1785 онд анх байгуулагдсан 239 жилийн түүхтэй, Британийн өдөр тутмын “The Times” сонинд “Монгол Хаан” жүжгийн тухай шүүмж нийтлэгдсэн нь нэр төрийн хэрэг байлаа. Дебра Крейний бичсэн эл шүүмжийг толилуулж байна.
Энэ бүтээлийг туульс хэмээн тодотгосон нь хэтрүүлэг биш юм. Их Британид анх удаа Монголоос айлчлан тавигдаж буй энэхүү бүтээл нь Колизумын үлэмж тайзыг ч хөл үймээн ихтэй харагдуулах үзүүлбэр аж. Гойд уран нарийн хийц чимэглэлтэй тайз засал, жүжигчид, бүжигчид, уран нугараачид бүхий дал гаруй уран бүтээлч хорших нь нүд эцээм. Дэвслэн нүргэлэх, тас няс хийх нь ч чих дөжрөм нүргээнтэй. Эл бүгд Бавуугийн Лхагвасүрэнгийн 1998 онд туурвисан жүжгээс сэдэвлэсэн, өдгөөгөөс хоёр мянганы тэртээ, тодруулбал Чингис хаанаас мянган оны өмнөх цаг үед өрнөх баатарлаг түүхийг өгүүлнэ.
Энэ жүжгийн гол дүр нь төрт ёсны угсаа залгамж нь мухардахад хүрсэн нэгэн хаан. Хаантан хэдхэн хоногийн зайтай мэндэлсэн хоёр нуган үрийнхээ хэнд нь хаан ор залгамжлуулах вэ? Эцэг байж таа рамгүй ахимаг хатныхаа хүүд үү, эсхүл мах цусны тасархай бага хатныхаа нуган үрдээ юу? Хаантан зүйргүй хайртай бага хатныхаа хүүг өөрийн залгамжлагчаараа зарлах авч, хааны шадар зөвлөхийн хорон бузар сэдлээр хоёр хүүг төрсөн даруйд нь өлгийнд нь сольсон тухайд эс мэднэ. Ийн лай ланчиг ар араасаа ургана. Энэ бүтээл эцэстээ амь, цусаар төгсөх нь дамжиггүй атгаг санаархал, атаа хорсол, арсах тэмцэл, андуу тавилан, адгам хүсэл, амин золиосын туульс ажгуу. Бүжиг, хөг жим, хүүхэлдэй, хүүрнэлээр хамсран өгүүлэгдэх энэ зохиол мөн англи хэлээр үзэгчдэд зэрэг хүрэх бөгөөд жүжгийн зохиолч Тимберлейк Уэртенбэйкерийн хянан найруулсан орчуулга нь найруулагч “Херо” Баатарын улаанаар нэвчиж, ухаан дэнсэлгэсэн бүтээлийн дээгүүр урсан үзэгдэнэ.
Харин дориун чанга хөгжим нь Монгол хөг аялгууны уламжлал, өрнийн яруу найрслын зарчим, хүнд рок хөгжмийн бүрдвэрийг нийтгэн зохирчээ. Төв азийн талын нүүдэлчдийн уламжлалт өв соёлоос үүтгэсэн өмсгөл хувцас нь өвч улаан голлож, алт эрдэнэс чимсэн ганган тансаг, хээнцэр гоёмсог агаад мангасын баг, галаар тургигч хүүхэлдэйн луу ч үзэгдэнэ. Тавь гаруй уран бүжээчид тайзнаа мяраан хөлхөж, уухирдсан энэлэл үймрэл, улангассан тулаан тэмцлийг ч биеэр дүрслэн бодитоор үзүүлэх нь “Лир ван” жүжгийг Нарны цирк толилуулах мэт ээ. “Лир ван”-г санагдуулам Арчуг хааны дүрийг бүтээгч Ганболдын Эрдэнэбилэг тэргүүт жүжигчдийн дүрдээ хувирах нь үнэхээр амьдрал дээр өрнөөд буй мэт ухуулан үнэмшүүлнэ. Гол дүрийн жүжигчин Хааны дүрээрээ төрт улсынхаа хойчийн төлөө юугаа ч үл хайрлах гүрний эзэн, төрсөн үрсийнхээ төлөө тарчлан шаналах өрхийн тэргүүнийг урлан хөрөглөж чадсан нь тайзнаа буцлан дүрэлзэх нэн эрмүүн өрнүүн үйл явдал дундаас Шекспирийн дүрийн цог заль, хүчирхэг хүмүүний ид хаваараа тодрон цолгорох ажээ.
Эх сурвалж: "The Time"