Монголын Үндэсний музейнхэн сан хөмрөг дэх эртний аягануудаа танилцуулах үзэсгэлэн дэлгэлээ. Энэхүү “Нүүдэлчдийн аяга” нэртэй үзэсгэлэн ирэх сарын 20 хүртэл үргэлжилнэ. Хүрэл зэвсгийн үеийн чулуун аяганаас өнөөгийн шаазан аяга хүртэлх хөгжлийн түүхийг илтгэх 60 үзмэрийг эл үзэсгэлэнгээс тольдоорой.
Монголын Үндэсний музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга Ч.Туулцэцэгээс үзэсгэлэнгийн онцлогийг тодрууллаа.
Тэрбээр “Аягагүй бол амгүй” гэж Монголчууд ярьдаг. Монгол төдийгүй дэлхийд аяга өдөр тутмын хэрэглээ. Аяга хэрэглээнээс гадна нийгмийн хөгжлийг, тухайн үеийнхээ аж байдлыг хадгалдаг. Эртнээсээ хэрэглээнд ашиглахдаа өдөр тутмын, тахилын гэх мэтээр ашигладаг байсан онцлогтой. Тухайлбал, чулуун зэвсгийн үед зөөлөн чулуу ухаж, аяга хийдэг байсныг Ховд аймгийн Булган сумаас олдсон олдворууд илтгэнэ. Мөн Архангай аймгийн Хашаат сумаас олдсон хоёр алтан хундага бий. Энэ нь Түрэгийн үеийн хаадын сүмээс олдсон тахилын хундага” гэлээ.
Үүнээс гадна Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутгаас олдсон 13 дугаар зууны үеийн “цом аяга”-ыг үзэсгэлэнд дэлгэжээ. Эл аяга нь өндөр суурь буюу бариултай байсан бөгөөд хаад ноёдых гэж судлаачид үзжээ. Мөн 13 дугаар зууны үед Монголд шаазан аягыг Хятадаас худалдааны замаар авч ирсэн түүхтэй. Тиймээс үзэсгэлэнд ирснээр тухайн үеийн гадаад харилцааны "нууц"-ыг мэдэж болох нь ээ.
Чулуун болон Хүрэл зэвсгийн үед зөөлөн чулуугаар аяга хийдэг байсан бол сүүлийн зуунуудад мөнгө болон бусад үнэт металлаар бүрж, чимэглэдэг болсон. Тухайлбал, мөнгөн аяга эрүүл мэндэд тустайгаас гадна урлаг болтлоо хөгжсөн. Улмаар нутаг нутгийн урчуудын гарын ур хийц шингээж, соёл, түүхийг илтгэж байдаг.
Дашрамд дурдахад, уг үзэсгэлэнг “Нүүдэлчдийн аяга” цомог хэвлүүлэхтэй холбоотойгоор гаргажээ. Өнгөрөгч оны арванхоёрдугаар сарын 28-нд нүүдэлчдийн аяга эрдэм шинжилгээний хурлыг Соёл урлагийн их сургууль, Археологийн болон Түүхийн хүрээлэн, олон улсын Музейн холбоо, Үндэсний музейтэй хамтарч хийжээ. Тус цомогт аяганы хэрэглээ, бэлгэдэл, онцлог, түүхэн үе шатуудыг тусгасан бөгөөд энэ сард багтааж, олны хүртээл болгоно.
Бэлтгэсэн: Н.Халиунаа