Аливаа үндэстний уран зохиол ард түмний оюуны соёлын өв сан, баялаг, урлагийн бүх төрлийн тулгуур үндэс, улс орны тусгаар тогтнолын баталгаа, нийгмийн түүхэн хөгжлийн тусгал, монгол үндэстний сэтгэлгээ тунгалаг байх оюун санааны суурь үндэс мөн.
МАХН-ын VII их хурал 1929 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотноо хуралдаж “Шинэ хувьсгалын утга бүхий зохиолч нарын бүлгэмийг байгуулах, тэднийг сайшаан хөхиүлэн хөгжүүлэхээс гадна хэвлэн гаргасан дэвтрүүдийн үнийг хямд болговол зохино” зэрэг уран зохиолд хамаатай тогтоол гаргажээ. Хурлаар Хувьсгалын уран зохиолын бүлгэмийг байгуулж, удирдах зөвлөлийн тэргүүлэгчдэд С.Буяннэмэх, М.Ядамсүрэн, Ц.Дамдинсүрэн, М.Дугаржав, Б.Ринчен нарыг сонгож, Ц.Дамдинсүрэнгийн бичсэн гишүүн элсүүлэх болзол, гишүүн, зохиолчийн эрх, үүргийг тусгасан бүлгэмийн дүрмийн төслийг хэлэлцэн баталсан түүхэн өдөр юм.
Монгол үндэстний хэл соёл, гүн ухаан, түүх, урлаг, аж төрөх ёс, улс орны мандан бадрал, уламжлалт ёс заншил, шашин суртахуун зэрэг улс орны хөгжлийн амьд түүхийг уран сайхны аргаар бүтээн үеийн үед хадгалан дамжуулагч үндэсний уран зохиолыг хөгжүүлэгч Монголын Зохиолчдын эвлэлийн 95 жилийн ойн өдөр тохиож байна.