Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэзуу хийдийн удирдлага, хамба ламд эрүүгийн хэрэг үүсгэх бололтой. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хийсэн шалгалтаар 2008 онд тоолж, улсын бүртгэлд авсан Өндөр гэгээн Занабазарын урласан гурван бурхан, цөөнгүй үнэт эдлэл сох дутжээ. Албаны эх сурвалжаас энэ тухай тодруулахад “Одоогоор тус хийдийн удирдлагыг эрүүгийн хэрэгт татаагүй. Хосгүй үнэт бүтээл дутсан тухай мэдээлэл бидэнд ирсэн. Хэзээ алга болсныг хэн ч мэдэхгүй байгаа. Шалгах явцад хэнийг энэ хэрэгт татах нь тодорхой болно. Мөрдөн шалгах ажил дөнгөж эхэлж байгаа болохоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
Эрдэнэзуу хийд рүү урт гартнууд халдсан тохиолдол олон гарсан. Одоогоос нэг жилийн өмнө тохой өндөртэй Ногоон дарь эх, Аюуш бурхнаа алдаж байсан бол өнгөрөгч дөрөвдүгээр сард Ганданзуу хэмээх бүтээлийг хятадуудын захиалгаар нутгийн иргэд хулгайлах гэж байгаад баригдсан. Монголын түүх, соёлын хосгүй үнэт бүтээлийг хадгалдаг хийдийн харуул хамгаалалтыг сайжруулахг үй бол дахин давтагдашгүй бүтээл хэдэн бор төгрөг болж, хил давсаар дуусах нь.
Х.СҮРЭН