Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав орлогч нарынхаа хамт хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлтэй өнгөрсөн пүрэв гаригт уулзсан. Энэ үеэр Д.Дорлигжав “Манай улсад сүүлийн жилүүдэд гарч буй шинэ төрлийн гэмт хэрэг олныг, цочроож байна. Тэр дундаа хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж байгаа, зөөвөрлөж буй хэрэг олон удаа гарах боллоо. Дэлхийн хэмжээнд хамгийн ноцтой, аюултай гэмт хэргийн нэгд тооцогдож буй гурван төрлийн хэргийн нэг нь хар тамхи болоод байна.
Хар тамхины наймаачид хууль бус бүлэглэлүүдийн бохир бизнесээ тээвэрлүүлэх хэрэгсэл нь монголчууд болчихоод байгаа юм. Ер нь хууль бус бизнес эрхэлж буй бүлэглэлийнхэн яаж залуу хэрэглэгчтэй болох, хэрхэн энэ бизнесээ хамгаалах, яаж нийлүүлэх вэ гэдгийг байнга судалж байдаг аж. Улмаар тээвэрлэх арга нь нарийсаж байна. Хятадууд тус улсаар дамжин өнгөрч буй манай иргэдийг байнга судалж хөдөлгөөн бүрийг нь хянаж байдаг юм билээ. Тус улсаар дамжин өнгөрч зүүн өмнөд Азийн орнууд руу удаа дараа яваад ирж буй хүмүүсийг онцгойлон судалж саатуулдаг. Тэд хар тамхи зөөвөрлөж байсан нь илэрдэг.
БНХАУ-ын Ерөнхий прокурортой уулзахад “Танай улс хар тамхи зөөвөрлөж буй иргэдийнхээ үйлдлийг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ аваач. Бид танай иргэдийг долоо хоногт 2-3-аар нь цаазлаад баймааргүй байна” гэсэн утгатай зүйл ярьсан. Тэгэхээр манай хэвлэл мэдээллийн байгууллагынхан иргэдээ хар тамхины хууль бус наймаанд оролцохгүй байх, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар ажиллах нь чухал байна.
Манай иргэд хар тамхийг залгиж байгаа нь өмнөд хөршид баригдсан тохиолдлуудаас харагдаж байгаа. Залгисан “бараагаа” таван цагийн дотор туулгаж гаргахгүй бол үхэх аюултай. Үүний нэг хохирогч нь манай улсын иргэн болсон. БНХАУ-ын нэг хотод манай иргэнийг хэрцгийгээр бүрэлгэж, гэдэс дотрыг нь хүүлсэн хэрэг гарсан. Энэ нь залгиулсан хар тамхиа авах гэсэн мансууруулах бодис тээвэрлүүлэгч бүлгүүдийн үйлдэл” гэв.