Франц засгийн газрыг анх удаа ил ижил хүйстэн удирдах боллоо. Мөн шинэ Ернхий сайд тус улсын орчин үеийн түүхэн дэх хамгийн залуу засгийн газрын тэргүүн юм гэж Bloomberg бичжээ.
34 настай Габриэль Аттал өнгөрсөн долдугаар сард Францын Боловсролын яамыг хариуцаж, тэр даруй францчуудын дунд нэр хүндтэй болжээ.
Тэрээр ерөнхий боловсролын сургуульд исламын абая гэх урт даашинзтай орохыг хориглож, сурагчийн нэгдсэн дүрэмт хувцсыг ашиглах туршилт хийхээ амласан байна
Аттал 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Эмануиль Макроны хөдөлгөөнд нэгдэж, одоо болтол түүний багт ажиллаж байгаа нь анхаарал татаж байгаа аж.
Мөн тэрбээр 2022 онд Макрон ерөнхийлөгчөөр дахин сонгогдсоны дараа Засгийн газрын танхимд үлдсэн цөөхөн төрийн өндөр албан тушаалтнуудын нэг юм.
Түүгээр ч барахгүй Макрон залуу ерөнхий сайд Атталыг өөрийн залгамжлаг хэмээн харж байгаа гэж зарим хүмүүс таамаглаж байна.
Габриэль Атталын ээж нь 1917 оны хувьсгал, иргэний дайны дараа Одессаас дүрвэн гарсан оросын цагаачдын удам. Харин Ерөнхий сайдын аав Ив Аттал нь еврей гэр бүлд төрж өссөн нэртэй хуульч, кино продюсер, нийгмийн зүтгэлтэн аж.
Залуу улс төрч Парисын нэр хүндтэй хувийн Эльзасын сургуульд суралцаж, 2013 онд Парис хотын Улс төр судлалын дээд сургуулийг төрийн удирдлагын магистрын зэрэгтэй, дараа нь Парисын Пантеон-Ассасын их сургуульд хуулийн мэргэжил эзэмшжээ.
Аттал нь Европын парламентын гишүүн, мөн эрх баригч “Сэргэн мандалтын намын” ерөнхий нарийн бичгийн дарга Стефан Сежурнеттэй хамран амьдардаг аж.
Габриэль Аттал улс төрийн карьерийнхаа туршид бэлгийн чиг хандлагаасаа болж нэг бус удаа доромжлол, сүрдүүлэгт өртөж байсан гэдгээ ярьжээ.