УИХ-ын сонгуулийн жил эхлэв. Ирэх зургаадугаар сарын 28-нд бид дараачийн парламентад ажиллах 126 гишүүнийг сонгоно. УИХ-ын гишүүний тоо 50-иар нэмэгдэх гэж байна. Тоо нэмэгдэх тусам сонгогдох магадлал өснө гэж тооцсон горилогч олон бий. Төрийн тодорхой албан тушаалд ажиллаж байсан цөөнгүй эрхэм өнгөрсөн оны сүүлчээр ажлаа хүлээлгэн өгсөн. Ер нь сонгуулийн жилээс өмнө “амжуулах” ажил улс төрчдөд, горилогчдод их байлаа. Хуулиар хориглохоос нь өрсөж тэд сонгогчдод бэлэг сэлтхэн тарааж, өөрсдийгөө сурталчлав.
Хийсэн ажлынхаа тайланг танилцуулах нэрээр цөөнгүй гишүүн сонгогдсон тойргийнхоо иргэдэд гарын бэлэг тараажээ. “Өгвөл ав, гэхдээ сонголтоо өөрийнхөөрөө хий” хэмээн зарим гуравдагч хүчний намын зүгээс ухуулж харагдсан. Сонгуулийн жил эхлэхээс өмнө юу болоод өнгөрөв, үүнээс хойш юу хийхийг хуулиар хориглов.
ТОЙРОГ БОЛОН БЭЛЭГ
УИХ-аас 2024 оны ээлжит сонгуулийн тойрог, мандатын тоог баталсан. Үүний дагуу орон нутагт бүсчилсэн долоо, нийслэлд зургаа, нийт 13 тойрогтой байхаар болоод байна. Аймгуудыг бүсчилж, тойрогт хувааснаар жалга довны үзлээс холдож, тухайн газраа “өмчилчихсөн” улс төрчдийг өөрчлөх боломж бүрдэж буй. Хамгийн гол нь эдийн засгийг бүсчилж хөгжүүлэн, томоохон төслүүдийг урагшлуулж чадах юм. Мөн жендерийн тэгш байдал, нийгмийн бүлгүүдийн төлөөллийг хангахад давуу талтай шийдэл гэж үздэг. Хувийн тоглолт хийдэг улс төрчдийг “цэвэрлэж”, багаар ажиллах, бүсчилсэн бодлого боловсруулах, тэр хэрээр намууд төлөвших ач холбогдолтой тухай зарим судлаач бодлоо хуваалцсан байна лээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд хийсэн тойрог хуваарилалтыг УИХ-ын дарга “Нэг Монгол, нийтлэг эрх ашгийн төлөө шийдвэр” хэмээн онцолсон.
Харин олон нийтэд төдийлөн танигдаагүй хүмүүст бүсчилсэн, том тойрог “хүнд” тусна. Сонгуулийн сурталчилгааны 14 хоногт гурван аймгийг тойрч, сум бүрд очин, иргэдэд өөрийгөө, намынхаа мөрийн хөтөлбөр, үзэл бодол, давуу талаа танилцуулж бараг амжихгүй. Гэхдээ сонгууль, аливаа улс төр зөвхөн сурталчилгааны хэдхэн хоногт өрнөдөггүй. Дараагийн сонгуульд нэр дэвших шийдвэрээ эрт гаргасан, намтайгаа “виз”-ийн талаар тохиролцоонд хүрсэн хүмүүс жилийн өмнөөс ажилдаа ордог нь нууц биш. Баяр ёслол бүрээр тухайн тойрогтоо харагдаж, байж болох шагнал, одонг төрийн өмнөөс гардуулж, нутгийн сайн хүү, охины дүр эсгэх замаар өөрийгөө ч, үзэл бодлоо ч таниулдаг м. Хэн, хаана бэлэг гардуулж, шагнал, элдэв ёслолд оролцож буйгаас нэр дэвших газрыг эдчихэж ч болдог.
Юутай ч хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө сонгогчдод өөрийгөө сануулах, таниулах, санал татах зорилготой цөөнгүй ажил өрнөв. Бэлэг тараасныг энд онцолж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Чингэлтэй дүүргийн сонгогчдодоо 2016-2023 онд хийсэн ажлын тайлангаа тараажээ. Ингэхдээ сүү дайхаа мартсангүй. Мөн тус дүүргээс сонгогдсон гишүүн Ж.Сүхбаатар өөрийнхөө зурагтай аяга тэргүүтнийг тараасан байна. Баянгол дүүргээс сонгогдсон гишүүн Х.Ганхуяг арваннэгдүгээр сарын сүүлээр ахмадуудад бэлгийн “хур” буулгасан м даг. Өөрийнх нь нэрийг дурайтал бичсэн цагаан цаасан тортой бэлгийг нь барьсан ахмадууд “Бичил” хороолол хавиар цөөнгүй харагдаж байв. Түүнчлэн гишүүн Ц.Туваан Дархан-Уул аймагт календарь түгээсэн сурагтай.
Гэхдээ мань эр амиа хичээсэнгүй. Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймаг нэг тойрог болж буй учраас хамт өрсөлдөх багийнхнаа бас танилцуулсан аж. АН-ын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд энэ багт багтаж байна. Тэрбээр жил гаруйн өмнөөс Төв аймагт ажиллах болсон м. Шинэ оны зааг дээр бас нэг хөгжилтэй зүйл тохиолдов. УИХ-ын гишүүн Д.Батлут төрөх эмнэлгийг “онилж”, дөнгөж мэндэлсэн хүүхдэд өөрийнхөө нэртэй модон пайз зүүлгэх “мэргэн” санаа бодож олжээ. Мэдээж шинэ оны бэлэг дагалдуулсан биз. Эцэг, эх нь хорвоод дөнгөж ирсэн хүүхдэдээ алдрыг нь хайрлаж ч амжаагүй байхад нэг УИХ-ын гишүүн өөрийнхөө нэртэй пайз зүүлгэчихсэн нь таатай санагдахгүй л байна. Аливаа сонгуулийн үйл ажиллагаанд бага насны хүүхэд ашиглахгүй байх нь ёс зүйд нийцнэ. Улс төрчид аяга, бидон саван дээр нэрээ бичдэг байснаа бүр болиод дөнгөж төрсөн хүүхдийн гарт пайз уядаг болж “даварчээ”. Хүүхдийг “тамгалаад” байгаа юм уу, учрыг нь ойлгосонгүй. Өөрийнхөө зураг, нэрийг заавал эд мс дээр бичиж дурсгадаг улиг болсон, бүдүүлэг арга барилаа тэд халах цаг болсон.
Гишүүд ийнхүү өөрийгөө сануулж байх зуурт шинэ горилогчид ч бас танилцуулгаа хийжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн иргэд онцлог гэмээр бэлэг хүлээн авсан байна. Энэ тухай нэгэн иргэн нийгмийн сүлжээнд хуваалцсан м. Үүнд нь ариун цэврийн цаас, хэрэглэл, хоёр ч бэлэн гоймон багтжээ. Ахуйн хэрэглээний, гарцаагүй ашиглах зүйлс. Гэхдээ сонгуулийн “бэлэг” гэж бодоход гайхмаар. 2008 оны сонгуульд ИЗНН-аас “зүрхний” хэмээх Б.Болдсайхан эмч нэр дэвшихдээ ариун цэврийн цаасан дээр нэр, зургаа хэвлүүлсэн байж билээ. үнээс бол ялгаатай. Учир нь тус дүүрэгт ирэх сонгуульд нэр дэвшихээр горилж буй “Тнгри” группийн захирал Г.Очирбат үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийхээ дээжээс түгээсэн нь тэр м байна. Тэрбээр нэрийн хуудас, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, бизнесээ танилцуулсан сэтгүүл хавсаргажээ.
Сонгуулийн жил эхлэхээс өмнө энэ мэтээр бэлэг, зургаа тараагаад ч болов зүс, нэрээ тогтоолгох санаачилгыг шинэ горилогчид гаргаж, хуучин улс төрчид нь “Би байгаа шүү” гэдгээ сануулаад амжсан аж.
ЭЛДЭВ АМЛАЛТ ӨГӨХ ХОРИОТОЙ
Шинэ он гарснаас эхлээд сонгогчдын саналыг татах зорилготой бүх үйл ажиллагааг хуулиар хориглосон. Мөнгө, эд зүйл тараах, бараа, үйлчилгээг хөнгөлөлттэй үнээр зарах, үнэгүй үзвэр үзүүлэх, нийтийг хамарсан цайллага, уралдаан, баяр наадам зохион байгуулж болохгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулах, нийтлэх нь хууль бус. Улс төрд хөл тавихаар шийдсэн хүмүүс эрх биш үүнийг мэддэг болсон байгаа. Гэхдээ төдийлөн анзаараагүй байж мэдэх зарим зүйлийг онцлон сануулъя.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлд хууль бус сурталчилгааны талаар тодорхой дурджээ. Ямар нэг амлалт өгөх, гэрээ хэлцэл хийх нь хууль бусад тооцогдоно. Хишиг, хувь, хувьцаа өгөх, ажлын байранд зуучлах, ажилд оруулах амлалт авах, ирээдүйд өөрийн болон бусдын хөрөнгөөр мөнгө, эд бараа өгөхөөр гэрээ байгуулах, хэлцэл хийх нь хууль бус. Элдэв амлалт өгч байж хэрэгт унаж мэднэ гэсэн үг. Хэрсүү сонгогчид ийм амлалтыг баримтжуулж аваад хуулийн байгууллагад гомдол мэдүүлж болох нь. Мөн сонгуульд оролцохгүй байхыг уриалах нь ч хуулиас гадуур болно гэдгийг санах хэрэгтэй.
Бүсчилсэн тойрог шинэ хүмүүст халтай гэж буй ч нам, эвсэл нь стратегиа зөв тодорхойлж, ёс зүйтэй, зөв хүмүүсээ сойж чадвал сурталчилгааны 14 хоногт ч ихийг хийж амжина. Юутай ч санал татах зорилгоор элдэв ил арга хэмжээ явуулах боломж ийнхүү хумигдав. Далд байдлаар энэ бүхэн үргэлжлэхгүй гэх баталгаа бол үгүй. Тараасан аяга, таваг, гурил, будаанд нь болж тухайн хүнийг УИХ-д сонгох учиргүй, албагүй гэдгээ сонгогчид ойлгодог болсон биз ээ. Ёс зүйтэй, хууль бус аливаа хэрэгт нэр холбогдоогүй хүмүүсийг сонгох, буруутнуудад хариуцлага тооцох эрх зөвхөн сонгогчдод л бий.