гишүүд тайзан дээр гарах боломж бүрийг ашиглахыг хичээх болно.
Чуулганы хуралдаан ч завсарлачихлаа, удахгүй сайд нар тал тал тийшээ давхиж, аваргуудад шагналыг нь гардуулна. Энэ бол тэдний хувьд төрийн нэрээр өөрсдийгөө сурталчлах том боломж. 3-4 аймгийг нийлүүлж бүсчилсэн, том тойрог байгуулсан учраас улс төрчид иймэрхүү арга хэмжээг далимдуулан оноогдсон тойргоо хуваарилан авч, “шинэ” сонгогчдод өөрийгөө таниулаад авна гэсэн үг.
ХУУЛИАР ХОРИОГҮЙ БҮХЭН НЭЭЛТТЭЙ
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд ямар сурталчилгааг хориглохыг тодорхой заасан байдаг. Сонгуулийн жил эхэлснээс хойш санал авах өдрийг дуустал сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, хөнгөлөлттэй болон үнэгүй үйлчилгээ, үзвэр үзүүлэх, нийтийг хамарсан тэмцээн, урлагийн тоглолт, дайллага зохион байгуулахыг үүгээр хориглосон юм. Аялалд явуулах, элдэв амлалт өгөх, ажлын байранд зуучлах ч хууль бус. Удахгүй болох сонгуульд нэрээ дэвшүүлэхээр шийдсэн улс төрчид энэ бүхнийг сонгуулийн жил эхлэхээс өмнө аль хэдийн амжуулчихсан. Харин тойрог томорсноор төлөвлөгөөгөө илүү өргөн хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй болов. Гэвч сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлтэл ашиглаж болох өөр олон боломж, хуулийн “цоорхой” тэдэнд бий. Тухайлбал, Засгийн газраас жил бүрийн Цагаан сарын өмнө улсын аварга малчин, тариаланч, саальчин, фермер тэргүүтнийг шалгаруулдаг.
Ажил ихтэй малчдыг Төрийн ордонд тэр бүр дуудаад байх боломжгүй. Тиймээс сайд, гишүүд хотонд нь очиж шагналыг гардуулдаг. Аварга малчин, тариаланчдын нэрс хэдийн тодорсон юм билээ. Чуулганы хуралдаан ч завсарлачихлаа, удахгүй сайд нар тал тал тийшээ давхиж, аваргуудад шагналыг нь гардуулна. Энэ бол тэдний хувьд төрийн нэрээр өөрсдийгөө сурталчлах том боломж. 3-4 аймгийг нийлүүлж бүсчилсэн, том тойрог байгуулсан учраас улс төрчид иймэрхүү арга хэмжээг далимдуулан оноогдсон тойргоо хуваарилан авч, “шинэ” сонгогчдод өөрийгөө таниулаад авна гэсэн үг. Төрийн одон, медаль гардуулах бас нэг арга бий. Манай улсад баяр бүрийн өмнө одон, медаль “бөөнддөг” уламжлалтай. Үүнийг нь тухайн тойрогтоо ажиллаж байгаа УИХ-ын гишүүн, сайд нар яг л өөрөөсөө өгч буй мэт маасайтал инээсээр гардуулдаг жишиг ч тогтсон.
Мөн сонгуулийн тойргуудад эдийн засгийн форум зохион байгуулахаар төлөвлөж буй юм байна. Сонгуулийн жилд нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах нь хуулиар хориотой. Гэвч төрийн зүгээс зохион байгуулах тул энэ хууль үйлчлэхгүй нь. Яагаад заавал сонгуулийн тойргуудад уг форумыг хийх гэж байгаа юм гэж үү. Сонгуулийн жил болж байна шүү дээ. Эдийн засгийн форумд ирэх сонгуульд нэр дэвших эрхмүүд бүгд оролцож, цэцэн мэргэн үгсээ урсгана. Сонгогчдод дүр төрхөө, үзэл бодлоо танилцуулна. Тойрог томсгосон учраас “хуучин” улс төрчид ч гэсэн өөр 2-3 аймгийн сонгогчдын санал авах хэрэгтэй, өөрийгөө таниулах, сануулах шаардлагатай. Шинэхэн нэр дэвшигчдэд хуулиар хориглоогүй ийм арга хэмжээ бүр ч их хэрэгтэй. Эрх баригч нам энэ мэтээр давуу талаа ашиглахгүй бол “алдас” болно.
Хуулиар хориогүй бүхэн нээлттэй учраас бусад намынханд хийж чадах зүйл үгүй. Тэдэнд төрийн нэрийн өмнөөс нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах эрх мэдэл байхгүй. Одон, медаль гардуулах ч аргагүй. Тиймээс томсгосон тойрогт бор зүрхээрээ л ажиллаж таарах нь. Бүх нам, нэр дэвшигчид гарааны тэгш боломж олгох тухай яриа бол ердөө л цаасан дээрх тунхаглал. Бодит байдалд хэн эрх мэдэлтэй, санхүүгийн боломжтойд нь давуу тал олдож буй нь энэ.
МАН, АН-ААС “ЖИЙГДЭГСЭД” ХААЧИХ ВЭ
Дээр дурдсан арга хэмжээнүүдээр далимдуулан томсгосон тойрогт өөрсдийгөө сурталчлах боломж эрх баригч намын улс төрчдөд, тэр дундаа “виз”-ээ авчихсан хүмүүст хамааралтай. Гэтэл МАН-д ч, АН-д ч сонгуульд нэрээ дэвшүүлэх, УИХ-ын гишүүн болох амбицтай хүн олон. Хэдийгээр 50-иар нэмэгдсэн ч парламентын гишүүний суудлын тоо 126 учраас бүх хүнд “хүрд эргүүлэх” боломж олдохгүй. Тиймээс намаасаа тойрогт ч, жагсаалтад ч багтах “виз” авч чадаагүй улс төрчид, горилогчид өөр арга зам хайж байна. АН-ын хувьд парламентад намаа төлөөлөн ажилласан 11 гишүүндээ давуу эрх олгохоо мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, нэр дэвших эрх олох гэж тэд зовох шаардлагагүй, олонх нь тойргоос өрсөлдөх аж. Харин МАН-ын 62 гишүүнээс зарим нь хасагдаж таарна. Эдэн дээр бусад горилогч нэмэгдэнэ. Тиймээс аль аль намаас нь “жийгдсэн” хүмүүс өөр нам, эвслийн хаяа бараадах Б төлөвлөгөө боловсруулж эхэлсэн байна. Зарим нь тохиролцоогоо хэдийн жин тан болгочихсон гэдэгт эргэлзэхгүй.
Гуравдагч хүчний намуудаас сонголт хийхдээ эдгээр горилогч хэд хэдэн шалгуур тавьж буй аж. Намдаа “гологдсон” ч тэд гуравдагч хүчнийхэнд олны танил дүр төрх болно. Тиймээс хэн хэндээ ашигтай хувилбар юм. Сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах учраас намуудын Дээд шүүхэд бүртгүүлсэн дараалал чухал шалгуур болж байна. Саналын хуудсанд намуудыг энэ дарааллаар бичих учраас тэр. Жагсаалтыг МАН, АН тэргүүлж, Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон нам (ИЗНН), Монголын уламжлалын нэгдсэн нам (МУНН) эхний тавд багтдаг. Тэгвэл МАН-ынхан МНН-ыг, АН-аас “гологдогсод” МУНН-ыг сонгож буй тухай мэдээлэл гарчээ. Мөн ИЗНН-ыг АН-д гомдогсод зорьдог жишиг бий. Эдүгээ тус намын даргаар ажиллаж буй Б.Батбаатар ч 2016 онд ийм шалтгаанаар ИЗНН-д элсэж, улмаар суурьшин үлдсэн нэгэн.
1993 онд байгуулагдсан МУНН түүхэндээ ганцхан удаа парламентад нэг суудалтай байж үзсэн юм. 1996 онд тус намыг төлөөлөн О.Дашбалбар гуай сонгуулийн 31 дүгээр тойргоос сонгогдож байв. Үүнээс хойш МУНН сонгууль бүрд тасралтгүй оролцдог, голдуу эвсэл байгуулдаг ч амжилт олсонгүй. Тэгвэл энэ удаа МАН-аас нэр дэвших эрх авч чадаагүй хүмүүсийг элсүүлээд хэн хэнд нь аз таарахыг үгүйсгэх аргагүй. МНН-ыг ч мөн нэг л удаа Д.Энхбат хэмээх эрхэм парламентад төлөөлөн суусан түүх бий. ИЗНН бол 2020 оноос бусад бүх сонгуулиар тасралтгүй 1-3 төлөөлөлтэй байж ирсэн гуравдагч хүчин. Нэр хүндийг нь ч, саналын хуудсанд дээгүүр бичигдэх байрлалыг нь ч бодсон эдгээр гурван нам ирэх сонгуулиар үнэд хүрч, МАН, АН-аас ирэгчдийг “сорчилж” нэр дэвшүүлж мэдэхээр байна.
Үүнээс гадна нийт сонгогчийн 4-5 хувийн санал авах магадлалтай, шинэ намуудыг ч зарим улс төрч сонгоод буй. Ийм намд жагсаалтаар эхний хоёрт бичигдвэл сонгогдох магадлал нь өсөх юм. Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон өнгөрсөн жил Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намд элсэн, дэд дарга нь болсон. Тэрбээр “ШИНЭН өнгөрсөн сонгуулиар 200 гаруй мянган сонгогчийн санал авч байсан. Энэ нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор УИХ-д бүлэг байгуулах хэмжээний саналын эрх” хэмээснээс зорилго нь тодорхой харагдана.
Ийнхүү “төрөлх” намаасаа “төрийн дэмжлэгтэйгээр” нэр дэвших хүмүүстэй хийх АН болон “хүрд эргүүлэх” боломжгүй горилогчдоор хүч нэмэгдүүлсэн гуравдагч хүчнийхний тэнцвэргүй өрсөлдөөн бүхий сонгуулийн их сунгаа эхэлж байна. Хөдөө, хотгүй УИХ-ын гишүүд байн байн харагдаад л, шагнал гардуулаад явах цаг айсуй. Сонгуулийн жил болж байна шүү дээ.